
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Пүрэв гаригийн (2026.06.05) орой Хятадын дарга Ши Жиньпинтэй утсаар холбогдсон байна. Эх сурвалжийн мэдээлснээр Хятад-Америк гэсэн томоохон хөлөг онгоцыг зөв чиглүүлэхийн тулд харилцаа холбоо чухал болохыг онцлон тэмдэглэж, Женевт болсон эдийн засгийн уулзалт үр дүнтэй болсон үзэж буйгаа илэрхийлсэн байна. Тодруулбал, энэ оны тавдугаар сард хоёр орны төлөөлөгчид харилцан тарифийн талаар хэлэлцсэн юм.
Ши Жиньпин эл үеийн хэлэлцээний үр дүн, шаардлагыг Хятад улс нухацтайгаар хэрэгжүүлж байгаа гэдгийг онцлон тэмдэглэж, АНУ-ын зүгээс мөн адил хүндэтгэлтэй бөгөөд журмын дагуу хэрэгжүүлэхийг уриалсан байна. Тэрбээр мөн АНУ-ын тал өмнө нь гаргасан ахиц дэвшлийг хүлээн зөвшөөрч, Хятадын эсрэг авч буй сөрөг арга хэмжээгээ арилгах ёстой гэж мэдэгджээ. Трамп өөрийн цахим хуудсаараа дамжуулан Ши Жиньпинтэй утсаар холбогдож, ярилцсан нь үр дүнтэй болсон гэж мэдэгджээ. Хоёр орны удирдагчид 90 орчим минут утсаар ярилцсан бөгөөд гадаад харилцаа, эдийн засаг худалдаа, цэрэг арми, хууль сахиулах зэрэг салбарын харилцаа холбоогоо нэмэгдүүлж, зөвшилцөлд хүрч, үл ойлголцлыг арилгаж, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх ёстой гэдэгт санал нэгдсэн байна.
Трамп мөн “Ши дарга ярилцаж байхдаа Тэргүүн хатагтай бид хоёрыг Хятадад айлчлахыг урьсан. Би ч мөн адил урьсан. Хоёр их үндэстний ерөнхийлөгчийн хувьд энэ бол бидний хүсэн хүлээдэг зүйл" гэсэн байна. Түүнчлэн хоёр орны удирдагчид хэд хэдэн маргаантай сэдвийн талаар санал бодлоо солилцсон байна. Тусгаар тогтнолд тэмүүлсэн салан тусгаарлагчид Хятад, Америкийн харилцаанд саад хийж, тэр байтугай мөргөлдөөний аюултай талбарт татан оруулахаас болгоомжлохын тулд Вашингтон Тайванийн асуудалд хянамгай хандах ёстой гэж Ши Жиньпин онцолсон байна.
Цагаан ордны эх сурвалжийн мэдээлснээр, Трамп Хятадын удирдагчийг хүндэтгэдэг болохоо илэрхийлсэн байна. Мөн АНУ Хятадын эдийн засгийг маш сайн хөгжүүлж, хамтран ажилласнаар олон сайхан зүйлийг хийж чадна гэдэгт итгэж, Женевт хэлэлцсэн тохиролцоондоо хүрнэ гэж мэдэгдсэн байна. Ши Жиньпин төгсгөлд нь Трампд чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлэв. Цаашид Женевийн хэлэлцээрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, ээлжит уулзалтыг аль болох хурдан хийх ёстой гэдэгт талууд санал нэгдсэн байна.
Эх сурвалж: CIPCC
Сэтгэгдэл бичих