
Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны ээлжит чуулган энэ сарын 12-ны Пүрэв гарагт болно. Үүнтэй холбогдуулан тус хорооны Удирдах зөвлөлд нэр дэвшигчдийн хүсэлтийг хүлээн авснаа өчигдөр зарлав.
МҮОХ-ны тэргүүнээр Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны гишүүн Б.Баттүшиг дахин сонгогдохоор ганцаараа нэр дэвшиж буй бол дэд ерөнхийлөгчид зургаа, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнд 19 хүн өрсөлдөхөөр хүсэлтээ өгсөн байна.
Тухайлбал Монгол Ардын Намын ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын чөлөөт бөхийн холбооны тэргүүн Я.Содбаатар дэд ерөнхийлөгчид нэр дэвшжээ. Я.Содбаатар нь чөлөөт бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр 2022 онд сонгогдсон ч удалгүй тэргүүний албыг хаших болсон юм. Тэрбээр 2024 онд улиран сонгогджээ.
Мөн Гүйцэтгэх зөвлөлд Улсын Их Хурал (УИХ)-ын хоёр гишүүн нэрээ дэвшүүлсэн нь Соёлын сайд асан Ч.Номин, А.Ганбаатар нар.
Монголын хөлбөмбөгийн холбооны тэргүүнээр ажиллаж байсан А.Ганбаатар нь өдгөө тус холбооны зөвлөлийн гишүүний албатай бол Ч.Номин нь Монголын Каное, Каяакын Спорт Холбооны Ерөнхийлөгчөөр ажилладаг аж.
Түүнчлэн УИХ-ын гишүүн асан Н.Амарзаяа, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ)-ын дарга асан Ц.Сандуй, УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү, Монгол Банкны Төлбөр тооцооны газрын дарга М.Анар нар Гүйцэтгэх зөвлөлд нэр дэвшиж байна.
Н.Амарзаяагийн хувьд өнгөрсөн жилээс Монголын Волейболын Холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон бол өдгөө Нийслэл Улаанбаатар хотоос Японы Токио хотод суугаа төлөөлөгчөөр ажиллаж байгаа Ц.Сандуй Монголын Триатлоны Холбооны тэргүүн, сар шинийн босгон дээр Монгол Улсын манлай уяач болсон М.Анар Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны дэд ерөнхийлөгчөөр ажилладаг юм.

Сэтгэгдэл бичих