Шинэ засгийн газарт төсвийг тэлэх боломж байхгүй


6-р сарын 4
13 цаг 10 минут

Шинэ засгийн газарт төсвийг тэлэх боломж байхгүй

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн, доктор (PhD), дэд профессор А.Энхбаттай ярилцлаа.


-Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал өнөөдөр ямар түвшинд байна вэ. Сүүлийн жилүүдэд тогтвортой өсөлттэй байна гэж таамаглаж байсан эдийн засгийн өсөлт саарч байгаа шалтгааныг юутай холбож тайлбарлах вэ?

-Монгол Улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд түүхий эдийн үнэ, гадаад зах зээлийн эрэлтээс шууд хамаарал бүхий уул уурхайн салбарын тогтворгүй байдлаас шалтгаалан хэлбэлзэлтэй өсөлттэй явж ирсэн. Харин 2023 оноос эдийн засагт сэргэлт ажиглагдаж, ДНБ-ий өсөлт 2023 онд 7, 2024 онд 4.9 хувь болсны зэрэгцээ макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд өмнөх онуудтай харьцуулахад сайжирсан ч 2024 оны эдийн засгийн өсөлт таамаглаж байснаас 2.1 нэгж хувиар доогуур гарсан. Энэ нь цар тахлын дараа эрдэс баялаг, түүний дотор нүүрсний салбараас хамаарсан өсөлтийн үе өнгөрч байгааг анхааруулсан дохио төдийгүй мөчлөг дагасан ихээхэн тэлэлттэй төсвийн бодлого баримталж буй өнөө үед анхаарах асуудал гэдэг нь тодорхой. Эдийн засгийн өсөлтөд эрдсийн түүхий эдийн экспорт, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, дотоодын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, хэрэглээ, бизнесийн орчин голлон нөлөөлж байгаа юм.

ТТБЗ-өөс урьд нь сануулж байсан “эдийн засгийн таатай нөхцөл байдал хэвээр хадгалагдана гэж төсөөлөх, найдах хэрэггүй” гэсэн дүгнэлт гаргаж байсан. Уг дүгнэлтийн дагуу өнөөдөр “нөхцөл байдал хэдийн тааламжгүй болж эхлээд байна.

Одоогийн байдлаар төсвийн тэнцэржүүлсэн тэнцэл 1 тэрбум ам доллар гарсан алдагдалтай байна. Инфляцын хувь хэмжээ 8.6 буюу бараг 9 хувьтай байгаа нь бодит үнийн өсөлтөөс доогуур үзүүлэлт гэж зарим хүн үзэж байна. Монголбанкны төсөөлсөн хэмжээнээс давж удахгүй хоёр оронтой тоонд орох болов уу гэсэн таамаг байна. Цаашлаад Монгол Улсын экспортын голлох түүхий эд болох нүүрсний үнэ төсөөлсөн хэмжээнээс доогуур буюу 70-80 ам доллартай байна. Тонн тутамдаа 20-25 ам.долларын алдагдал хүлээж байна. Өөрөөр хэлбэл, макро эдийн засгийн үзүүлэлтүүд сөрөг үр дүнг харуулж байна.

Энэ бүх нөхцөл байдлаас дүгнэхэд 2025 онд эдийн засаг төдийлөн өсөхгүй, төсөөлсөн зорилтот хэмжээндээ хүрэхгүй төсөв алдагдалтай гарах нь тодорхой харагдаж байна. Төсвийн тодотголыг эртхэн хийхгүй бол тэр хэмжээгээр хохирол амсана. Валютын ханш өдөр ирэх тусам өсч байгаа нь экспортоос орж ирэх валютын орлого буурсантай шууд холбоотой. Валютын гарах урсгал орох урсгал хоёрын зөрүүтэй байдлаас үүдэж байна.

Хэдийгээр Монголбанкнаас ханшийн өсөлтийг тогтворжуулахын тулд ойролцоогоор тэрбум ам.долларын интервенц хийх арга хэмжээ авсан боловч энэ байдал цаашид удаан үргэлжилвэл гадаад валютын албан нөөцийн хувь хэмжээнд сөргөөр нөлөөлөхөөр байна.

-Энэ оны төсвийн орлого тааруу байгаа энэ мөчид ирэх оны төсвийн хүрээгээ тодорхойлж, хөгжлийн төлөвлөгөөгөө баталсан. Ирэх оны сорилт юу байх бол?

-Засгийн газраас 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөлөлд төсвийн зарлагыг 30.3 их наяд төгрөг буюу ДНБ-ий 31.7 хувь байхаар тооцсон. Түүнчлэн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдлээр улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 33.5 их наяд төгрөгт буюу ДНБ-ий 31.7 хувьд хүрэхээр байна. Бодит байдалд экспортын болон төсвийн гүйцэтгэл төсөөлж буй хэмжээнээс буурах, төсвийн орлого тасалдах, улмаар улсын төсвийн алдагдал нэмэгдэх, 2026 оны улсын хөгжлийн болон төсвийн төлөвлөгөөнд тусгагдсан ч орлого, санхүүжилтийн тасалдлын улмаас хэрэгжиж буй үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт зогсох, он дамжих хөрөнгө оруулалт, барилга объектын тоо нэмэгдэх зэрэг сөрөг үр дагавар үүсэх магадлал өндөр байна.

Иймд Монгол Улсын 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээнүүдийг бүхэлд нь хэрэгжүүлэх боломж хязгаарлагдмал гэж үзэж болохоор байна.

Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгагдсан төслүүдийн хэрэгжих боломж санхүүжилтийн эх үүсвэрээс шууд хамааралтай. 2026 оны хөгжлийн төлөвлөгөөний төсөлд 15.7 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 300 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр төлөвлөснөөс улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр 4.1 их наяд, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 2.2 их наяд, төр хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгөөр 4.3 их наяд, гадаад, дотоод хөрөнгө оруулалтаар 4.5 их наяд, бусад эх үүсвэрээс 0.6 их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр тооцсон. Төслүүдийн санхүүжилтийг тодорхой зааж өгөхийн гол зорилго нь Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөөлөл дэх төсвийн зарлагыг бодитой болгох явдал юм.

Ийм учраас авто болон төмөр зам, эрчим хүч, аж үйлдвэрийн парк зэрэг зардал ихтэй стратегийн төслүүдийн эдийн засгийн үр ашиг, өгөөжийг сайтар тооцож, санхүүжилтийн эх үүсвэр, төсвийг илүү тодорхой болгох хэрэгтэй. Хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан төсвийн төсөл, арга хэмжээний 2026 онд санхүүжих дүн 15.7 их наяд төгрөг байхаар тусгасан нь нийт төсвийн зардлын 46.9 хувийг эзэлж байна.

-Засгийн газрын тогтворгүй байдал улс орны эдийн засгийн нөхцөл байдалд хэрхэн нөлөөлөх вэ?

-Засгийн газрын тогтворгүй байдал улс орны эдийн засагт хэрхэн нөлөөлж байгааг зээлжих зэрэглэлээр хэмждэг. Өнгөрсөн онд олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг есөн жилийн дараа ”В2, тогтвортой” болж сайжирсныг зарласан. Түүнээс сар гаруйн өмнө олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Fitch” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В+тогтвортой”, “S&P” агентлаг “В+эерэг” гэж үнэлснээ дараалан зарлаж байсан юм.

Ийнхүү зээлжих зэрэглэлийг тогтоохдоо улс орны эдийн засаг, улс төр, нийгмийн тогтвортой байдлыг илүүтэй харгалзан үздэг. Цаад утгаараа хөрөнгө оруулагчид зээлжих зэрэглэл өндөр улс орнуудад хөрөнгө оруулах шалтгаан болдог. Оруулсан хөрөнгө оруулалт нь найдвартай үр ашигаа өгнө гэсэн үг. Тэгэхээр улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотой зээлжих зэрэглэл өөрчлөгдөх эрсдэлтэй.

Түүнчлэн Монгол Улсад хөрөнгө оруулахаар төлөвлөж байсан хөрөнгө оруулалтууд гацах төлөвт орно. Монгол Улсын эдийн засагт гадаад, дотоод орчны эрсдэл учрах магадлал өндөр байна. Түүхий эдийн үнийн хэлбэлзэл, эрчим хүчний хангамж хүрэлцэхгүй байх, сүүлийн үед давтамж нь нэмэгдэх болсон ган, зуд, уур амьсгалын өөрчлөлт, гадаад орчны тааламжгүй, тодорхойгүй байдал, зээлжих зэрэглэл буурах зэрэг олон эрсдэл манай улсын эдийн засагт учирч болзошгүй байна. Түүнчлэн ашигт малтмалын дэлхийн зах зээлийн үнээс орлогын хэт хамааралтай байдал, өрийн дарамт нэмэгдэж байгаа, төсвийн алдагдал өндөр, макро эдийн засгийн тогтворгүй байдал, төсвийн зардал хэт өндөр, сахилга бат сул зэрэг хүчин зүйлсийг дурдаж болно.

Ийнхүү гадаад, дотоод эрсдэл өндөр байгаа нь Монгол Улсын эдийн засгийг хүндрэл, хямралд хүргэхгүй, геоэдийн засаг, геополитикийн тодорхойгүй байдал, сорилтыг даван туулах бэлтгэлтэй байж, Засгийн газар хуулиар хүлээсэн үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэн эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах шаардлага тулгарч байна.

-Монгол Улсын Засгийн газраас 14 мега төсөл хэрэгжүүлэхээ зарласан. Ингэхдээ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар биш төр хувийн хэвшил, гадны зээл тусламжаар хэрэгжүүлэхээр тооцсон. Эдгээр төсөл хөтөлбөрүүд юу болох бол?

-Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 14 мега төсөлд нийт хэдэн их наяд төгрөг зарцуулах талаар нэгдсэн тооцоололыг хэн ч хэлж чадахгүй байна. Хоёрдугаарт, хэд нь ТЭЗҮ хийгдсэн нь тодорхой бус. Эрэмбэ дарааны хуюьд алийг нь хамгийн эхлээд хэрэгжүүлэх нь эдийн засгийн үр өгөөжтэй вэ гэдэг нь ч тодорхой бус байна.

Аливаа улс орны хөгжлийн бодлого, төлөвлөлт нь төсөв, санхүүгийн нөөцийг хуваарилах асуудалтай нягт уялдаатай төдийгүй урт хугацааны хөгжлийн стратеги төлөвлөлт нь дунд хугацааны хөгжлийн бодлого болон жилийн хөгжлийн төлөвлөгөөг дотроо агуулдаг.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан бодлогын үндсэн дөрвөн чиглэлийн хүрээнд тусгагдсан 14 мега төслийг хэрэгжүүлэх чиглэлээр 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилтуудыг жишээ болгон авч үзвэл, хөтөлбөрт Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг барина гэж заасан бөгөөд 2025, 2026 оны төлөвлөгөөнд яг адил агуулгаар томьёологдож, УИХ-аас энэ оны гуравдугаар сард Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын хэлэлцээрийг соёрхон баталснаар бүтээн байгуулалтын ажил эхлэх боломж бүрдсэн. Харин Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөнд Ханги-Мандал боомтын хил дамнасан төмөр зам болон ачаа тээврийн шилжүүлэн ачих терминал барих, “ШивээхүрэнСэхээ” хил холболтын төмөр зам барих гэж тусгасан ч 2026 оны төлөвлөгөөнд энэ талаар огт дурдаагүй байна. Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станцыг барих төслийн хувьд 2025 оны төлөвлөгөөнд санхүүжилтийн эх үүсвэргүйгээр “Тавантолгойн 300+150 МВт-ын цахилгаан станцын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хийх”, 2026 оны төлөвлөгөөнд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар 689 тэрбум төгрөгийн санхүүжилтээр “Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлэх” гэж тусгасан ч уг төслийн нийт өртөг 2.3 их наяд төгрөг байхаар төлөвлөсөн юм.  2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрт анх тусгагдсанаас хойш жил бүрийн хөгжлийн төлөвлөгөөний зорилт болж ирсэн 776.4 тэрбум төгрөгийн өртөгтэй Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станц барих төсөлд улсын төсөв, гадаадын зээлээр 2025 онд 100 тэрбум, 2026 онд 178 тэрбум төгрөг зарцуулахаар тооцсон нь мөн л эх үүсвэр хүрэлцэхгүй байх эрсдэлтэй. Эгийн голын 310 МВт-ын усан цахилгаан станц барих төсөлд 2025 онд 2 тэрбум, 2026 онд 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт тусгасан байх бөгөөд Сэлэнгэ мөрний сав газрын экосистемд үзүүлэх өөрчлөлтийг тодорхойлох, “Байгал нуур”-т үзүүлэх олон талт нөлөөллийн судалгааг дэлхийн өвийн хорооны аргачлалд нийцүүлэн боловсруулах, ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хороогоор шийдвэр гаргуулах олон ажил шил дараалан хүлээгдэж байна. Ийнхүү хөгжлийн бодлого төлөвлөлт уялдаагүй, залгамж холбоогүй, санхүүжилтийн эх үүсвэр нь тодорхойгүй байдлын улмаас төлөвлөсөн зорилтын ихэнх нь хугацаандаа хэрэгжих боломжгүй нь харагдаж байна.

Түүнээс гадна өндөр өртөгтэй, хэрэгжих үндэслэл багатай, эдийн засгийн үр ашиг нь тодорхойгүй Арцсуурь-Шивээхүрэн чиглэлийн баруун босоо 1,255 км төмөр зам, Ханх-Хатгал авто зам зэрэг төслийг дурдаж болно. Энэ бүх баримт улс орны хөгжлийн бодлогыг нэгтгэн зангидах бодлого, төлөвлөлтийн чадавх сул байгааг харуулж байна.

-Дараагийн Засгийн газар байгуулагдах нь тодорхой боллоо. Ямар хүлээлттэй байна вэ?

-Дараагийн Засгийн газар шинэчлэн байгуулагдсан ч төрийн бодлогын залгамж халаа үргэлжлээд явна гэж итгэж байна. Хэн засгийн газрын тэргүүнээр ажиллаж байгаагаас үл хамаараад төрийн бүтэц тогтвортой, тодорхой байх ёстой. Хэн нэг хүн гарч ирээд төрийн бүтцийг дур зоргоороо өөрчилж яамдын тоог нэмж, хасах, төрийн албан хаагчдыг халах, нэмэх гэхээс илүүтэй бүх зүйл бодлогын хувьд тогтвортой байх ёстой. Үүнийг болж өгвөл Үндсэн хуульдаа тусгаад өгчихвөл зөв юм шиг санагддаг. Төрийн бүтэц ямар ч тохиолдолд тодорхой байвал жил бүр төрийн албан хаагчдын тоог хүн амын өсөлттэйгээ уялдуулж нэмэгдүүлэх тооцоолол гаргаж болно. Түүнд хэн ч халдаж чаддаггүй л байх ёстой. Тэгэхгүй бол хэн нэг хүнд зориулсан Засгийн газар, хүнд зориулсан яам, төрийн алба байгуулснаар төрийн бүтээмж, үр ашиггүй байдал нэмэгдсээр л байх болно.

-Шинээр томилогдох Ерөнхий сайдын хувьд одоогийн хэрэгжүүлж байгаа бодлого зорилтуудаас өөр бодлого хэрэгжүүлэх амлалт өгөх боломж бий юу?

-Болно. Гэхдээ хамгийн гол нь хэрэгжүүлэх гэж байгаа бодлого, төлөвлөлтөө төсөвтөө хэрхэн тусгах вэ гэдэг л чухал. Хэрэв шинэ бодлого хөтөлбөр дэвшүүлж орж ирж байгаа бол одоо хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл хөтөлбөрүүдээ зогсоогоод тухайн хэмнэгдсэн төсвийн орон зайд тааруулж бодлогоо хэрэгжүүлэх ёстой. Хамгийн гол нь төсөв дээр нэмэлт дарамт учруулахгүй байх ёстой. Тийм нөөц боломж байхгүй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга эхэллээ6 сар 12. 17:06Трамп Хятадын ерөнхийлөгчийг АНУ-д айлчлахыг урьжээ6 сар 6. 12:59Монголд нэг сарын дотор 66.360 жуулчин иржээ6 сар 6. 12:57ДЦС-5-ыг барих ААН-тэй 30 жилийн гэрээ байгуулна, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байна6 сар 6. 12:55Дулаарлыг хоёр хэмээс доош байлгахад "Тэрбум мод" хөтөлбөр хувь нэмэр оруулна6 сар 6. 12:54Д.Тогтохсүрэн: МАН одоо дангаараа засаглана гэвэл энэ данхгар бүтцийг эрс багасгах ёстой6 сар 6. 12:29Ч.Хүрэлбаатар: Шинэ Засгийн газрыг УИХ дотроосоо байгуулах нь зөв6 сар 6. 12:26Украины дайныг хамтдаа зогсоохыг санал болгожээ6 сар 6. 12:21Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил үргэлжилж байна6 сар 6. 12:20“Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралтын чөлөөт бүс болгоно6 сар 6. 12:19Тариалалт тал хувийн гүйцэтгэлтэй байна6 сар 5. 17:27Тэтгэврийн зээлийг тэглэхэд зарцуулсан 850 тэрбум төлөгдөөгүй байна6 сар 5. 17:25
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.