Японы нэг амьтны хүрээлэнгийн макака сармагчны Панч нэртэй монш дэлхий даяар алдаршаад байгаа билээ.
Эхдээ гологдож, бусад сармагчнуудад ад үзэгдсэн долоон сартай моншид хань болгох зорилгоор амьтны хүрээлэнгийн ажилчид Икеа тавилгын дэлгүүрт зарагддаг орангутанг мичний чихмэл тоглоом өгсөн юм.
Гэтэл монш болон чихмэл тоглоомын хооронд үүссэн сэтгэл хөдөлгөм дотно харилцаа интернэтийн ертөнцийг байлдан дагуулах болсон байна.
Үүнтэй холбоотойгоор Шведийн тавилгын дэлгүүрийн сүлжээ Икеа бас нэг өндөр эрэлттэй бүтээгдэхүүнтэй болжээ.
Орангутангийн чихмэл тоглоом нь тус компанийн гоёл чимэглэлийн “Djungelskog” (ширэнгэн ой) цуглуулгын нэг хэсэг бөгөөд нэг бүр нь $19.99 үнээр зарагддаг.
Мягмар гарагийн байдлаар АНУ даяар байрладаг Икеагийн 54 дэлгүүрийн таваас бусдад нь уг тоглоомын нөөц дууссан байжээ.
Үлдсэн тавд нь хоёроос илүүгүй тооны нөөц үлдсэн байна.
Японы бүх 12 салбар дэлгүүрийн нэгээс бусдад нь энэ тоглоомын нөөц бас дуусжээ. Их Британийн бараг бүх салбар дэлгүүрийн нөөц шавхагдсан байна.
eBay онлайн дэлгүүрт хүмүүс орангутангийн чихмэл тоглоомоо зах зээлийн үнээс өндөр үнээр зарах болжээ.

“Бид энэ тоглоомыг аль болох хурдан худалдаанд гаргахаар шаргуу ажиллаж байна. Манай сайн борлуулалттай бүтээгдэхүүнүүдийн нэг байсаар ирсэн энэхүү тоглоом Японд болсон үйл явдалтай холбоотойгоор эрэлт нь улам нэмэгдсэн” гэж Икеа дэлгүүрийн сүлжээг хариуцдаг Ingka Group-ийн гадаад худалдааны менежэр Хавьер Кинонес хэвлэлд ярьсан байна.
Ikea компани бас Панч моншийн нэр нөлөөг маркетингийн үйл ажиллагаандаа ашиглаж эхэлжээ.
Саяхан тус компани сошиал хуудсандаа орангутангийн чихмэлийн зургийг “Заримдаа замд тааралдсан нэгэн бидний гэр бүлийн хэсэг болох тохиолдол бий” гэсэн тайлбартай нийтэлсэн байна.
Даваа гарагт Малайзын Ikea дэлгүүрийн салбар чихмэл тоглоомын орлогын зарим хэсгийг тус улсын орангутанг мичийг хамгаалах санд хандивлахаар болсныг зарлажээ.
Токио хотын төвөөс галт тэргээр 15 минут явж хүрэх зайд байрладаг Ичикава хотын жижиг амьтны хүрээлэн бас хүмүүсийн хөлд дарагдах болсон байна.
Сармагчнууд амьдардаг хэсгийг үзэх гэсэн хүмүүсийн урт дараалал өдөр бүр үүсэх болсонтой холбоотойгоор хүрээлэнгийн захиргаа энэ хэсгийн нэгдүгээр эгнээний үзэх хугацааг 10 минутаар хязгаарлаж, сармагчнуудын тав тухыг алдагдуулахгүйн тулд сэлфи саваа ашиглахыг хоригложээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд тус хүрээлэнд 9,600 орчим хүн зочилсон бол хоёрдугаар сарын нийт зочны тоо 47,000 орчим болсон нь өмнөх оны мөн үеэс хоёр дахин өндөр үзүүлэлт болсон байна.
Панч монш сүүлийн үед сүрэгтээ аажмаар дасаж, бусад сармагчнуудаар халамжлуулах болсонтой холбоотойгоор чихмэл тоглоомтой өнгөрүүлэх цаг нь багасаж байгааг хүрээлэнгийн захиргаа мэдээлжээ.
Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл бичих