Менингококкийн халдварын улмаас өчигдөр (2026.03.12) Ховд аймагт долоо настай хүүхэд нас баржээ. Тус аймагт хоёр тохиолдол батлагдаад байгаа аж.
Иргэд гол төлөв цахилгаан менингит гэж ярьдаг менингококкт халдвараас сэргийлэх эцэг эхчүүдэд зориулсан зөвлөмжийг хүргэж байна.
Менингококкт халдвар нь хоёр хэлбэрээр халдварладаг.
- Эхнийх нь тархины гадар бүрхүүлийн үрэвслийн шинж, энэхүү халдварын үеэр ухаан санаа балартаж, хүчтэй өвдөх, татах, хэт өндөр халуурах зэрэг шинж илэрдэг.
- Хоёр дахь хэлбэрийн халдвар нь арьсан дээр цусархаг тууралт гарч, хордлогын шокоор хүндэрдэг.
Цахилгаан менингитээр өвчилсөн тохиолдолд хүнд хэлбэрийн үед биеийн байдал цагаар бус минутаар хэмжигддэг хүнд өвчин юм.
Менингококкт халдварын нян нь:
- тасалгааны дулаанд 1-3 цаг орчим,
- нарны гэрэлд 2-8 цаг амьдардаг,
- 36-37 градусын дулаанд үрждэг.
МЕНИНГОКОККИЙН ГОЛ ШИНЖ ТЭМДЭГ:
- Гэнэт өндөр халуурах (39 хэмээс дээш)
- Цочимтгой болох (хурц гэрэл, дуу чимээ зэрэгт)
- Хүүхэд уйлагнах
- Гэдэс нь өвдөх (1-2 удаа шингэн суулгах)
- Толгой өвдөх, хоолонд дургүй болох
- Бөөлжилт нь гэнэт, хоолтой холбоогүй, олон удаа, бөөлжөөд биед сайжрал өгөхгүй
- Хүзүү хөших, ухаан санаа самуурах
- Бүх биеэр тууралт гарна (ихэвчлэн хөл, гуяар гарах ба зарим тууралт нь цусархаг шинжтэй болно).
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ:
- Хамар хоолойн цочмог болон архаг үрэвслийг мэргэжлийн эмчийн зааврын дагуу бүрэн эмчлүүлэх
- Өглөө босоод, орой унтахын өмнө бүлээн ус, сармис, нимбэг, царвангийн уусмалын аль нэгээр хоолойгоо тогтмол зайлах
- Менингококкт халдварын эсрэг вакцинд хамрагдах
- Өрөө тасалгааг агааржуулах, өдөр бүр чийгтэй цэвэрлэгээг хоёроос доошгүй удаа хийх
- Биеийн дархлааг сайжруулах, витаминаар баялаг хоол хүнс хэрэглэх
- Улиралд тохируулан дулаан хувцаслах, хүйтэн сэрүүний улиралд малгай, ороолт, бээлийг заавал өмсөх хэрэгтэй.

Сэтгэгдэл бичих