
Намайг Э.Арьяабазар гэдэг. Би Хөвсгөл далайн эрэгт, Хатгал тосгонд өссөн.
Багадаа би Хатгалын номын сангийн бүх номыг уншиж дуусгасан, их дэврүүн хүсэл мөрөөдөлтэй хүүхэд байлаа. Тоггүй үед лааны гэрэлд ном, сонин захиалж уншдаг байсан тэр үе миний ертөнцийг үзэх үзлийг нээж өгсөн гэж боддог. Тэгээд өөрийнхөө бага насны түүхээр "Далайн эргийн охин" нэртэй хүүхдийн ном гаргасан. Энэ номоо “Хөх сувд-2026” мөсний наадмын зочдод танилцуулаад явж байна. Би номдоо өөрийнхөө хүсэл, мөрөөдөл зорилго хэрхэн биелсэн тухай дэлгэрэнгүй бичсэн.
Миний номыг уншсан хүүхдүүд өөр өөрийнхөө амьдран буй орчныг хайрлаасай, бас "би чадна" гэдэг итгэлийг аваасай гэж хүсэж байна.
Номоо гаргачихаад Хатгалынхаа номын санд аваачиж өгөхөд яг л бага насандаа очсон мэт, тэр лааны гэрэлд ном уншдаг байсан охинтойгоо уулзсан мэт маш гоё мэдрэмж төрсөн. Миний ном одоо тэр номын сангийн тавиур дээр бусад номтой хамт байж, өөр нэгэн бяцхан охины мөрөөдлийг хөглөж байгаа гэж бодохоор үнэхээр сайхан байдаг.
Одоо би Мөрөн хотдоо “Arya сafe”-г үүсгэн ажиллуулж байна. “Зүрх зүсэм” бялуугаар маань Хөвсгөлийнхөн намайг их таньдаг болоод байгаа. Ирэх таван жилд хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагаагаа улам тэлж, тэдэнд илүү олон боломжийг нээж өгөх гүүр нь болохын төлөө ажиллана гэж бодож төлөвлөж байна.
“Arya сafe”-г үүсгэн байгуулагч "Далайн эргийн охин" Э.Аръяабазар

Сэтгэгдэл бичих