
Прокурорын байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотойгоор шүүхэд шилжүүлсэн хэргүүдээс өнгөрсөн долоо хоногт 17 хүнд холбогдох 8 хэргийг шүүхээр хэлэлцсэн байна. Шүүхээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн хэрэглээ болон бусад зорилгоор хууль бусаар түүж бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гурван хүнд 8 сараас 3 жилийн хугацаагаар оршин суугаа газраасаа гарахгүй байх буюу зорчих эрхийг хязгаарлах ял, таван хүнд 1-2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулжээ.
Мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдаалах зорилгоор олж авсан, бэлтгэсэн, хадгалсан, зарж борлуулсан гэмт хэрэг үйлдсэн дөрвөн хүнд 2-3 жил хоёр сарын хугацаагаар хорих ял, харин уг төрлийн бодисыг удаа дараа зарж борлуулсан, Монгол Улсын хилээр их хэмжээгээр нэвтрүүлсэн таван хүнд 5-5 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулсан байна.
Тухайлбал, иргэн Н.Г, А.А нар нь бүлэглэн, худалдаалах зорилгоор сэтгэцэд нөлөөт бодисыг гадаад улсад оршин суугаа иргэнээр захиалуулж, 2024 оны есдүгээр сарын 5-ны өдөр олон улсын буухиа шуудангийн илгээмжээр дамжуулан Монгол Улсын хилээр их хэмжээгээр нэвтрүүлсэн нь тогтоогдож, шүүхээс таван жилийн хугацаатай хорих ял оногдуулжээ.
Мөн эмч, өвчтөн, хэрэглэгч нар хамтран мансууруулах үйлчилгээтэй тариаг бусдад худалдаалах зорилгоор эмчийн жорыг хууль бусаар бичиж, зохион байгуулалттайгаар орон нутгаас Улаанбаатар хот руу нийлүүлэн бусдад зарж борлуулсан гэх 9 хүнд холбогдох хэргийг шүүхээр хэлэлцсэн байна.
Уг хэрэгт холбогдуулан Ж.Х-д 1 жил, Ц.Т, Т.Б нарт хоёр жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, С.Б, А.У нарт 2 жил 6 сар, Б.Б-д 3 жил 2 сар, С.Б-т 5 жил 2 сар, Д.Т-д 5 жил 3 сарын хугацаатай хорих ял тус тус оногдуулжээ. Мөн гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлого болох 130 сая төгрөгийг А.У, Б.Б, Д.Т нараас гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээсэн нийт 17 хүний 11 нь эрэгтэй, 6 нь эмэгтэй бөгөөд насны ангиллаар авч үзвэл 20-30 насны 8 хүн, 31-40 насны 3 хүн, 41-50 насны 4 хүн, 51-60 насны хоёр хүн байна.
Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгөх, түүнчлэн тэдгээрийн түүхий эдийг хууль бусаар тариалах, ургуулах зэрэг үйлдлийг Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцож, шүүхээс зорчих эрхийг хязгаарлах болон хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай.
Хар тамхи, мансууруулах бодис нь олон нийтийн аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, удмын санд ноцтой хохирол учруулдаг тул энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих