БУСАН ХОТООС БОГЦОЛЖ ИРСЭН САНАА


6-р сарын 24
11 цаг 19 минут

Д.УЛААНАА

Улаанбаатар-Бусан чиглэлийн онгоц хөөрөөд 5 цаг орчим нисээд БНСУ-ын Бусан хотод өглөөний 09 цагийн үед очив.

Далайн эрэгт оршдог хот болохоор чийглэг уур амьсгал, ногоон байгууламжаар бүрхэгдсэн асар том цэмцгэр  хот биднийг угтав.

Эхний үзэх газар хуучин хотын туурь сэргэн хөгжиж буй газар. Тэнд очиход Солонгос кинонд гардаг гудамж, ахуй амьдрал тэр чигээрээ байх нь анхаарал татна. Хариуцлагатай, найрсаг хандлагаар жуулчдыг татдаг нь тодорхой. Бүгд л инээмсэглэн бөхөлзөн угтана.

Бусан хот нь БНСУ-ын хоёр дахь том хот. Газарзүйн байршил нь томоохон далайн эрэг дээр оршдог учир олон улсыг холбосон том боомтуудыг бий болгоход түлхэц болсон бөгөөд энэхүү усан боомтууд нь Дэлхийд тавдугаарт ордог тухай эх сурвалжид өгүүлжээ. Хүн амын тоо 50 гаруй сая. Хаана ч очсон тоос шороо, хоггүй цэвэр байдал нь таатай сэтгэгдэл төрүүлнэ.

Их далайн эргийн зочид буудлын цонхоор өглөө бүр бүрхэг хэр нь үзэсгэлэнтэй өдрийн далай харж өдрийг угтах аяллын хэдэн хоног мартагдахааргүй. Гадаад далайн онцлог нь түүний шорвог амт, давлагаатай хамт туугдан ирэх их усны гүн үнэрээрээ би захгүй их далай шүү гэдэг нэрийн хуудсаараа хүмүүстэй мэндчилдэг аж. 

Загасчилдаг хөлөг онгоцнууд араа шүд мэт дугуйнуудаар хуяглан өдрийн цагт зогсоолдоо даялах нь сүртэй. Тэд үүрээр загасны анд явдаг гэх. Харин аялагчдыг тээвэрлэдэг усан онгоц, завинууд өөр эрэгт үйлчилнэ. Үйлчилгээний газруудаар ороход бүх зүйлд нь сэтгэлд ханамаар үйлчлэх юм.

Тэднээс авах юм их бий. Гэхдээ манайхаас дутуу зүйл бас байна. Хогийн сав цөөхөн. Нийтийн эзэмшлийн талбайд хөл амраах сандал ховор. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гарц зам бүрд бий. Томоохон дэлгүүр зоогийн газруудад ч тэдэнд зориулсан орц гарцыг шийдсэн нь хүнээ гэсэн бодлоготой улсын алсын харааг бахдаж явав.

Энд ер бүх зүйл тодорхой, ёс зүйн чанад журам үйлчилнэ. Зам гарахдаа зөвхөн ногоон гэрлээр л гарах хуультай тул хэрэв улаан гэрлээр гарвал маш бүдүүлэг т тооцогдоно. 

Буудлын үйлчлэгчид хайлсан тугалга шиг инээд алдсан хөдөлмөрч бүсгүйчүүд. Өрөөгөө цэвэрлүүлэх үү хэмээн эелдгээр асууна. Энд ажиллаж буй хүн бүр өөрийн даасан ажлыг ягштал хийдэг нь өчүүхэн хөдөлгөөн, алив зүйлийг хүндрэл чирэгдэлгүй гүйцэтгэж буйгаас илхэн.

Томоохон их дэлгүүр, ресторануудын агааржуулалт дээд зэргээр сэрүүхэн. Хэчнээн олон хүнтэй байсан ч хоол нь нэг их удалгүй гарч ирнэ. Шарсан мах, бусад хоолтой зохицох зууш, уух зүйлс төгс зохицолтой. Зарим төрлийн хоолны идэх дараалалтай.

Долоодугаар сар гараад хэт халуун болоод борооны улирал эхэлдэг аж. Бидний энэ удаагийн аялал дээрх үеэс зөрсөнд олзуурхууштай.

Өргөн хэрэглээний болон бараа материалын өртөг өндөр. Солонгос улсад ажилладаг монголчууд олсон хэдийгээ өөрсдөдөө ч юм наалгүй ар гэр лүүгээ гуйвуулж байж, орох орон, унах унаатай болж, өр зээлээсээ гардаг бололтой. Хөгжсөн улсаар аялах сайхан ч тэнд удвал ар гэр, нутаг усаа санаж эхэлмээр. Гэр амтай миний хувьд далайн эрэг л хамгийн гайхалтай нь.

Дарсны бөглөө мулталж, хөөсрөн ирэх давлагааг харж өдөржин суумаар байвч багийн хөтөлбөртэй учир үлдэж чадсангүй. Ар араасаа түрэгдэн ирж буй давлагааг ажихад хаяа хярхаггүй их далайн хаа нэгтэйгээс эрэг лүү тэмүүлэх их хүсэл элс мөргөн буцах ч шиг. Эсвэл зүггүй хүүхэд нааш цааш онгирч гүйх ч шиг... Далайн хөвөө уйдашгүй, тансаг, бас сонирхолтой.

Энэ бол зөвхөн Бусан хотын хөгжил цэцэглэлтийн дүр зураг. Гурван сая гаруй хүн амтай хэр нь манай улсын нийслэл шиг утаа, түгжрэл гэдгийг огт мэдэхгүй.

Хүн төвтэй бодлого алхам тутам ноёлох нь иргэдийнх нь сэтгэл тэнүүн алхахад нөлөөлдөг болой. Бид ч бас ийм улсад амьдрах боломжтой. Гагц төр түшилцэж буй шийдвэр гаргагчдад маань улсаа хөгжүүлье гэсэн чин сэтгэл дутдагийг олон нийт шүүмжилдэг.

Ийм учраас л олон мянган монголчууд Солонгос болон бусад гаднын улсыг зорьж амьдрал ахуйгаа өөд татдаг жишиг тогтсон. Гадагшаа дүрвэдэг биш эх орондоо хорогддог Монголчуудын тоо өсөөсэй...

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

БУСАН ХОТООС БОГЦОЛЖ ИРСЭН САНАА4 цаг 3 минутын өмнөМонгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга эхэллээ6 сар 12. 17:06Трамп Хятадын ерөнхийлөгчийг АНУ-д айлчлахыг урьжээ6 сар 6. 12:59Монголд нэг сарын дотор 66.360 жуулчин иржээ6 сар 6. 12:57ДЦС-5-ыг барих ААН-тэй 30 жилийн гэрээ байгуулна, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байна6 сар 6. 12:55Дулаарлыг хоёр хэмээс доош байлгахад "Тэрбум мод" хөтөлбөр хувь нэмэр оруулна6 сар 6. 12:54Д.Тогтохсүрэн: МАН одоо дангаараа засаглана гэвэл энэ данхгар бүтцийг эрс багасгах ёстой6 сар 6. 12:29Ч.Хүрэлбаатар: Шинэ Засгийн газрыг УИХ дотроосоо байгуулах нь зөв6 сар 6. 12:26Украины дайныг хамтдаа зогсоохыг санал болгожээ6 сар 6. 12:21Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил үргэлжилж байна6 сар 6. 12:20“Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралтын чөлөөт бүс болгоно6 сар 6. 12:19Тариалалт тал хувийн гүйцэтгэлтэй байна6 сар 5. 17:27
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.