Зургадугаар сарын 3. Арчилал эргэн ирсэн өглөө байлаа. Утсаа асаавал нүүр номоор дүүрэн эрх чөлөө. Уг нь Монгол Улс парламентын тогтолцоотой. Улс төрийн олон намын оролцоотой, чөлөөт хэвлэл мэдээлэлтэй, дөрвөн жилдээ нэг удаа бүх нийтийн чөлөөт сонгууль явуулдаг. Гаднаас нь өнгөцхөн харвал ардчилсан улс мэт. Гэвч үнэндээ ардчилал аажим аажмаар ухарсаар автрокат дэглэм хэдийнэ тогтсон байсныг Монголын ард түмэн өнгөрсөн 19 өдөр олж мэдэрсэн ч биз.
УИХ-ын зургадугаар сарын 2-ны өдрийн хуралдаан Монголын улс төрийн түүхэнд гашуун сургамж болж үлдэх нь гарцаагүй. Нөгөө талаар зарим үйл явдлууд сайн түүх болж үлдэх нь ч тодорхой.
Монгол Улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг огцруулах асуудал анх орлогоо нотлох шаардлагаас эхтэй байв. Учир нь, тэрбээр татвар төлөгчдийн мөнгийг улсын төсөв нэрээр захиран зарцуулах эрх бүхийн субьект тул. Ерөнхий сайдын 20 настай хүү Тэмүүлэнгийн тансаг хэрэглээ жирийн айлын хүүхдүүдийн нэг насаараа ажиллаж байж олж авах хэмжээний хөрөнгө. Энэ нь залуусыг төв талбай дээрээ жагсахад хүргэсэн билээ. Гүйцэтгэх засаглалын тэргүүний авлига, албан тушаалтай холбоотой байж болзошгүй асуудал өндрөө авахын хэрээр Л.Оюун-Эрдэнийн зүгээс гаргаж буй үг-үйлдэл олон нийтийг улам бухимдуулж, гал дээр тос нэмсээр байлаа.
Гэрийн хэргээ намын талцал, намын талцалаа парламентын талцал болгон оруулж ирсэн нь Л.Оюун-Эрдэнийг их шунасан хүн болгож нийгэмд харагдуулсан худлаа биш. Түүнд төрийн жолоо атгуулахыг эсэргүүцсэн нийгмийн эсэргүүцэл өдрөөс өдөрт томорсоор л байв.
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн зүгээс УИХ-д хандаж “итгэл үзүүлэх” хүсэлт тавьсан. Түүний тавьсан хүсэлтийн дагуу Даваа гаригт УИХ-ын чуулган зарлагдаж, парламентаар эл асуудлыг хэлэлцсэн юм. Чуулганы хуралдаан оролцсон хүн болгон тогтвортой төрийн тухай, том төслийг талаар, бүр том агуулга гээчийг үг хэлсэн гишүүн болгон онцолсон. Харамсалтай нь, манай парламентын гишүүд тогтвортой төр гэж юу болохыг мэддэггүй гэдэг хэлсэн байр сууринаас товч агаад тодорхой уншигдсан билээ.
Тогтортой төр гэдэг нь хүнийг хэлдэггүй. Тогтортой төр гэдэг тогтолцоо ба институци юм. Хүн тогтвортой байх нь харин ч ардчилал, эрх чөлөөнд харш болохыг Ерөхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн өдрүүдийн үйлдлүүдээрээ биечлэн харуулсан, үүнээс бид сургамж авах ёстой юу гэвэл ёстой.
Үндсэндээ муу засаглалыг сайжруулж, буруу хүнийг огцруулж, буруу бодлогыг өөрчлөх нь ардчиллын амин сүнс болох нь өчигдрийн үйл явдлаас тодхон харагдсан.
Тэр тусмаа хамтарсан засаг гэж нэртэй хариуцлага, хяналтгүй засаглал бол ардчиллын дайсан аж. Том гүрнүүдийн дунд буй жижиг улсын хувьд Монгол хагас парламентын, хагас Ерөнхийлөгчийн засаглалтай байх нь ардчиллын бамбай юм байна.
Чуулганы хуралдаанд Ерөнхий сайд асны үг ерөнхийдөө Ерөнхийлөгч рүү, намын удирдлагууд руугаа чиглэсэн нь илэрхий сонсогдсон. Ерөнхийлөгчийн засаглалыг эсэргүүцэж, Баялгийн санд хөрөнгө төвлөрүүлэхтэй холбоотойгоор огцруулах асуудал хөндөгдсөн гэх түүний тайлбарт парламентынхан итгэсэн ч олон нийт итгээгүй. Орлогоо нотлохын оронд хүүгийнхээ хайр сэтгэл, хувийн амьдрал, өнгөрсөн зургаан жил тэмцэж ирсэн өнөөх л дуусдаггүй яриагаа ярьсаар л суусан. Гэвч Ерөнхийлөгчийн гэнэтийн үйлдэл, түүний чуулганы танхимд нэг бус хүмүүст хаягласан үг чухам цагаа олсон нүүдэл байлаа. Улс төр, шатар хоёрт хэн хоёр нүүдлийн цаадахыг харсан нь хождог гэдэг.
Олон нийтийн дэмжлэгээ бүр мөсөн алдсан Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн алдаа бол өөрийнхөө гэм бурууг огт хүлээгээгүйтэй холбоотой.
Чуулганы танхимд Ерөнхий сайд асны болон АН-ын бүлгийн гишүүдийн гол шүүмжлэлийн бай нь өчигдрийн хувьд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ба МАН болох нь тэнэг хүнд ч ойлгомжтой байв. Тиймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхэнд нь заасан тааллынхаа дагуу чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр гадаа 20 хоног жагсаж буй залуусын шаардлагыг хүлээж авах ёстойг ҮАБЗ-ийн даргын хувьд УИХ-ын дарга болон Ерөнхий сайдад сануулсан. Мөн парламентын засаглалыг дэмжсээр ирсэн, цаашид ч парламентын засаглалыг бэхжүүлэнэ. Ерөнхийлөгчийг засаглалыг хэзээ дэмжиж байгаагүй болохоо илэрхийлсэн билээ.
Эндээс дүгнэхэд Ерөнхийлөгчийн засаглалыг хүссэн нь У.Хүрэлсүх биш Ерөнхий сайдын хаанчлалыг хүссэн нь Л.Оюун-Эрдэнэ өөрөө байв уу гэдэг асуултын тэмдэг болж хувирсан. Засгийн эрхийг намаар дамжин барьдаг. Тиймээс улс төрийн намууд институци болж төлөвшихгүй бол төрийн толгой дээр нам биш бүр мафи суухад хүрдгийг ордонд болсон олон үйл явдал харуулсан.
АН-ын хувьд ардчиллын манаач хэвээрээ яваагаа өчигдийн үйлдлээрээ харуулсан. Тус намын бүлгийн олонхын санал хураалтаар АН нэгдсэн чуулганд орж үгээ хэлсэн ч Ерөнхий сайдад итгэл үзүүлэх санал хураалтад оролцохгүй гэсэн шийдвэр гаргасан. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх санал хураалтыг АН бүлэг орхин гарснаар 82 хүний саналаас 48 санал авч, хуульд заасан 64 хүний дэмжлэг аваагүйн улмаас огцорсон билээ.
Намынхаа зовлонг улсын зовлон болгох гэсэн МАН-ын зодооныг айлд нь үлдээж, сөрөг хүчнийхээ байр сууринд эргэн ирсэн Л.Гантөмөр даргатай АН-ын энэ үйлдэл Монголын ардчиллын түүхэнд түүх болж үлдэх нь гарцаагүй юм.
Б.БОЛОРМАА
Сэтгэгдэл бичих