Улсаараа “тоглочихгүй” Ерөнхий сайд хэн бэ?


6-р сарын 4
13 цаг 06 минут

Улсаараа “тоглочихгүй” Ерөнхий сайд хэн бэ?

Улс төрийн өнөөдрийн хамгийн халуун сэдэв шинэ Ерөнхий сайд хэн болох, танхимаа зөвхөн МАН-ын гишүүдээс бүрдүүлэх үү, парламентад суудалтай бусад улс төрийн намуудтай хамтран байгуулах уу гэдэг асуудлыг тойроод бужигнаж байна.

Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Оюун-Эрдэнэ танхимаа хүчтэй, урт удаан тогтвортой ажиллуулах зорилгоор УИХ-д сонгогдсон гишүүдээс томилсон ч бэрийнхээ цүнхэнд бүдэрснээр огцорлоо.

Иймээс дараагийн Засгийн газрыг байгуулж ажиллах Ерөнхий сайд нь хувийн асуудлаас болж огцорч, булайгаа чирэхээргүй кандидат байх ёстой.

Өөрөөр хэлбэл,  шинэ гүйцэтгэх засаглалын тэргүүнд тавигдах наад захын шаардлага нь “бөгсийг нь ухахад” ямар ч но гарахгүй нэр цэвэр хүн байх.  Мөн Ерөнхийлөгчийн таалалд нийцэх шаардлагатай. Хэрэв Ерөнхий сайдад нэр дэвшигч нь төрийн тэргүүнд таалагдахгүй бол буцаах эрх нь бий. Иймээс УИХ-ын 2024 оны сонгуулиар сонгогчдоос 68 суудал авсан МАН-ын хувьд улсаараа, танхимаараа тоглочихгүй, тоглуулчихгүй зангарагтай Ерөнхий сайдыг санал болгох тэргүүн шаардлага тавигдаж байна гэсэн үг.

Урьдчилсан байдлаар УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж магадгүй гэх таамаг хөвөрсөн. Харин араас нь УИХ-ын дарга асан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Г.Занданшатар, УИХ-ын гишүүн асан, Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар нарын нэрс орж ирж буй. Тэднээс сайд Ж.Энхбаяр “Би Ерөнхий сайд болохгүй” гэдэг байр суурийг илэрхийлсэн.

Гэхдээ шинээр бүрдэх Засгийн газарт хуучин танхимын сайд нарыг оруулахгүй байх ёстой гэх эсэргүүцэл гарч эхэлсэн тухай “бор шувуу” нисэх болсон. Хэрэв энэ “жиргээ” баттай бол Ерөнхий сайдад нэр дэвшигчдийн жагсаалтаас хоёр ч сайдын нэр хасагдана гэсэн үг.

Дээр нь дахиад ч найман сайд шинээр байгуулагдах Засгийн газарт орж ажиллахгүй болж таарна.

Хамтарсан Засгийн газар огцорсноор дараагийн Ерөнхий сайд болоод Засгийн газрын танхимыг хэнээр бүрдүүлэх вэ гэдэг дээр Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нарын ширүүн тулаан болно гэдэг таамаг хөвөрч эхэлсэн. Хэдийгээр У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн хувьд намаасаа түр түдгэлзсэн байгаа ч МАН дотор маш өндөр нөлөөтэй байгааг Л.Оюун-Эрдэнийг огцруулсан үйл явцаас харж болно.  Иймээс шинэ танхимыг удирдах Ерөнхий сайд хэн байхаас МАН доторх том зодоонд хэнийх нь фракц ялах вэ, том эрх ашиг дээрээ нэгдэж чадах уу гээд олон асуудал ургаж буй.

Гэхдээ хоолойд тулсан асуудал нь Ерөнхий сайдыг томилсны дараа МАН дангаараа Засгийн газраа байгуулах уу, парламентад суудалтай бусад улс төрийн хүчнүүдтэй хамтрах уу гэдэг шийдэл юм.

МАН-ын Бага хурлаас өнгөрсөн тавдугаар сард хамтарсан Засгийн газраас Ардчилсан намыг гаргахаар шийдвэрлэсэн. Иймээс шинээр бүрдэх Засгийн газрыг УИХ-д суудалтай улс төрийн намуудаас бүрдүүлэх шийдвэр гаргалаа гэхэд Ардчилсан нам дахин хамтрахгүй нь тодорхой болсон. Аж үйлдвэр эрдэс  баялгийн сайд Ц.Тувааны зүгээс “МАН шинээр байгуулах Засгийн газартаа Ардчилсан намыг дахин уривал хамтрахад бэлэн” гэдэг үг унагасан ч энэ нь зөвхөн түүний хүсэл болохоос УИХ дахь Ардчилсан намын бүлгээс гаргасан нийт олонхийн санал биш. Иймээс шинээр төвхнөх Засгийн газар парламентад суудалтай улс төрийн хүчинтэй хамтран хүчээ нэгтгэх шаардлага гарвал ХҮН нам, ИЗНН, Үндэсний эвсэл болно.

Гэхдээ эдгээр улс төрийн намуудаас хамгийн тодорхой байр суурийг илэрхийлсэн хүн нь Үндэсний эвслийн тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр. Тэрбээр “Ерөнхий сайд хэн байхаас  Үндэсний эвсэл Засгийн газарт хамтрах эсэх шийдвэрээ гаргана” гэж мэдэгдсэн.

ХҮН намын хувьд анхны хамтарсан Засгийн газар нь огцорсон тул ахиад Засгийн газарт орох шийдвэр гаргахад жирийн гишүүдийнх нь хувьд хүнд.  Харин ч нэр нүүрээ баран байж, Засгийн газарт хамтартал 10 сарын дараа огцорсон. Энэ хугацаанд ХҮН намын 2024 оны УИХ-ын сонгуульд өгсөн амлалтаас хэрэгжсэн нь тун цөөн. Тэр ч агуулгаар намын дарга Т.Доржханд тэргүүтэнд хариуцлага тооцох ёстой гэх асуудал ч хөндөгдөж эхэлсэн байдаг. Иймээс УИХ-д найман суудалтай ХҮН намын хувьд Засгийн газарт хамтрах уу гэдэгт одоохондоо хариулт нь тодорхой бус байна.

Мөн УИХ-д дөрвөн суудалтай ИЗНН-ын хувьд шинээр бүрдэх Засгийн газарт орох урилга ирвэл хүлээн авах уу гэдэгт удирдлага Б.Батбаатар нь тоймтой хариу өгөөгүй байгаа юм.

Уул уурхайн түүхийн эдийн үнийн уналтаас хамаарч савлаж ирсэн эдийн засагтай Монгол Улсын хувьд 2025 он хүндхэн эхэлсэн. Учир нь, нүүрсний үнийн уналтаас болж, төсвийн орлого төлөвлөснөөс буурсаар байгаа. Гэвч танхимаараа огцроод байгаа Засгийн газрын хувьд “Монгол Улсын 2025 оны төсөвт тодотгол хийх хуулийн нөхцөл шаардлага хараахан бүрдээгүй байна” гэдэг тайлбарыг өгч ирсэн.

Дээр нь шинээр бүрдэх Засгийн газар өмнөх танхимын эхлүүлсэн 14 мега төслийг үргэлжлүүлэх үү, эсвэл хараахан эхлээгүй байгаа төслүүдээ эрэмбэлж,  өөрчлөлт оруулах уу. Дахин шинэ замын зураг гаргах уу гэдэг маш олон асуудал ургаж гарч байна. Мөн Ардчилсан нам сөрөг хүчин болсноор маш том эсэргүүцэлтэй тулна. Энэ том улс төрийн акцыг давж гарах шинэ танхим, шинэ Ерөнхий сайд хэрэгтэй.

Г.ХОРОЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга эхэллээ6 сар 12. 17:06Трамп Хятадын ерөнхийлөгчийг АНУ-д айлчлахыг урьжээ6 сар 6. 12:59Монголд нэг сарын дотор 66.360 жуулчин иржээ6 сар 6. 12:57ДЦС-5-ыг барих ААН-тэй 30 жилийн гэрээ байгуулна, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байна6 сар 6. 12:55Дулаарлыг хоёр хэмээс доош байлгахад "Тэрбум мод" хөтөлбөр хувь нэмэр оруулна6 сар 6. 12:54Д.Тогтохсүрэн: МАН одоо дангаараа засаглана гэвэл энэ данхгар бүтцийг эрс багасгах ёстой6 сар 6. 12:29Ч.Хүрэлбаатар: Шинэ Засгийн газрыг УИХ дотроосоо байгуулах нь зөв6 сар 6. 12:26Украины дайныг хамтдаа зогсоохыг санал болгожээ6 сар 6. 12:21Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил үргэлжилж байна6 сар 6. 12:20“Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралтын чөлөөт бүс болгоно6 сар 6. 12:19Тариалалт тал хувийн гүйцэтгэлтэй байна6 сар 5. 17:27Тэтгэврийн зээлийг тэглэхэд зарцуулсан 850 тэрбум төлөгдөөгүй байна6 сар 5. 17:25
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.