Монголд Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэрийг нээлээ


3-р сарын 16
15 цаг 27 минут

Хаягдал ус дахин боловсруулах Монголын анхны томоохон үйлдвэрийг нээж, үйл ажиллагааг нь эхлүүлэх ёслол өнөөдөр боллоо. 


Уг үйлдвэрийг Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан Компакт II гэрээ буюу Усны Компактын гурван үндсэн төслийн нэг “Хаягдал ус дахин боловсруулах” төслийн хүрээнд шинэ Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд  бүтээн байгуулсан юм. 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээлтэд үг хэлэхдээ, “Өнөөдөр бид Монгол-Америкийн стратегийн түншлэлийн бэлгэ тэмдэг болсон Усны Компакт гэрээний хоёр том бүтээн байгуулалтын нэг, хаягдал ус дахин боловсруулах Монголын анхны томоохон хэмжээний үйлдвэрийг нээх түүхэн үйл явдлыг гэрчлэхээр хуран цуглаад байна. Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ийнхүү ашиглалтад орсноор Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, урт хугацааны хөгжлийн бодлого болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрүүдэд туссан Усны бодлогын нэгэн томоохон зорилт биеллээ олж, бид хаягдал усаа дахин боловсруулж, эрчим хүчний үйлдвэрлэлд ашигладаг боллоо. Энэ нь Монгол Улсын эрчим хүчний салбарт дахин боловсруулсан ус ашиглах анхны туршлага болоод зогсохгүй, цаашид аж үйлдвэрлэлийн бусад олон салбарт хаягдал усаа эргүүлэн ашигладаг болох, төдий хэмжээгээр гүний усны нөөцөө хэмнэн хамгаалж, ирээдүй хойчдоо үлдээх түүчээг ийнхүү эхлүүлж байна” хэмээн онцоллоо.

 

Харин АНУ-ын Зүүн Ази, Номхон далайн товчоо хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Майкл Жорж Десомбрэ хэлэхдээ, “Энэхүү 462 сая ам.долларын өртөгтэй Усны компакт гэрээ нь Монгол Улсад анх удаа аж үйлдвэрийн зориулалтаар усыг их хэмжээгээр дахин ашиглах боломжийг олгох юм. Төслийн үр өгөөж зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй. Цэвэр болон дахин боловсруулсан усны найдвартай эх үүсвэрийг бүрдүүлснээр дотоодын төдийгүй Америкийн хөрөнгө оруулагчдад ч ирээдүйд Улаанбаатар хотод хөрөнгө оруулж, хамтран ажиллах илүү өргөн боломж, чухал суурь дэд бүтцийг бий болгож байгаа юм. Усны Компакт гэрээний бүхий л үе шатанд бид “Төлөвлөсөн хугацаа, батлагдсан төсөвтөө” гэсэн уриа баримталж, нэмэлт санхүүжилт, хугацаа шаардахгүйгээр гэрээг амжилттай дуусгалаа. Энэ хүртэл олон сорилттой тулгарсан ч Америк, Монголын инженер, мэргэжилтнүүдийн авьяас чадвар, туршлагыг нэгэн зорилгод чиглүүлбэл бид юунд хүрч чадахыг батлан харууллаа” гэв.   

 

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй тус хөтөлбөр АНУ-ын Засгийн газрын 350.0 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.7 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хэрэгжлээ.

 

Улаанбаатар хотын ус хангамжийг жилд 50 сая хүртэл шоо метрээр нэмэгдүүлэх зорилготой. Хөтөлбөр хэрэгжсэнээр ирэх 30 жилийн хугацаанд Улаанбаатар хотын 2.4 сая гаруй иргэнийг унд, ахуйн шаардлага хангасан цэвэр усаар тогтвортой хангах боломж бүрдэнэ. Мөн энэ нь усны салбарт сүүлийн 30 жилд хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт болж байна.

 

“Хаягдал ус дахин боловсруулах” төслийн хүрээнд Монгол Улсад анх удаа Хаягдал ус дахин боловсруулах томоохон үйлдвэрийг, 12 км ус дамжуулах шугам хоолой, ус нөөцлөх сав, өргөлтийн шахуургын станц, холбогдох дэд бүтцийн хамт барьж байгуулсан юм. Тус үйлдвэр нь шинэ Төв цэвэрлэх байгууламжаас өдөрт 50 мянга,  жилдээ 18 сая хүртэл шоо метр усыг авч дахин боловсруулан, Дулааны III, IV цахилгаан станцад техникийн зориулалтаар нийлүүлнэ. Энэхүү үйлдвэрийг Монгол Улсын Засгийн газрын санхүүжилт, монгол инженерүүдийн хөдөлмөр зүтгэл, америк мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр бүтээн байгуулснаараа онцлог юм.

 

Нээлтэд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сангийн сайд бөгөөд Монголын мянган сорилтын сангийн Удирдах зөвлөлийн дарга Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар тэргүүтэй хоёр орны төр, засгийн өндөр дээд түвшний зочид, нийслэл, АНУ-ын Мянганы сорилтын корпорац, Монголын Мянганы сорилтын сан, Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар, бүтээн байгуулалтад оролцсон гүйцэтгэгчид, хамтран ажиллагч байгууллагуудын төлөөлөл, албаны хүмүүс оролцов.

 

Төслийн үр дүнд Улаанбаатар хотын хамгийн том ус хэрэглэгч болох эрчим хүчний салбарт дахин боловсруулсан усны хэрэглээг нэвтрүүлж, усны хязгаарлагдмал нөөцийг үр ашигтайгаар удирдах, цаашлаад хотжилт, хүн амын төвлөрөл зэрэг ирээдүйн олон сорилтыг даван туулах чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. Түүнчлэн Хаягдал усыг дахин боловсруулж ашиглах нь Монгол Улсын хувьд ус хангамжийн цоо шинэ эх үүсвэрийг бий болгож, гүний усыг ирээдүй хойчдоо хадгалж үлдээх боломжийг бүрдүүлэхийн сацуу Туул голын экосистемийг тэтгэх мөнгө дүнгээр үнэлж баршгүй ач холбогдолтой.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хятадын төрийн өмчит компанийн төлөөллүүдэд Хүннү хот болон хог, лаг шатаах үйлдвэрийн төслөө танилцуулжээ1 цаг 16 минутын өмнөН.Номтойбаяр: Н.Учрал УИХ-ын дарга юм уу эсвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн утсан хүүхэлдэй юм уу1 цаг 17 минутын өмнө"МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын даргын ажлаа өгөх хүртэл АН-ын бүлгийн гишүүд чуулганы хуралдаанд оролцохгүй"1 цаг 18 минутын өмнөО.Цогтгэрэл: Ардчилсан Намд Ерөнхийлөгчөөр ажиллах хэмжээний туршлагатай, бүх шаардлага хангасан олон нэр дэвшигч байна1 цаг 19 минутын өмнөЗеленский: Гурван талт хэлэлцээний дараагийн шатанд бэлэн4 цаг 35 минутын өмнөСурагчдад Бөхийн өргөөнд болдог барилдааныг үзүүлж байх шийдэлд хүрчээ6 цаг 35 минутын өмнө"China CAMC Engineering Co" компанитай хамтран ажиллахдаа таатай байх болно гэжээ7 цаг 15 минутын өмнөМонголд Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэрийг нээлээ7 цаг 35 минутын өмнөМонголд Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэрийг нээлээ7 цаг 35 минутын өмнө126 гишүүнээс зургаан гишүүн чуулганы нээлтэд байсангүй3 сар 16. 11:27Их, дээд сургуулиудын хичээлийг есдүгээр сарын 15-наас эхлүүлнэ3 сар 13. 15:38Наадмаар угаасаа хангалттай жуулчид ирдэг. Дэлхийн адууны өдөрт 3₮ тэрбумыг үргүй зарцуулах гэж байна3 сар 13. 15:37
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.