
Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барих гэж буй Улсын Их Хурал(УИХ)-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл дэмжинэ гэдгээ өнөөдөр илэрхийллээ.
АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Ганбат "Өнөөгийн УИХ-д гэм буруутай болох нь гурван шатны шүүхээр тогтоогдсон хүн нийгмийн шударга ёс, ёс зүй яриад сууж байна. "Нүүрсний хулгай", "Хөгжлийн банкны хулгай", "ногоон автобус" гээд энэ бүгдэд оролцсон гэх 20-оод гишүүн эрүүгийн хэрэгт татагдсан. Сонгуулийн хууль зөрчөөд гадаадын хуулийн этгээдээс хандив авсан гишүүн УИХ-д сууж байна. Тэр байтугай Үндсэн Хуулийн Цэц(ҮХЦ) тогтоогоод Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн хүн хүртэл УИХ-д бий.
Төрийн дотоод нэр хүнд ямар байгааг та бүгд мэдэж байгаа байх.
Гадаад нэр хүндийн тухайд Авлигын индексийн чухал шалгуурт төрийн нэр хүнд, хууль шүүхийн өмнө тэгш байх, ардчилал, улс төрийн манлайлал ч холбогддог. Иймд энэ хууль батлагдсанаар нийгэмд томоохон эерэг үр дүн авчирна" гэлээ.
Тус зөвлөлөөс уг хуулийн төсөл батлагдсанаар
- хууль шүүхийн өмнө эрх тэгш байх
- сонгогдсон этгээдийн хариуцлагын тогтолцоо бий болно
- сонгуулийн соёл төлөвшинө
- төрийн дотоод нэр хүнд сэргэж, гадаад нэр хүнд өснө гэж үзжээ.
АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн Г.Баасан "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах, гаргасан алдаанд нь хариуцлага тооцох санаачилга гарч байгааг бид дэмжиж байна. Үүнийг бохир ашиг сонирхолд ашиглуулахгүйн тулд бүгд анхаарах ёстой. Манай олон нийтийн зөвлөл энэ хуулийг хэлэлцэхээс нь эхлээд дуустал анхаарлаа хандуулна.
УИХ-ын гишүүнд хууль эрхзүйн, эдийн засгийн, ард түмний хайр халамжийн орчин багадаагүй. Харин улс орныхоо өмнө өргөсөн тангарагтаа хариуцлага тооцох механизм сул байснаас Монгол Улс ийм байдалд хүрсэн. Энэ хууль батлагдах нь зүйтэй. Гэхдээ явцуу эрх ашиг ашиглуулахгүй байхад анхаарна" гэв.

Сэтгэгдэл бичих