ЭМЯ-наас зонхилон тохиолдож буй 7 хорт хавдрыг эрт илрүүлэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ


5-р сарын 20
11 цаг 38 минут

Л.Төмөрбаатар: ЭМЯ-наас зонхилон тохиолдож буй 7 хорт хавдрыг эрт илрүүлэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Эрүүл мэндийн яамнаас зонхилон тохиолдож буй долоон төрлийн хорт хавдрыг эрт илрүүлэх, эмчлэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр бэлтгэл хангажээ. Хорт хавдраас сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөрийн талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх Л.Төмөрбаатараас тодрууллаа.

-ЭМЯ-наас “Хорт хавдрыг эрт илрүүлж, эмчлэх хөтөлбөр”-ийг яагаад хэрэгжүүлэх болов?
-Хорт хавдрын өвчлөл нас ахих тусам ихэсдэг. Тиймээс дэлхийн улс орнуудад эрт илрүүлэг явуулдаг. Монгол Улсад хорт хавдар хүн амын нас баралтын 20 гаруй хувийг эзэлж байна. 2024 оны статистикаар 8169 хүн хорт хавдраар оношлуулж, 4500 хүн энэ өвчний улмаас хорвоог орхижээ.  Манай улсад хорт хавдраар оношлуулж буй иргэдийн 65 хувь нь өвчнийхөө хожуу үедээ буюу эмчлэгдэх боломжгүй үедээ оношлуулж байна. Иймд ЭМЯ-наас “Хорт хавдрыг эрт илрүүлж, эмчлэх хөтөлбөр” хэрэгжүүлж, хожуу оношлуулж байгаа 65 хувийг 55 хувьд хүргэх зорилго тавин ажиллаж байна. БНСУ-д ходоодны хорт хавдрын өвчлөл их ч, эрт үедээ оношлуулж, бүрэн эмчлүүлдэг тул нас баралт бага байдаг.

Хөтөлбөрийн хүрээнд манай иргэдийн дунд зонхилон тохиолдож буй элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, хөх, бүдүүн гэдэс, уушгины хорт хавдрын урьдчилан сэргийлэх оношилгоо, эмчилгээг хүн амын нас, хүйс, эрсдэлт хүчин зүйлийн онцлогт нийцүүлэн төлөвлөлтийн дагуу 2028 он хүртэл үргэлжлүүлнэ. 

Эмэгтэйчүүдийг 30, 40 насанд нь нэг удаа хүний папиллома вирусийг илрүүлэх PCR шинжилгээнд хамруулна.

-Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрт илрүүлэг-1” хөтөлбөрөөс юугаараа ялгаатай вэ?
-“Эрт илрүүлэг-” хөтөлбөрийн хоёр дахь үе шат “Эрт илрүүлэг-2” буюу олон улсын стандартын дагуу илүү боловсронгуй болгоод үргэлжлүүлэн хэрэгжүүлж буй юм. Т.Мөнхсайхан сайд ажлаа хүлээн аваад л Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан гол зорилтуудын нэг болох хорт хавдрыг эрт илрүүлэх үндэсний хөтөлбөр боловсруулах ажлыг 2024 оны наймдугаар сард эхлүүлсэн. Одоо хөтөлбөр хэрэгжүүлэх шатандаа орж байна. Хорт хавдраас сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөрийн нэг гол ажил, бүрэлдэхүүн хэсэг нь хорт хавдрыг эрт илрүүлгийн хөтөлбөр юм.

-Өвчлөл ихтэй долоон хавдрын оношилгоог аль насанд нь хийх вэ?
-Насжилт болон өвчний онцлогоос хамаарч өвчин бүрд өөр өөр. Тухайлбал, 18-аас дээш насныханд элэгний В, С вирусийн оношилгоо хийнэ. В, С илэрсэн иргэдийг хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт зургаан сар тутамд хамруулна.

40-өөс дээш насанд хоёр жил тутамд улаан, хоолой, ходоодны  хавдар илрүүлэх дурангийн оношилгоонд хамруулна. Мөн бүдүүн гэдэсний хорт хавдар илрүүлэх шинжилгээнд 45-аас дээш насанд иргэн бүр өтгөнд цус илрүүлэх шинжилгээ өгнө. Олон улсын хэмжээнд бүдүүн гэдэсний хавдрыг илрүүлэх эхний шинжилгээ нь бүдүүн гэдсэнд цус илрүүлэх шинжилгээ. Хэрэв цус илэрвэл эрсдэлтэй гэж үзэж, бүдүүн гэдэсний дурангийн оношилгоонд хамруулна. Анус гэмтсэн болон өөр шалтгаануудаар өтгөнд цус илрэх шалтгаанууд бий. Хорт хавдрын шалтгаанаар таван хүний нэгд нь өтгөнд цус илрэх магадлалтай гэж үзэж байна.


40-70 насны эмэгтэйг хоёр жилд нэг удаа хөхний хорт хавдар илрүүлэх ЭХО шинжилгээнд хамруулна. ЭХО-гоор хавдрын голомт харагдвал маммаграфи буюу хөхний рентген оношилгоо хийнэ.

Умайн хүзүүний хорт хавдар илрүүлэх эсийн шинжилгээг өмнө нь 30-60 насны эмэгтэйд гурван жилд нэг удаа хийж байсан. 2025 оноос эхлэн 27 насанд нь нэг удаа эсийн шинжилгээ буюу пап шинжилгээ хийнэ. 30 орчим насанд хожуу шатны хавдар илрэх магадлалтай учир насыг гурван жилээр урагшлуулсан. Эсийн шинжилгээгээр шинж тэмдэг илрээгүй бол 30, 40 настай бүх эмэгтэйчүүдэд нэг удаа хүний папиллома вирусийг илрүүлэх PCR шинжилгээ хийнэ.

-30, 40 наснаас нь өнгөрсөн эмэгтэйчүүд яах вэ?
-Эмэгтэйчүүд 30, 40 насандаа алдахгүй хийлгэх хэрэгтэй. Хэрэв нас нь өнгөрсөн бол 45-63 насанд эсийн шинжилгээг дахин хийнэ. Товлолт нас нь биш бол сайн дураар аль ч эмнэлэгт хандаж шинжилгээ хийлгэх боломж нь нээлттэй. Гэхдээ төлбөртэй байх болов уу.

-Уушгины хавдрын эсрэг оношилгоог хэдэн насанд хийх вэ?
-50-иас дээш насанд 15-аас дээш жил тамхи татсан эрэгтэй, эмэгтэйчүүд бага тунт компьютер томографийн шинжилгээнд хамрагдана. Өрхийн эмнэлгийн асуумжид 15-аас дээш жил тамхи татсан гэж бөглөсөн 50-иас дээш насны хүн уушгины хавдар илрүүлэх оношилгоонд дуудагдана гэсэн үг. Уушгины хорт хавдраар өвдсөн иргэдийн 90-ээс дээш хувь нь тамхи татдаг хүмүүс байдаг.

-Ингээд хавдрын долоон төрлийн шинжилгээг хийлээ. Өвчин илэрвэл яах вэ?
-Оношлоод орхихгүй. Шинжилгээ өгөөд хавдар болон хавдрын урьтал өвчин батлагдвал тэр дагуу эмчилгээ хийнэ. Энэ бүх шинжилгээ, эмчилгээ эрүүл мэндийн даатгалаар санхүүжнэ. Иргэд эрүүл мэндийн даатгалаа төлсөн байхад л болох юм. 

ХСҮТ-өөс гадна Улсын I, II эмнэлэгт элэг, ходоодны хорт хавдрын мэс заслуудыг хийнэ. 

Монголд хорт хавдраар оношлуулж буй гурван хүний нэг буюу 65 хувь нь хожуу шатандаа оношлуулж байна. Энэ хөтөлбөрийг чанартай хэрэгжүүлснээр хорт хавдрын хожуу шатандаа оношлуулж буй 65 хувийг 55 хувьд хүргэж, эрт илрүүлэх хувийг нэмэх зорилго тавьж байна. Хөтөлбөрийг ЭМЯ-наас нэг удаа хэрэгжүүлээд зогсохгүй, цаашид үргэлжлүүлэх бодлого барьж байна. Эрт илрүүлэг тогтвортой хийснээр хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулна.

-Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэдий хэрийн хөрөнгө төсөвлөсөн бэ?
-Эрүүл мэндийн даатгалын сангаас гүйцэтгэлээрээ санхүүжнэ. Хүмүүс хэр идэвхтэй хамрагдахаас санхүүжилтийн дүн шалтгаална. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын нэг гол хэсэг болох цахимжилтын ажил одоо дуусах шатандаа ороод байна. Иргэдийг өрх, сумын эмнэлэгтээ хянах тогтолцоог нэвтрүүлж байна.

Орон нутгийн иргэд төв рүү эмчилгээнд яваад ямар эмчилгээ хийлгэсэн, өвчлөл нь ямар шатандаа байгаа гэх мэт нарийн мэдээллийг анхан шатны эмч нар нь мэдэх боломжгүй байв. Нэгдсэн мэдээллийн цахим санг нэвтрүүлснээр хувь хүний кодыг оруулахад л тухайн иргэн хаана, ямар эмчилгээ хийлгэсэн, хаана хянагдаж байгаа болон шинжилгээний хариуг ч хот, хөдөөгийн аль ч эмнэлгээс харах боломжтой болно. Нөгөө талаас иргэд зузаан өвчний түүх авч явах шаардлагагүй болох юм.

-Эмч мэргэжилтнүүдээ бэлдэж, эмнэлгийн тоног төхөөрөмжүүд нь хангагдсан уу?
-Бүх дүүргийн эмнэлгийн гол оношилгоон дээр ажиллах эмч, мэргэжилтнүүдийг хөх, элэгний хорт  хавдрыг илрүүлэх оношилгоо хийх эмч нарыг ЭХО-ны сургалтад хамруулсан. Компьютер, дүрс оношилгооны эмч нарын сургалт явуулсан. Мөн умайн хүзүүний хорт хавдрын оношилгоо, эмчилгээний сургалт явагдсан. Жишээ нь, умайн хүзүүний хорт хавдрын шинж илэрвэл эмч нар нь сургалтад хамрагдсан тул цаг алдахгүй эмчилгээг эхэлнэ гэсэн үг. Эмнэлгүүдийг оношилгооны шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр хангаж байна. Дурангийн оношилгооны аппарат, хөхний рентген аппаратаар аймаг, дүүргийн эмнэлгүүдийг хангах ажлууд явагдаж байна. 


Үр дүнд нь хорт хавдрын урьтал өвчин, эрт үеийн хавдар илрэх тоо нэмэгдэнэ. Тиймээс эмчилгээний бэлэн байдлыг хангахын тулд ХСҮТ-өөс гадна Улсын I, II эмнэлэг, зарим аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн чадавхийг сайжруулж байна. Тэр хүрээнд Улаанбаатар хотод ХСҮТ-өөс гадна улсын I, II эмнэлэгт элэг, ходоодны хорт хавдрын мэс заслуудыг хийнэ.

Мөн Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол, Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэгт элэг, ходоодны хорт хавдрын мэс засал хийх бэлэн байдлыг хангаж байна. Эмч, мэргэжилтнүүдээ сургаж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр хангаж байна.

Баруун бүсэд жишээ нь ходоод, улаан хоолойн хорт хавдар өндөр байдаг. Тиймээс Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт ходоодны хорт хавдрын мэс заслын эмчилгээг хийдэг болно. Баруун бүсийнхэн энэ шалтгаанаар заавал Улаанбаатарт ирэхгүй, орон нутагтаа эмчлүүлэх боломжоор хангана. ЭМЯ-ны төвлөрлийг сааруулах бодлогын нэг хэсэг нь хавдрын тусламж үйлчилгээн дээр хэрэгжиж буй юм. Дараа нь хүүхэд, нярай, гэмтлийн тусламж үйлчилгээг орон нутагт нь чадавхжуулахаар төлөвлөн ажиллаж байна.

 
 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Франц улс Амазоны ширэнгэн ойд өндөр хамгаалалттай шорон барина5 цаг 24 минутын өмнөГранд плазагаас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замыг хааж шинэчилнэ5 цаг 37 минутын өмнөЭМЯ-наас зонхилон тохиолдож буй 7 хорт хавдрыг эрт илрүүлэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ5 цаг 41 минутын өмнөБайгаль орчны чиглэлийн лабораториудыг нэгтгэлээ5 цаг 44 минутын өмнөЭТТ-д томилогдсон АТГ-ын комиссаруудын ХОМ5 цаг 46 минутын өмнөЖ.Соронзонд 24 сая төгрөгийг нөхөн олгохоор шийдвэрлэжээ5 цаг 48 минутын өмнөХууль бус цагаачлалыг дэмждэг Энэтхэгийн компаниудын ажилтнуудад визийн хориг тавьжээ5 цаг 50 минутын өмнөХууль бус цагаачлалыг дэмждэг Энэтхэгийн компаниудын ажилтнуудад визийн хориг тавьжээ5 цаг 52 минутын өмнөДэлхийн зөгийн өдөр тохиож байна5 цаг 55 минутын өмнө"Хамтарсан Засгийн газрын гэрээг яаралтай дүгнэх шаардлагатай"5 цаг 58 минутын өмнөЕрөнхий сайдыг огцрох өргөдлөө өгөхийг намын бүлэг нь шахжээ5 сар 19. 17:39Х.Баттулга цагдаагийн байгууллагад ханджээ5 сар 19. 17:27
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.