Ерөнхийлөгчийн парламентыг “атгах” төсөл


3-р сарын 4
12 цаг 12 минут

Монгол Улсын Үндсэн хуулиар Ерөнхийлөгчийн эрх хязгаарлагдана. Ерөнхийлөгч тэр хязгаарыг давсан тохиолдолд Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг үндэслэн, УИХ-аар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхын саналаар огцруулах хатуу заалттай. Ерөнхийлөгчийн давах ёсгүй хязгаар гэдэгт өргөсөн тангаргаасаа няцах, Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн зөрчил зэргийг тодорхойлон хуульчилсан байдаг.

Тэгвэл хэдхэн хоногийн өмнө /2026.02.27/-т Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн даргын хамт хүрээнээсээ хальсан үйлдэл гаргаж буйгаа зарласан. Үндсэн хуулиар олгогдсон хууль санаачлах эрхээ хэтрүүлэн, өөрт ногдсон хүрээг зөрчиж, хязгаарыг давав. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга, Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлтийн ажлын хэсгийн гишүүн, хууль зүйн ухааны доктор А.Бямбажаргал үүнийг уншиж, танилцуулсан нь бүр хачирхалтай, алдаа гэмээр…

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, түүний хамт УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг санаачлан, УИХ-ын дарга Н.Учралд өргөн мэдүүлнэ гэдгээ мэдэгдэв. Энэ нь өөрийгөө парламентын дээд танхим хэмээн тодорхойлдог Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Үндсэн хуульд халдсанд тооцох үр дагавартай юм.

Учир нь Үндсэн хуулийн 26.1-т зааснаар Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрх, хязгаарыг хуулиар тогтоохоор заасан. Үндсэн хуулийн энэхүү заалтыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг 2019 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхад, одоогийн Ерөнхий сайд Г.Занданшатарын даргалсан парламент батлан хэрэгжүүлж эхэлсэн. Улмаар Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлд дурдсанчлан Ерөнхийлөгчид парламентын үйл ажиллагаатай холбоотой хууль санаачлах эрх олгоогүй. Энэ заалтаар Ерөнхийлөгчийн парламентын бүрэн эрхэд халдах аюулыг хязгаарлан,  хязгаар тогтоож өгсөн. Дээр нь УИХ-ын тухай хуулийн  36.1.1-т “УИХ-ын үйл ажиллагаа, хуралдааны дэгтэй холбоотой хууль тогтоомжийн төслийг зөвхөн УИХ-ын гишүүн санаачлах ба бусад хуулийн төслийг өргөн мэдүүлэх, УИХ-аар хэлэлцэх, батлахдаа дагалдах хэлбэрээр УИХ-ын үйл ажиллагаа, хуралдааны дэгтэй холбоотой хууль тогтоомжийг өөрчлөхийг хориглоно” гэж заасныг судлаачид сануулсаар байгаа юм.  

Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хуулийн заалтууд болон УИХ-ын тухай  хуулийг зөрчсөн ноцтой үйлдлээ албан ёсоор баталгаажуулан, санаачилсан хуулийн төслөө өргөн мэдүүлээгүй байгаа. Гэвч энэ нь парламентын ардчилал, Монгол Улсын засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх, ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчим, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглох Үндсэн хуулийн зарчмуудыг зөрчинө. Хэдийгээр Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл гэмт хэрэг үйлдсэн, ёс зүйн зөрчил гаргасан, өргөсөн тангарагаасаа няцсан УИХ-ын гишүүнд хуулийн хариуцлага хүлээлгэх гэх заалттай ч Ерөнхийлөгч тангарагаасаа няцан, Үндсэн хууль зөрчиж, ард түмний бүрэн эрхэт төлөөллийг үгүйсгэх ёсгүй. Монгол Улсад Ерөнхийлөгч бус гагцхүү шүүх л шүүх эрх мэдэл эдэлдэг.

Ерөнхийлөгч Үндсэн хуулийн зөрчил үүсгэх эдгээр үндэслэлээр УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах хуулийн төслөө өөрсдөөр нь буюу УИХ-ын нэр бүхий гишүүдийн нэрээр өргөн мэдүүлэн, ирэх хаврын чуулганаар яаралтай хэлэлцүүлэх магадлалтай.


Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотойгоор судлаач С.Номынбаясгалангийн тайлбарыг хүргэж байна.  

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулж байгаа Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхээс үл хамааран ийм хуулийн төсөл санаачлах эрх Ерөнхийлөгчид 2019 оны Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр олгогдоогүй. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуульд (2019) оруулсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдэлнэ”[1] гэснийг “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно” гэж, мөн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн хуулиар олгож болно” гэснийг “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” гэж тус тус өөрчлөн найруулсан.[2] Ийнхүү Үндсэн хуулийн дээрхи нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхэд тодорхой хүрээ, хязгаарыг бий болгосон төдийгүй энэхүү эрхийг Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлд дурдсан Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрхийн асуудлаар хязгаарласан Үндсэн хуулийн шаардлага тогтоосон. Энэ Үндсэн хуулиар тусгайлан тогтоосон шаардлагыг одоо хүчин төгөлдөр үйлчилж буй (2024) Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт Ерөнхийлөгч хууль санаачлахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсгийг баримтална[3] гэж тодотгож өгсөн. Мөн түүнчлэн өмнө нь үйлчилж байсан (2020) Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч энэ хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3-т зааснаас бусад асуудлаар хууль санаачилна. Ерөнхийлөгч хууль санаачлахдаа Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсгийг баримтална[4] гэж мөн адил зохицуулж байсан болно.

Үндсэн хуулиар өөрт олгогдоогүй тодорхой бүрэн эрхийн асуудлаар Ерөнхийлөгч хуулийн төсөл санаачлан боловсруулж байгаа үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох (Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг болон Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэг) зохицуулалтын үзэл санаа, гол агуулга, суурь зарчимд нийцэхгүй төдийгүй төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох хууль дээдлэх зарчмыг, нэн ялангуяа хууль дээдлэх зарчмын суурь болох Үндсэн хуулийг дээдлэх зарчмыг зөрчиж байна.


Эцэст нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэхдээ Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага УИХ, бүх эрх мэдлийг эдлэгч ард түмний өмнө Үндсэн хуулийн уг эх дээр баруун гараа тавьж, өргөсөн тангарагийг эргэн сануулъя. Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн тангарагийг "Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая" хэмээн тунхагласан байдаг. Ерөнхийлөгч өргөсөн тангарагаасаа няцвал, огцрох хуультайг дахин сануулъя.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монголд өвлийн спорт хэзээ хөгжих вэ?1 цаг 21 минутын өмнөЯамны 7 албан хаагч тутмын 1 нь даргын алба хашиж байна1 цаг 23 минутын өмнөЗасгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд1 цаг 24 минутын өмнө"Зорилтот өрхүүдэд дэмжлэг үзүүлснээр асрамжийн төвд ирэх хүүхдийн тоо буурах боломжтой"1 цаг 25 минутын өмнөХаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх зөвлөмж1 цаг 26 минутын өмнөЭнэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь1 цаг 26 минутын өмнөПанч моншийн фэнүүд IKEA дэлгүүрийн сүлжээний чихмэл тоглоомын нөөцийг дуусгажээ1 цаг 27 минутын өмнөИраны цөмийн нууц байгууламжид цохилт өгчээ1 цаг 28 минутын өмнөЕрөнхийлөгчийн парламентыг “атгах” төсөл1 цаг 28 минутын өмнө"Энэ онд 780 тэрбум төгрөгийн төсөвтэй Туулын хурдны зам төслийн талбайд 70 инженер ажиллаж байна" гэлээ1 цаг 29 минутын өмнөМонголын циркчид Мөнгөн цом хүртжээ3 сар 3. 14:52Жин хасах эмүүд зүрхний шигдээс болсны дараах аюулаас сэргийлж магадгүй3 сар 3. 14:50
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.