Гэрийн хэргийг төрийн зовлон бүү болго!


5-р сарын 23
17 цаг 03 минут

Гэрийн хэргийг төрийн зовлон бүү болго!

Гэрийнхээ асуудлыг нам руу чирж орон хамтарсан Засгийн газраараа туг тахиж орхисон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тунирхал төрийн зовлон болж мэдэх шинжтэй.  Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдах байсан ч цуцлагдав, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагаас хуралдах товтой ч хойшилсоор үдээс хойш эхлэв. Төрийн ажил нэг цаг ч саатах учиргүй ч Засгийн газар огцрох чимээнээр гацаж эхэллээ.

Саяхан эхэлсэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж байгаа ч 23 сайдаас ердөө долоо нь л оролцох. Засгийн газрын өргөн мэдүүлсэн чухал төслийг хэлэлцэж байхад Ерөнхий сайд, Тэргүүн шадар сайд, Шадар сайд нар алга.

Яам, агентлагуудад ажил хийж байгаа дарга алга. Сайд нь огцрох сургаар дарга нар нь алга болж, тамга тэмдэг дарах ёстой ажлууд хүлээлтэд шилжив.

Засгийн газар огцрох нөхцөл бүрдсэнээс олон улсын хөрөнгийн зах зээлд гаргасан Монгол Улсын Засгийн газрын бондуудын ханш ч унаж эхэлсэн байна.

Энэ бол ирээдүйд төлөх өрийн хэмжээ өсөхийн зэрэгцээ гадаадын хөрөнгө оруулалт зай авахын эхний дохио юм.

Харин манай дээдсүүдэд улс орны эрх ашгаас илүүтэй яаж дараагийн Ерөнхий сайд, Засгийн газрын танхимын гишүүн болох нь л бүхнээс чухал болж хувирав. Хөгжмөө ч захиалж, нэр усаа сайдад горилогчдын нэрс дунд оруулан сэвүүлсээр…

МАН ч гэж мам болсон нам хойно ирэх Даваа гаригт Бага хурлаа дахин зарлаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн асуудлыг хэлэлцэх сураг гарах.  Учир нь, өнгөрсөн Лхагва гаригийн хуралдаанаараа хамтарсан Засгийн газрын асуудлыг хэлэлцэн, Ардчилсан намыг явуулах шийдвэр гаргасан. Харин ирэх долоо хоногт Ерөнхий сайдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх чимээ гарах нь тэр. Гэтэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ гаргахгүй гүрийсээр өнөөдрийн ажлын цаг дуусгах шинжтэй.

Өөрөөр хэлбэл, өнөөдөр хүсэлтээ гаргахгүй бол ирэх Даваа гаригт МАН-ын Бага хурал товлогдох худлаа болно.  Нэг ёсондоо Ерөнхий сайдыг албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргахыг дахиад л хүлээнэ гэсэн үг.

Уг нь олон нийт ч улс төрийн хүрээнийхэн ч Ерөнхий сайдыг хөрөнгө орлогоо нотолж чадахгүй бол чөлөөлөгдөх хүсэлтээ даруй гаргаж, хувийн хэргийг төрийн зовлон болгож удаалгүй асуудлыг хурдхан шийдэх талд шийдвэрээ гаргаад явахыг хүссэн  Харамсалтай нь, хүүгийнхээ тансаглалд тайлбар хийлгүй долоо хоног гүрийж, төв талбайд олон нийт хөрөнгө орлогоо нотлохыг шаардан жагссаны эцэст сая нэг юм сэхээ авч тайлбар хийсэн шиг гүйцэтгэх засаглалын тэргүүнээс буухдаа ч бас алгуурлах л шинжтэй.

Бас болоогүй Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраас явбал 14 мега төсөл хэрэгжихгүй гэдэг сэвээ сошиалыг дарангуйлж эхлэх нь тэр.  Хувийнхаа, ёс зүйтэй холбогдох асуудлыг шийдэж чадахгүй байгаа хүн улсын зовлонг дааж ажиллалаа юу. Хүн нь солигдохоор төсөл нь явдаггүй юм бол тийм хэврэг төсөл хэрэгжүүлэх шаардлага бий юу.

Монгол төрийн ажил хэн нэгэн явахаас үл шалтгаалж зогсох учиргүй, урагшлах ёстой.  Тиймээс МАН УИХ-ын 2024 оны сонгуульд сонгогчдоос 68 суудал авсан ноён нуруугаа бодсон ч Ерөнхий сайдын гэрийн хэргийг төрийн зовлон болгож удаах талд зогсмооргүй байна.

Улс төрийн цаг нь дууссан цагт хэн ч байсан явах л болдог.  Улсаа боддог Ерөнхий сайд, улсаа боддог улс төрийн хүчин юм бол дараагийн нүүдлээ яаралтай хийгээд улс орныхоо асуудлыг цаг алдалгүй шийдвэрлээд явна уу.

Тарифын дайнаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэл төсвийн орлогыг бууруулсаар модоо бариулж мэдэхээр байна.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2025 оны эхний дөрвөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.3 (12.7%) их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 8.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.4 (14.4%) их наяд төгрөгөөр тус тус буурсныг зарласан. Энэ хэвээр орлого буурсаар байвал төрийн албан хаагчдын цалин, ахмадуудын тэтгэвэр, тэтгэмжийг тавихад ч хүндрэлтэй тулж болзошгүй. Иймээс улс орноо бодоод аль, аль талдаа асуудлаа яаралтай шийдэн, төрийн ажлыг гацаахгүй байхад анхаарна уу.

Г.ХОРОЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

4 настай хүүхдээс менингококк халдвар батлагдлаа5 сар 23. 17:08Улаанбаатар марафоны нээлт 9:30 цагт Соёлын төв өргөөний урд болно5 сар 23. 17:08АТГ: Ерөнхий сайдын хүүгээс мэдүүлэг авсан эсэх талаар мэдээлэл ирээгүй5 сар 23. 17:07АН: Намын нэр хүндэд илтэд халдаж байгаа учир МАН-д шаардлага хүргүүлж байна5 сар 23. 17:04Геологийн төв лабораториос Офицеруудын ордны уулзвар хүртэлх явган хүний замыг шинэчилж байна5 сар 23. 17:03Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургуулийг 261 эмч, эмнэлгийн мэргэжилтэн төгсөж байна5 сар 23. 17:03Гэрийн хэргийг төрийн зовлон бүү болго!5 сар 23. 17:03Microsoft: Захирлын үгийг тасалсан ажилтан халагдав5 сар 23. 17:02Нийслэлийн 13 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулна5 сар 23. 17:00Австралийн зүүн нутагт үерийн гамшиг нүүрлэжээ5 сар 23. 16:24Цаг агаарын тоон прогнозын динамик загварыг Монголд нутагшуулна5 сар 23. 16:23Индонез Улс Монгол Улсад Элчин сайдын яамаа нээнэ5 сар 22. 16:45
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.