
Ойрхи Дорнодын нөхцөл байдлын талаар сүүлийн 24 цагийн хугацаанд гарсан мэдээллүүдээс түүвэрлэн хүргэж байна.
Израиль улс Иранд шинэ дайралт эхлүүлснээ мэдэгдэж, Мягмар гаригт /2026.03.03/ нийслэл Тегераны захад орших цөмийн байгууламжид цохилт өгчээ. "Минзадей" гэх тус нууц байгууламжид Ираны эрдэмтэд атомын зэвсгийн гол бүрэлдэхүүн хэсгийг нууцаар боловсруулж байсан гэв. Израилийн хүчин тагнуулын мэдээлэл ашиглан тус байршлын үйл ажиллагааг хянаж, Ираны дэглэмийн цөмийн зэвсэг боловсруулах чадварын гол бүрэлдэхүүн хэсгийг устгасан гэж мэдэгджээ.
Түүнчлэн Ираны нисгэгчгүй онгоц Дубай дахь АНУ-ын консулын газрын ойролцоо унаж, гал гарсан байна. Дубайн албаныхны мэдээлснээр, хэн ч бэртэж гэмтээгүй бөгөөд галыг бүрэн унтраажээ. Дайн эхэлснээс хойш Арабын нэгдсэн Эмират улс 1000 гаруй удаа халдлагад өртсөн нь бусад зорилтот орнуудын нийт тооноос давсан үзүүлэлт гэж тус улсын Гадаад хэргийн яам мэдэгдэв.
Мөн Арабын нэгдсэн Эмират улс энэ дайны оролцогч тал биш, Ираны эсрэг ямар нэгэн дайралтад өөрийн нутаг дэвсгэр, усан болон агаарын орон зайг ашиглахыг зөвшөөрөхгүй гэж мэдэгдлээ.
Бямба гаригт /2026.02.28/ дайн эхэлснээс хойш Иранд 1097 энгийн иргэн амиа алдсан бөгөөд үүнээс 181 нь 10-аас доош насны хүүхдүүд байсан гэж "HRANA" агентлаг мэдээллээ. Харин гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо 5402 хүрсэн байна. Түүнчлэн мөн хугацаанд Ираны 300 орчим пуужин харвагч төхөөрөмж идэвхгүй болжээ.
Катарын аюулгүй байдлын хүчин өнөө өглөө Исламын хувьсгалт гвардын корпуст харьяалагддаг хоёр бүлэглэлийн гишүүдийг баривчилсан байна. Нийт долоон сэжигтнийг улсын амин чухал болон цэргийн дэд бүтцийн талаарх тагнуулын даалгавар биелүүлэх үүрэг хүлээсэн гэж үзэж байна. Мөн өөр гурван сэжигтэн нь нисгэгчгүй онгоц ашиглах сургалтад хамрагдсан байжээ. Мөрдөн байцаалтын явцад сэжигтнүүд Ираны Исламын хувьсгалт гвардын корпустай холбоотой гэдгээ хүлээн зөвшөөрч, тагнуул, хорлон сүйтгэх ажиллагаа явуулах үүрэг хүлээсэн гэж мэдэгдсэн байна.
Саудын Араб дахь АНУ-ын Элчин сайдын яамны Төв тагнуулын газрын байр Даваа гаригт дроны цохилтод өртсөн билээ. Тэгвэл Саудын Араб улс аюулгүй байдлаа хамгаалах, оршин суугчдаа хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авна гэж мэдэгджээ.
Үүний зэрэгцээ Израилийн арми Ливан дахь Хезболлагийн байнуудыг онилсоор байна. Ойролцоогоор 60 орчим байд цохилт өгсөн гэж өнөө өглөөний байдлаар Израилийн Батлан хамгаалах хүчин мэдэгджээ. Үүнд, зэвсгийн агуулах, командлалын төв, пуужин харвагч дэд бүтэц болон бусад террорист дэд бүтэц багтсан байна.
Хезболла ч бас хариу цохилтуудыг өгсөөр байгаа бөгөөд сүүлийн байдлаар Израилийн хойд хэсгийн Хайфа тэнгисийн цэргийн баазыг онилжээ.
Дашрамд дурдахад, АНУ-ын Сенат Дайны эрх мэдлийн тухай хуулийн санал хураалтыг өнөөдөр орон нутгийн цагаар 16:00 цагт явуулахаар товлосон байна. Энэ нь Монголын цагаар маргааш өглөө 05:00 цагт болох аж. Уг санал хураалтаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп үнэхээр цэргийн ажиллагаа эхлүүлэх эрх мэдэлтэй эсэхийг тодорхой болгоно.
Трампын засаг захиргааны дайны төлөвлөгөөтэй холбоотойгоор Капитол хилл хууль тогтоогчид болон сэтгүүлчдийн хөл үймээнд дарагдаад байна. Хууль тогтоогчдын зарим нь Трампыг Конгрессоос зөвшөөрөл аваагүй гэж буруутгаж байгаа бол зарим нь Иранд цохилт өгсөн явдлыг сайшааж буй. Тухайлбал, дайныг хамгийн тууштай дэмжигчдийн нэг сенатч Линдсей Грам "Тэд унах эсэх нь бус хэзээ унах вэ гэдэг нь л чухал" гэж хэлжээ. Харин Ардчилсан намын сенатор Ричард Блюментал "Трампын засаг захиргааны тэргүүлэх чиглэлд эргэлзсэн хэвээр л байна" гэсэн юм.
Тэгвэл Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеиг ариун Машхад хотод оршуулах болжээ. Гэхдээ түүний оршуулгын огноог хараахан зарлаагүй байна. Оршуулгаас өмнө нийслэл Тегеранд түүнийг эцсийн замд нь үдэх томоохон хэмжээний ёслолын арга хэмжээ болох аж.
ЭХ СУРВАЛЖ: BBC, DW

Сэтгэгдэл бичих