Сүхбаатар, 2026 оны гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Үндэсний сэтгүүл зүйн 113 жилийн ой тохиож буй энэ цаг үед ахмад сэтгүүлч, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Т.Доржсүрэнтэй ярилцлаа.
-Танд энэ сайхан тэмдэглэлт өдрийн баярын мэндийг хүргэе. Та Сэлэнгэ аймгийн ХМС-т ажил амьдралынхаа 50 жилийн хөдөлмөрөө зориулжээ. Анх сэтгүүлчийн мэргэжлийг сонгож, “Сүхбаатарын туг” сонинд ажиллаж эхэлсэн үеийн дурсамжаасаа хуваалцвал? Тэр үеийн редакц, сэтгүүлчдийн уур амьсгал ямар байсан бэ?
-“Сүхбаатарын туг” сонин Сэлэнгэ аймгийн намын хороо, АДХГЗ-ны хэвлэл байсан. Тэр үед би МАХН-ын Төв Хорооны сэтгүүлүүдийн нэгдсэн редакцийн Сэлэнгэ аймаг дахь сурвалжлагчаар ажиллаж байлаа. Монголын сэтгүүлчдийн эвлэлийн даргаар зохиолч, түүхч, нийтлэлч Лодонгийн Түдэв гуайн гараас 1986 онд үнэмлэх гардан авч байсан.
Доктор Лигдэн гуайн гарын үсэгтэй үнэмлэх одоо ч надад байдаг. Лигдэн гуай тэр үед МАХН-ын Төв Хорооны сэтгүүлүүдийн нэгдсэн редакцийн ерөнхий эрхлэгч бөгөөд МАХН-ын Төв Хорооны хэлтсийн эрхлэгч байв. “Сүхбаатарын туг” сонинд 1977 оноос бичиж эхэлсэн. 1978 онд утга зохиолын ажилтан сурвалжлагчаар ирж ажиллан, давхар хэвлэх үйлдвэрийн намын үүрийн даргын ажлыг хашдаг байв.
Сонинд маш хариуцлагатай ажилладаг байж дээ. Хариуцлагатай эрхлэгч О.Нямцэрэн гуай, хариуцлагатай нарийн бичгийн дарга Р.Бумдарь нар байв. 1987 оны зунаас Намын дээд сургууль төгсөж ирсэн С.Базарсад хариуцлагатай эрхлэгч болж байлаа. Бид жижүүр редактораар ээлжлэн ажиллаж, сониноо ээлжлэн эрхлэн гаргадаг байсан.
Жижүүр редакторыг эцсийн уншилт хийх өдөр ажиллуулдаггүй, нүдийг нь амраагаад чөлөөтэй байлгадаг байлаа. Тэр хүмүүс гол уншилтыг хийнэ. Эхлээд хянагч уншина, дараа нь жижүүр редактор, тэгээд дараа нь хариуцлагатай нарийн бичгийн дарга, тэгээд эрхлэгч уншдаг. Үүний дараа жижүүр редактор, хариуцлагтай эрхлэгч хоёр гарын үсэг өгснөөр хэвлэлд шилждэг ийм л олон дамжлагатай, хариуцлагатай ажилладаг байлаа. Эв нэгдэлтэй сайхан ажиллаж байсан даа.
-Өнөөдрийн 113 жилийн түүхтэй Монголын сэтгүүл зүйг Та хагас зууны турш дотроос нь харсан хүн. Өмнөх үеийн сэтгүүл зүй, өнөөгийн сэтгүүл зүй хоёрын ялгаа, үнэ цэн юу гэж боддог вэ?
-Мэдээж эрс ондоо болсон. Бидний үед уран сайхны халил ихтэй бичиж, олны зүрх сэтгэлд хүрэх гэж мэрийдэг байсан. Харин одоо шууд мэдээллийн голыг эхэлж хүмүүст хүргэх ёстой гэсэн сургалттай болжээ. Одоогийн сэтгүүлчид материал олох, хүнтэй уулзах, ярилцах бүх талын боломжоор хангагдсан сайхан болж.
Бидний үед үзэг дэвтэрээ аваад дуудлагын машинд дайгдаад сараар, хагас сараар томилолт аваад хэдэн сум дамжаад л явна. Тэр хугацаанд дарга нарын өрөө тасалгаанаас утсаар нь редакцтайгаа холбогдож хаана яваагаа мэдэгдээд л явдаг.
Гэр орон бол очтол таг байгаад л харьдаг байлаа. Бүх ар тал, ажил гээд эхнэрт маань ноогдсон ачаа дэндүү их байлаа.
Амралт, баяр ёслолоор байнга ажилтай, амаргүй байсан шүү. Гэхдээ худлаа юм огт бичдэггүй баримтад тулгуурлаж бичдэг, бичлэгийнхээ хариуцлагыг дааж чаддаг байсан.
-Та сэтгүүлч байхын зэрэгцээ уран бүтээлч хүн. Яруу найраг, дууны үг бичих урам зориг хаанаас төрдөг вэ? Сэтгүүлчийн ажил уран бүтээлд тань хэрхэн нөлөөлсөн бэ?
-Аливаа уран бүтээл амьдралаас л төрдөг. Уран зохиолын бүх төрлөөр бичсэн. Тууж, өгүүллэг, шүлэг, найраглал гээд бүгд л ном болж гарсан. 10 гаруй уран зохиолын ном бичжээ. Сэтгүүлч хүн эрэл хайгуул хийж, шинэ бүхэнтэй эхэлж уулздаг сайхан мэргэжил. Тийм болохоор уран бүтээлд маань тусгалаа олсон гэж боддог. Судлал, түүхийн чиглэлээр 46 ном бичиж хэвлүүлсэн байна. Судлалын маань ихэнх нь Сэлэнгэ судлал байдаг.
-Таны олон сайхан дуу олны хүртээл болсон. Тухайлбал “Хүлээлээ”, “Гүнжийн нуур” зэрэг дуу ард түмний сэтгэлд хоногшсон. Эдгээр бүтээл төрөх түүх, дурсамжаас хуваалцвал?
-Хамгийн хайртай дуу маань “Гүнжийн нуур”. 33 жил дуулагдаж байна. “Өргөн Сэлэнгэ-93” зохиолын дууны улсын уралдаанд 67 дуу ирж уралдахад шагналт 4-р байр эзэлж төрсөн дуу. Сэлэнгэ аймагтаа дуулагдаад мартагдсан хэдэн арван дуу бий. Нэлээд бичлэг нь хуурцагт бичигдэн үлдсэн байгаа.
“Гүнжийн нуур” дуу хүү, ээж хоёртоо зориулсан дуу. Хоёр эрдэнээ дөнгөж алдаад жил ч болоогүй байсан цаг. Санаж бичсэн шүлэг минь.
-Ардын жүжигчин С.Жавхлан таны “Хүлээлээ” дууг дуулж олны хүртээл болгосон. Уран бүтээлчидтэй хамтарч ажилласан хамгийн мартагдашгүй мөч тань юу вэ?
-Энэ дууны хөгжмийн зохиолч, дуучин хоёртойгоо одоо ч уулзаагүй яваа. СУИС-ийн төгсөх курсын охин надаас шүлэг өгөхийг хүссэн. Дуу болгоод диплом хамгаалах гэсэн юм гээд аваад явсан юм. Нэг л мэдэхэд хит дуу болсон байсан. Сүүлд хүүхдүүд мэдээд надад хэлсэн.
Миний шүлэг мөн байсан. Бодвол нөгөө охин энэ дууг бүтээж дуучин болсон байхаа. Нэрийг нь ч мартжээ.
-Сэтгүүлчийн ажлын он жилүүдэд таны санаанд хамгийн тод үлдсэн сурвалжилга, нийтлэл, эсвэл уулзсан хүмүүсийн түүх аль нь вэ?
-Маш олон сурвалжлага, нийтлэл, хөрөг, найруулал бичсэн. Манай Номгон САА-н “Ширээ нуруу” дээр бяруу бордох цогцолбор байгуулсан юм. Нэг өвөл би очиж 7 хоног тэнд ажилласан. Нөгөө бордуулсан бяруунууд үхээд бараг дууссан байв. Тэгээд эргэж ирээд “Бордсон үхэл” гэдэг шог найруулал сонинд тавиад аймгийн АДХГЗ, намын хорооны товчоогоор бөөн асуудал дэгдэж, шалгаад нөгөө цогцолборын эмч нарыг ажлаас нь халж, цогцолборыг татан буулгаж байсан. Нийтлэлд тийм ач холбогдол өгдөг байсан.
Бас Алтанбулагийн сүүний ферм дээр 1 хонон сурвалжлаад “Сүүнд шингэсэн сүүдэр” гэж найруулал бичээд бас ажил болж, дараа нь ажил нь сайжирч байсан түүх бий. Хөдөлмөрийн баатар С.Гончигбол, Т.Тэрбиш, н.Дагвадорж, хөдөлмөрийн баатар үхэрчин н.Дагва гээд алдартнуудай уулзаж ярилцсан үеүүд сэтгэлд тод үлджээ.
Газар тариалангийн бүх баатруудтай уулзаж ярилцаад, зохиолч нөхөр, агсан Ж.Лхагвасүрэнтэйгээ хамтраад 1988 онд “Газар эхийн баатрууд” номыг бичиж үлдээсэн.
-Сэлэнгэ аймаг бол түүх, соёл, байгалийн баялагтай нутаг. Энэ нутгийн уур амьсгал, хүмүүсийн зан чанар таны уран бүтээлд хэрхэн шингэсэн гэж боддог вэ?
-Сэлэнгэ бол олон ястан, үндэсний нутаг. Тийм болохоор нутгархана гэж хэзээ ч байдаггүй. Сэлэнгийн түүх соёлын дурсгалт бүх газраар аялж зургийг нь авч, байршлыг нь тогтоосон. Энд Д.Бадарч ахтайгаа хамт явж байлаа. Түүн дээрээ түшиглэн “Сэлэнгэ аймгийн аялал жуулчлалын хөтөч ном” гэдэг ном бүтээж үлдээсэн.
-Өнөөдөр шинэ үеийн сэтгүүлчид цахим орчинд ажиллаж байна. Ахмад сэтгүүлчийн хувьд залуу сэтгүүлчдэд хэлэх захиас юу вэ?
-Үнэн юмыг бич. Баримтаа зөв сонго. Сайн нягтал. Сэтгэл хөдлөлөөр юм бичиж болохгүй. Үг бүрийн ард хүний хувь заяа, нэр төр байдаг гэж хэлмээр байна.
-Та яруу найрагч, сэтгүүлчийн хувьд амьдралынхаа ихэнх хугацааг үгээр бүтээл туурвиж өнгөрүүлжээ. Таны бодлоор үг хүний амьдралд ямар хүчтэй зүйл вэ?
-Үгнээс хүчтэй зэвсэг үгүй. Миний “Үүлэн борлог” туужийг Увс аймгийн нэг хүн олж авч яваад айл хотлоороо дамжуулж уншаад уйлж суусан гэж надад шавь Д.Цэвээнгэрэл маань хэлж байсан. Монголчууд адуундаа тийм хайртайг би тэгэхэд мэдэрсэн дээ. Үг ийм л хүчтэй.
-Үндэсний сэтгүүл зүйн 113 жилийн ойг тохиолдуулан та сэтгүүл зүйн салбарын хамт олондоо ямар мэндчилгээ, ерөөл дэвшүүлэх вэ?
-Монголынхоо нийт сэтгүүлчдэд баярын мэнд дэвшүүлье. Монголын сэтгүүл зүйд сэтгүүлчийн ёс зүй гэдэг том зүйлийг оруулж дүрмэндээ тусгах ёстой гэж 1990 оноос хойш үгээ хэлж байсан хүний нэг нь би. Одоо тэр биелэлээ олсонд баярлаж явдаг. Ёс зүй бол сэтгүүлчийн зүрхний бурхан шившлэг нь байх ёстой.
-Ярилцсанд баярлалаа.

Сэтгэгдэл бичих