
Украины ерөнхийлөгч Володимир Зеленский Ням гаригт /2026.03.15/ мэдээлэл хийхдээ "АНУ, Орос, Украины гурван талт хэлэлцээний дараагийн үе шатанд бэлэн. Гагцхүү АНУ, ОХУ хоёрыг хаана, хэзээ гэдэг дээрээ зөвшилцөхийг нь л хүлээж байна" гэжээ.
АНУ гурван талт хэлэлцээг зохион байгуулахаар ажиллаж байсан ч Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс болоод хойшлуулсан билээ. Уг хэлэлцээнд АНУ Стив Виткофф, Жаред Кушнер нарын төлөөлөгчөө илгээхээр төлөвлөсөн бол ОХУ төлөөлөгч илгээхээс татгалзаад буй.
Зеленский хэлэхдээ "Бид америкчуудын хариуг хүлээж байна. Тэд уулзах байршлаа өөрчлөх нь үү, оросууд зөвшөөрөх нь үү. Бид бол ямар ч санаачлагад хаалт тавиагүй. Гурван талт уулзалт болоосой л гэж хүсч байна" гэжээ.
Ойрхи Дорнодод мөргөлдөөн дэгдсэнээр олон улсын анхаарал үндсэндээ Украинаас холдсон. Ираны дайн Украинд зориулагдсан нөөцийг шавхах өндөр эрсдэлтэйг Зеленский анхааруулжээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Францын ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзахдаа Украинд АНУ-ын "Patriot" системийн оронд Европын "SAMP/T" системийг ашиглах боломжтой эсэх талаар ярилцсан байна. Хэрвээ өөр ямар нэг боломжит хувилбар байгаа бол Украин нэн тэргүүнд туршихад бэлэн гэдгийг мөн илэрхийлжээ.
ЭХ СУРВАЛЖ: ABC

Сэтгэгдэл бичих