ХҮНДЭТГЭЛИЙН ХОРИГ


9-р сарын 17
10 цаг 37 минут

Ойрдоо шар үс босмоор хилэнц нүгэлтэй гэмт хэргүүд сонсогдоод бидний нийгэм дээр дооргүй ёс зүйн сүйрэлд живж дээ,,, гэх харуусал санаашралтай зэрэгцэн түүхч Ё.Отгонбаярын "Гээгдсэн түүх" подкастын ээлжит дугаар “1937 оны аймшигт хэлмэгдүүлэлт”-ийг сонсох зуурт нэгэн дурсамж сэдэрч сэтгэл хайраад, өнөөдөр тэнгэр бүүдгэрийг ч хэлэх үү, сэрүүн өрөөнд /халаалт ирэхэд 2 хоног,,,/ халуун цай оочоод ч сэтгэл нэг л бүлээсэхгүй,,, ер нь тэр дурсамжийг хадгалж байхаар бичдэг хэрэг ээ,,,гэснээс цаашлаад , 

Нэг

Миний насан залуугийн найз Гарамхандын Мөнхцэцэг гэх авьяаслаг зураач, буриад бүсгүй бий. 2018 онд найз маань утас цохиод уулзах учир байгаагаа хэллээ. Би ч яваад очив.

Монгол Улсын Их хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын дарга Я.Санжмятавт хандан нэгэн өргөдөл ээж маань бичсэн юмаа. Чи минь төрийн бичиг цаасанд ойр байдаг хүн байна, энэ өргөдлийг уншаад найруулгыг хянаад албан маягт оруулаад өгнө үү хэмээн хүсээд 80 гарсан ээжийнхээ бичсэн гар нооргийг надад өглөө. Ийм л үед найздаа жаахан ч гэсэн дэм болохгүй бол найз байхын утга юу байхав? гэж хормын өдийд бодоод хүсэлтийг шууд хүлээн авч ажил дээрээ очиж тухтай уншив.

Дөрвөлжин шугамтай дэвтрийн цаасан дээр тэнцвэртэй жигд мөрөөр гаргацтай, иржийтэл, нямбай бичсэн өргөдөл байлаа. Уншиж эхлээд л нүд усантаж, сэтгэл шимширч, зүрхээ базчихмаар, 

Гаслант үйлийг үл өгүүлэн Ц.Гарамханд буурайгийн өргөдлийн хэсгээс орууллаа.

/,,, Жамъян овогтой Цэрэндоржийн охин Гарамханд миний бие одоо 85 настай

1938 онд миний өвөө Жамъяанг /83 настай/ түүний хүү буюу миний аав Цэрэндоржийн /39-40 настай/ хамт, мөн миний нагац аав, нагац ах нарын 6 хүнийг баривчилжээ. Эдгээр 6 хүнээс ганцхан Дандарын Санга 15 жилийн ял авч ялаа дуусган амьд үлдсэн.

Бусад 5 хүнийг Хэнтий аймагт бүтэн сар тамлаж байгаад “Дулаан энгэр” хэмээх газарт өөрсдөөр нь нүх ухуулан амсар дээр нь эгнүүлэн хэвтүүлж, сумаа гамнаж байна гэх нэрийдлээр, том машинаар нэвт дайруулан амьд үлдсэнийг нь буудан хороож, ухсан нүхэнд нь булан орхисон тухай сүүлд хүнээс сонсож, ээж болон эмэг эхүүд маань уйлан хайлан ярьж элэг эмтрэн эмгэнэн гашуудаж суудагсан.

  1. Жамбын Жамъян /өвөө, 83 настай/
  2. Жамъянгийн Цэрэндорж /аав, 40 настай/
  3. Доржийн Жав /нагац аав, 65 настай/
  4. Доржийн Жигмэд /нагац аавын дүү 56 настай/
  5. Цэрэнпилийн Дандар /60 гаруй настай/
  6. Дандарын Санга /15 настай/

/Их хядлагын хохирогч Цэрэндоржийн Гарамханд эмээгийн өргөдлийг хавсаргав/ 

Ц.Гарамханд буурайгийн хичээнгүйлэн бичсэн өргөдлийг тэдний хүсэлтээр найруулан албан маягт оруулаад төгсгөлд нь: 

МИНИЙ МОНГОЛ

ЦЭЦЭГИЙН ТОЛГОЙ ТАСДДАГГҮЙ ҮРТЭЙ БАЙГААСАЙ

ЦЭЦДИЙН ТОЛГОЙ АВДАГГҮЙ ТӨРТЭЙ БАЙХ БОЛТУГАЙ

хэмээх яруу найрагчийн шүлгийн мөрийг төгсгөлд нь нэмж бичээд ширхэртэл урсах нулимсаа шувтраад өвлийн хүйтэн шөнө, авардаг ч, алдаг ч төрийн ордныхоо хаалгыг зөөлөн хааж их эзэн Чингис хааныхаа хөшөөнд сүслэхдээ дээрх мөрүүдийг дахин дахин шивнэж “Төрийн минь сүлд өршөөх болтугай” хэмээн залбирч Ц.Гарамханд эмээгээ зорьж билээ.

Тэр үед “Ирээдүй анирдахын бадаг”-ийн эзэн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт яруу найрагч Цоодолын Хулан миний суух албан өрөөнөөс хоёрхон хаалганы цаана хөршилж Ерөнхийлөгчийн шашин соёлын бодлогын зөвлөхийн албыг хашиж байлаа. Шүлгийнх нь мөрүүдээр Ц.Гарамханд эмээгийн өргөдлийг хаагаад

Цоолбор шаргал үүлс намрын тэнгэр барлана

Цогтын цагаан балгас дээр хаврын бороо цайрна

Цохлоод ирдэг үйлийн үр ирээдүйн тухай бодол

Цоолдоод миний энгэрийг, нулимс шиг хавж унана ,,,, гэх мөрүүдийг нулимстайгаа залгисаар найз Мөнхцэцэг, Гарам эмээ хоёртоо яарсныг яруу найрагч анд минь яахан мэдэх билээ. 

Хоёр

2024 оны эхээр бил үү? дуучин А.Хишигдалай, Г.Гарьд /Гинжин/ гэх залуус “Хол ло байна” /зарим тохиолдолд “Хадын оройгоор ч” гэдэг/ хэлмэгдүүлэлтийн үеийн гашуудал гунигийн дууг, ил нүцгэн янаг, хөнгөн сэвсгэр, баяр ёслолын тайзны байдалтай дуулж буриад зоны мөнхөд үл мартагдах сэтгэлийн уй гашууг хөндөн сэдрээж нийгэмд ихээхэн гомдол, харамсал, бухимдал, бачуурал төрүүлсэн билээ. 

Гурав

“Pеппэр113” гэх дуучин Э.Очирваань энэ оны тавдугаар сард “Зуны зугаа-113" тоглолтоороо буриад үндэстний соёлын үнэт өв болох алдарт “Ёохор”-ыг шалиг самуун, садар дуу болгон өөрчилж адгууслаг цэнгэлийнхээ бахыг хангав.

Үндэсний баяр цэнгэлийн болон гуниг харууслын шидээвэр бүтээлүүдийг секс сурталчилгааны бохироор халиах, урлагаар дамжуулан хөвгүүд, идэрмэг эрчүүдийг бэлгийн хүчирхийлэлд уриалан сексийг табу, хорио цээргүй болгож байгааг соёлын ардчилал гэх үү? 

Дөрөв

2025.7.11 Үндэсний их баяр наадмын нээлт эхэллээ. Унины углаас бүхий гэрийн тооныг санагдуулам үхэр тэргэнд буурайгаа суулгасан үзүүлбэр их баяр цэнгэлийн мангайд гараад ирсэн нь хэтээсээ бэлгэдлийг дээдлэн чухалчилдаг монголчуудыг цухалдуулан бухимдуулж дуусашгүй хэл ам дундаршгүй шүүмжлэл дагуулж орхив.

Ерөнхий зураачаар ажилласан зураач, СГЗ Т.Ганхуяг тайлбар хийхдээ; Үзүүлбэрийн энэ хэсгийг Японы цог жавхлант эзэн хаанд зориулж хийсэн ч гэх шиг,,, Сайд Ч.Ундрам нь 23 хоногийн өмнө ССАЖЗ-ын сайдаар томилогдсон бөгөөд тухайн үед нээлтийн зохиол, бэлтгэл ажил бүрэн төлөвлөгдөн, батлагдсан байдалтай байсан гэж тус тус мэлзэж бултав.

Уртын дуугүй орилж бархирсан уйтай наадам,,! Ёр дуудсан тооно тэрэг ,,,! Наадмын нээлт сүүлрүүгээ үнэхээр уйтгартай боллоо,,! Мэдлэггүй мэдэмхийрэгчид үндэсний өв соёлыг уландаа гишгэж доромжилж дэвслээ,,,!! энэ тэр гээ л,,, олон зуун наадамчдын бачуурал, гомдол, уурсал наадмыг нөмрөв. 

Өнгөрсөн наадмуудтай харьцуулахад ийм уурсал, бачууралтай наадам үзээгүй санагдах,,, Наадам тойрсон хэл ам бачимдал, цухалдал их байсан ч монголчууд маань үндэсний өв соёлдоо нэн хүндэтгэлтэй хандаж, шувууны өндгөнд сүүдэр тусахыг цээрлэх мэт наадамдаа өчүүхэн ч сэв хүргэхийг ний даяараа үл хүсэх нь үндэстний үнэт зүйлээ оюун санаандаа бат бэхэлж, дээдлэн баадагнаж байгаагийн тод илрэл гэлтэй.

Наадам дөхөхөөр Монгол Улсын Гавьяат жүжигчин алдарт уртын дуучин Д.Долгоржав агсны “Дөрвөн цаг” -ийг хангинуулах хүдэр цээл хоолой, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Төрийн шагналт, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж агсны “Сумын наадам” сэтгэлд сэвэлзэнэ.

Наадам сэвэлзэнэ гэснээс багийн дурсамж сэдэрч байх чинь,,, Нээрээ л бага залууд  наадам, цагаан сар, битүүний орой эмээ, ээж хоёр таваг идээ засаад л өвөө мах шүүсээ базаагаад, аав түлээ модоо зэхээд л телевизээр үнэн хүчит бөхчүүд уран мэхийг уралдуудаад л, уртын дуучин Д.Долгоржав агсан “Дөрвөн цаг”-ийг цангинуулаад л хаалгаар хаврын жавар сэн хийж, бууз, цайны уур тооноор савсаж ,,, ай даа сайхан ахуй,, эргэж олдошгүй ээдээ сайхан цаг, 

... Дөрвөн цагийн эргэлтэд

Дэлгэр зуныхаа сард нь

Дэлхий ногоо газар маань хөхрөөд байхым аа хө

Дэнсэлсэн сэтгэл юугаа дөмгөрхөн түүндээ

Хүүрнэлтэй л байна уу даа,,, гээд л намрын хүйтэн бороо, өвлийн тасхийм хүйтэн, хаврын хахир жаварт хаана ч хэзээ ч аялах төдийд,,, наадмын найртай өдрүүд, ээх наран, нуугих дулаан агаар мэт уужим дэлгэр уртын дуу мину зээ, 

Уртын дуугүй наадам, цагаан сарыг ямар баяр цэнгэл, наадам гэхэв дээ! Адилтгаваас наргүй өдөр, саргүй шөнө мэт, 

Орчин цагийн ойлголтод дөхүүлэн наадмыг мань ингэж ойлгоод байгаа;

“Наадам бол монголчуудын олон зуун мянганд бүтээсэн давтагдашгүй ёс уламжлал, өв соёл, үндэсний ондоошлыг харуулах, бахархах өндөр дээд тайз. 

Тав буюу эцэст нь:

Дээрх бүхнийг яагаад тоочив? Үүгээрээ юу хэлэх гээд байгаам бэ? гэж Та чилж байгаа биз.

Хэдхэн хоногийн өмнө улс төрийн их хэлмэгдүүлэлтэд өртөгсдийг улс даяар санан дурсах, үндэстний ой санамжид үл мартуулах, хойшид сэрэмж анхааруулгаа алдахгүй байх, үл давтуулах агуулга бүхий өдөр тохиож өнгөрөв.

Монголын түүхэнд тохиосон аймшигт хэлмэгдүүлэлт бол гучаад оны их хядлага. Энэхүү хядлага бол Монголчуудын  ой санамж, сэтгэл зүрхэнд зоосон улаан хадаас байв. Жамбын Жамъян өвөөгийнхнийг /амьдаар нь машинд дайруулж/ үр үндсээр нь шахуу хүйс тэмтэрсэн шиг мянга мянган буриад, монгол /цэргийнхэн, төрийн албан хаагчид, лам хуврагууд, бичгийн сэхээтнүүд, гэм зэмгүй иргэд/ ахан дүүсийг хомроглон хядсан улаан түүх саяхных, хэлмэгдэгсдийн цус нь хатаж яс нь үйрсэн ч, нэр нь балраагүй, үйлс нь бөхөөгүй, үлдэгсдийн нулимс хатаагүй, харуусал гашуудлын шарх аниагүй, улаан хадаас бидний сэтгэлд  үүрд хадагдсан.   

Залуус та нар дууны бүтээлээр бус улаан хадаасаар оролдоод байна. Аливаа хүн, угсаатны бүлэг, ястан үндэстэнд хүрч үл болох дээд үнэт зүйл, ёс уламжлалын хориг цээр гэж бий.

Балар эртний хамгийн зэрлэг, бүдүүлэгт тооцогддог австралийн уугуул оршин суугчид байшин барьдаггүй, бөхөөхөн урц овоохой ч босгодоггүй, газар тариалан эрхэлдэггүй, нохойноос өөр амьтан өсгөдөггүй, ваар сав урладаггүй, тааралдсан зүйл бүрийн амьтадын мах идэж, ургамлын иш үндсээр хооллодог байж. Харин эдгээр зэрлэг, бүдүүлэг каннибалууд цус ойртох, бэлгийн харилцаанд тун болгоомжтой туйлын ёс жудагтай хандаж, дур тачаалаа дээд зэргээр хянаж хязгаарлах хатуу чанд хоригийг сахиж, цээрийг зөрчигсдийг цаазалдаг байж дээ. Примитив австраличууд бэлгийн харилцаанд хатуу чанд хорио цээр табу-тай байсан байна. Одоо бидний үеийнхэн дэлхий даяараа өндөр технологийн эрэмбэд шилжиж дижитал эрин үед амьдарч эхлээд байгаа ч балар цагийн австраличуудын ёс суртахууны хориг цээрээс суралцах хэрэгтэй болж дээ. 

Өнө эртний түүхтэй өндөр дээд өв соёлтой гэж өөрсдийгөө тодорхойлогч бидэнд айж ичихийн алдаж осолдохын хорио цээр байна уу? Ер нь бидэнд табу байна уу? 

Гэмгүй мөрөөрөө амьдарсан ч хэлмэгдэж хядуулсан өвөг дээдсийнхээ сүнсийг гомдоож, дээдэлдэг соёлыг нь дорд үзэх дуучин гэх эмс цээж хасаа гайхуулан нүцгэн нөмгөн орилолдох, идэрмэг эрчүүд нь углая, сугалъя, хөхье, нухъя,,, хэмээн бархирч цахираад байгаа чинь л оролдож үл болох табуг зөрчөөд байгаа юм. 

Наранд өргөдөг тооноо тэрэгний дугуйнд өнхрүүлж, аргамаг хүлгийн зоонд хийсэж явдаг монгол эрийг тэрэгний зүтгүүрт бөхийлгөж монгол ёсоо алдаж байгаа чинь нүүдэлчдийн хэдэн зуун мянганаар хатуу чанд баримталж ирсэн халдашгүй үнэт зүйлийн хориг цээр табуг зөрчсөн хэрэг. 

Энэ жилийн үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатар ажилласан юм гэсэн. Төрийн өндөр дээд олон одон шагналтай энэ эрхэм “Өөр өөрсдийнхөө тархиндаа зажилцгаа” хэмээн бидний монголчуудыг тархины болон өв соёлын багтаамжаар нь хэмжин тавлав. Ямар дээрэнгүй юм бэ? Наадам бол найруулагч Н.Наранбаатарын өмч биш, өндөр дээдсийн бүтээсэн давтагдашгүй соёлын үнэт өв билээ. 

Өнөөх нөхрөө зүхээд, охиноо нүдээд, байдаг ёс суртахууны хориг цээргүй Ч.Ундрамыг соёлын сайдаар томилчхоод соёлын ямар бодлого тодорхойлж, хэрэгжүүлнэ гэж горьдож суудаг засаг төр вэ? Үндэстний оюун санааны дархлаагүй, өөрийн гэх үзэл бодолгүй, уламжлалт хориг цээрийг үл мэдэгч, айж ичихээ барсан алдар гавьяаны хэнээтнүүд, улс хорлогчид, авлигачид, луйварчид төр барилцаж бодлого тодорхойлж байгааг төрийн тооно цөмөрсөн цөвүүн цаг гэлтэй. 

Энэ цагаас хойш /алс хойшид ч/ үндэстнээрээ хөгшин залуугүй, эр эмгүй, хүүхэд нялхасгүй дээр доргүй, баян, ядуугүй, үзэл баримтлал, шашин шүтлэгээ үл харгалзан үндэстний үнэт зүйлийн баримжаатай байж оюун санааны уламжлалт хориг цээрээ сэргээж ХҮНДЭТГЭЛИЙН ХОРИГ тогтоовол яасан юм бэ? 

Өндөр Гонгор овогт Даваанямын Аззаяа 

2025.09.13-14

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ХҮНДЭТГЭЛИЙН ХОРИГ2 цаг 13 минутын өмнөАртерийн судсаар химийн тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог8 сар 21. 15:58Артерийн судсаар химийн тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог8 сар 21. 15:56БУСАН ХОТООС БОГЦОЛЖ ИРСЭН САНАА6 сар 24. 11:19Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга эхэллээ6 сар 12. 17:06Трамп Хятадын ерөнхийлөгчийг АНУ-д айлчлахыг урьжээ6 сар 6. 12:59Монголд нэг сарын дотор 66.360 жуулчин иржээ6 сар 6. 12:57ДЦС-5-ыг барих ААН-тэй 30 жилийн гэрээ байгуулна, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байна6 сар 6. 12:55Дулаарлыг хоёр хэмээс доош байлгахад "Тэрбум мод" хөтөлбөр хувь нэмэр оруулна6 сар 6. 12:54Д.Тогтохсүрэн: МАН одоо дангаараа засаглана гэвэл энэ данхгар бүтцийг эрс багасгах ёстой6 сар 6. 12:29Ч.Хүрэлбаатар: Шинэ Засгийн газрыг УИХ дотроосоо байгуулах нь зөв6 сар 6. 12:26Украины дайныг хамтдаа зогсоохыг санал болгожээ6 сар 6. 12:21
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.