УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэлийн хамтарсан Засгийн газрын асуудлаар байр суурийг нь сонслоо.
Тэрбээр "Би болох ёстой зүйл болдгоороо болж байна гэж харж байгаа. Тэр тусмаа зөв зарчим руу явж байна. Парламент байнга эвсэл рүү түлхсэн, нэг нам олонх болох боломжгүй гэж зарим улстөрчид тайлбарладаг. Би арай өөр бодолтой байна. Бага татварыг, жижиг төрийг эрхэмлэсэн, иргэний том орон зайг бий болгох барууны гэгддэг нам өндөр татвар, их халамж, төрийн оролцоог эрхэмлэсэн зүүний гэгддэг намтай нэг тогоонд орохоор нөгөө улс төрийн намын бодлого, үзэл баримтлал хаачих вэ. Тэр тусмаа МАН, АН буюу парламентын 90 хувь нь нэг тогоонд орчихвол сонгууль хийж яах юм бэ.
Тийм учраас энэ хоёр бодлогын ялгаагаа гаргаж, үндсэн байрандаа очих хэрэгтэй. Ардчилсан нам сөрөг хүчнээ хийж, дундын зоонд байгаа бусад жижиг намууд аль нэгтэй нь эвсэж болно. Улс төрийн гол баруун, зүүн жигүүрийн том намууд эвсэж болохгүй.
Монголын парламентыг бүрдүүлж байгаа улс төрийн намуудыг төлөвшүүлэхэд энэ бол маш зөв алхам хийж байна. Ардчилсан намын дарга Л.Гантөмөр өөрөө хамтарсан Засгийн газар задарч байгаа бол өргөдлөө өгнө гэдэг хүсэлтийг гаргасан. Өргөдлийн дагуу дараагийн даргын сонгууль хэзээ болох вэ. Намын дүрмийн өөрчлөлт, намын их хурлаа хийх шаардлагатайгаа хэрхэн уялдуулах вэ гэдгийг Улс төрийн зөвлөлийн хурал дээр хэлэлцэж байна. Би намын даргад нэр дэвших эсэхийг хэлж мэдэхгүй байна. Энэ асуудал нээлттэй. Мэдээж Ерөнхийлөгчийн сонгуулийн бодлого үүний цаана бодогдож байгаа. Асуудал хаанаасаа хаашаа явж байгааг олон нийт харж байгаа байх. Ардчилсан намынхан ажил хариуцсан бол ажлынхаа ард гарах гэж зүтгэж, ажилладаг" гэв.
Сэтгэгдэл бичих