Кореан Эйр компани тавдугаар сарын 19-нөөс эхлэн хоёр долоо хоногийн турш, хоёр үе шаттай Мод тарих, төгөлөө арчлах ажил эхлүүллээ. Энэхүү үйл ажиллагаа нь 2004 оноос эхлэн үргэлжилж байгаа юм. Тус арга хэмжээнд Кореан Эйр болон Ашиана эйрлайнс компанийн 260 орчим ажилтан “хамтын ажиллагаа, эв найрамдал” уриатайгаар оролцож байна.
Мөн сурагчдын хамт хөгжилтэйгээр суралцах сайн дурын үйл ажиллагаа явуулав.
Тухайлбал, Кореан Эйр компани тавдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн нийслэл Улаанбаатар хотын Багануур дүүрэгт байрлах Кореан Эйрийн төгөлөө арчлах, нөхөн тарилтыг хоёр үе шаттайгаар хоёр долоо хоногийн хугацаанд хийнэ. Энэ жилийн арга хэмжээнд Кореан Эйр компани болон Ашиана эйрлайнс компанийн 260 орчим шинэ ажилтан, албан хаагчид оролцож байгаагаараа онцлогтой.
Мөн дээрх хоёр компанийн ажилтнууд Монголд ирэхдээ Кореан Эйрийн ажилтнууд Ашиана эйрлайнс, Ашиана эйрлайнсын ажилтнууд Кореан Эйрийн нислэгээр иржээ. Тус үйл ажиллагаагаар, удахгүй нэг гэр бүл болох хоёр компанийн ажилчид улам илүү харилцан ойлголцож, хамтран ажиллах юм.
Сайн сайхан бүхний бэлэгдэл болох нарс модыг Кореан эйрийн төгөлд хамтран тарьснаар эхэлжээ. Дараа нь хоёр компанийн удирдлагууд, ажилчид нэгдэн нөхөн тарилт хийж, төгөлийн модоо илүү сайн ургуулах ажилд хувь нэмэр орууллаа. Багуудад хуваагдан төгөлд мод тарьж, өмнөх тарьсан модоо илүү өндөр ургуулахын тулд мөчир таналт хийсэн байна.
Удахгүй болох Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг (6-р сарын 1) тохиолдуулан Кореан Эйрийн төгөл дотроо хүүхдийн тоглоом шинээр суурилуулав. Дүүргийн хүүхдүүд төгөлд чөлөөтэй гүйж тоглох боломжийг бүрдүүлж байгаа юм. Хоёр компанийн ажилчид хамтран тоглоомын аюулгүй байдлыг шалгаж, өнгөөр будаж гар бие оролцлоо.
Мөн сурагчдад чиглэсэн сайн дурын ажил хийжээ. Багануур дүүргийн Гүн галуутай цогцолбор сургууль, Боловсрол цогцолбор сургууль, Оюуны эрин сургуулиудад зочилж солонгос, англи хэл, нисэхийн инженерийн туршлага судлах хичээлийг сурагчдад оржээ. Эдгээр сургуулиудад Солонгос, Монголын найрамдалт харилцааг хөгжүүлэх зорилгоор Кореан Эйр компаниас 2013 оноос эхлэн сургалтын зорилгоор компьютер, ширээн сандлын хамт хандивлаж “Мэдээлэл зүйн кабинет” тохижуулж өгч байсан юм.
Кореан эйр компани 21 жилийн турш Монгол орныг цөлжилтөөс хамгаалах үйл хэрэгт хувь нэмэр оруулахын тулд төгөл байгуулах ажлаа тууштай үргэлжлүүлээд явж байгаа бөгөөд цаашид ч дэлхийн хэмжээний авиа компаний хувьд нийгмийн өмнө хариуцлагаа хүлээж тусламж хэрэгтэй байгаа газарт итгэл найдварын гараа сунгах нийгмийн олон талт үйл ажиллагааг үргэлжлүүлэх аж.
Нөгөөтэйгүүр, Кореан эйр компани 2004 оноос хойш Монгол орны цөлжилт эрчимтэй явагдаж байгаа бүс нутагт төгөл байгуулах, Глобал мод тарих төслийн хэрэгжүүлж байгаа бөгөөд жил бүрийн тавдугаар сард Кореан эйр компанийн шинэ ажилчид Багануур дүүрэгт ирж цөлжилтөөс сэргийлэх, шар шороон шуургаас хамгаалах төв суурин газрын салхинаас хамгаалах ойн зурвас байгуулж байна. Энэ бүхний үр дүнд бий болсон Кореан эйрийн төгөл нь 21 жилийн туршид Сөүл хотын Ёидо цэцэрлэгт хүрээлэнгээс 2 дахин том буюу 44 га талбайтай битүү модтой өтгөн ой болж ургажээ. Одоогоор тус төгөлд улиас, хайлаас, чацаргана зэрэг үржил шимгүй хөрсөнд тэсвэртэй ургадаг 12 төрлийн, 125 мянга гаруй мод бут сөөг ургаж байна. Кореан эйрийн төгөл Багануур дүүргийн суурин бүсийг уурхайн тоосжилтоос хамгаалах ногоон хэрэм болж байна.
Сэтгэгдэл бичих