УИХ-ын гишүүн Б.Жаргалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ардчилсан намын бүлгийн хуралдаанд өчигдөр Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар оролцож нийслэлд хэрэгжүүлэх төслүүдийн талаар мэдээлэл өгсөн. Бүлэг мега төслүүдээс өөр асуудлыг хэлэлцсэн үү?
-УИХ-ын чуулганаар Монгол Улсын 2026 оны хөгжлийн төлөвлөгөө болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж байгаа. Үүнтэй холбоотойгоор бид Засгийн газар болон нийслэлээс зарлаад байгаа мега төслүүдэд эрэмбэ дэс дараа тогтоох юм уу, ер нь эдийн засгийн байдлаа эргэж харах юм уу? гэдгийг бүлэг дээр хэлэлцэж байна. Өнгөрсөн намар УИХ-аар улсын төсөв баталж байсан үеэс нөхцөл байдал багагүй өөрчлөгдлөө. Тэгэхээр одоо яг хамгийн чухал гэсэн төслүүдээ явуулах хөрөнгө оруулалтын орон зайг бий болгох, эрэмбэ дэс дарааллын хувьд арай хойгуур жагсаах төслүүдийг магадгүй танах зэрэг асуудлыг бид УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцээд шийдчихвэл дараа дараагийн удаа төсөв батлахад хий дэмий хоосон ТЭЗҮ, газар шорооны ажил хийхээс зайлсхийх боломжтой. Товчхондоо бол хэмнэлт үүсэх боломжтой гэсэн байр суурьтай байгаа. Тэр утгаар Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатарыг хэдэн долоо хоногийн өмнөөс эхлэн АН-ын бүлгийн хуралдаанд ирж мега гэгдэх төслүүдээ танилцуулна уу гэдэг хүсэлтийг хүргүүлсэн. Яагаад гэвэл нийслэл Улаанбаатар Монгол Улсаас илүү олон мега төсөлтэй болчхоод байна шүү дээ. Тиймээс энэ хүсэлтийн дагуу бүлгийн хуралдаанд Х.Нямбаатар дарга оролцсон.
Нийслэл дээр нийт 24 мега төсөл хэрэгжүүлнэ гэж үзэж, хөрөнгө оруулалтын нийлбэр дүнг 55 их наяд төгрөг байхаар тооцоолсон байгаа юм.
Гэтэл бид жилд төсөв дээр улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламжийг нийлүүлээд 5-6 их наяд төгрөг тавих гэж үйлээ үздэг. Тэр нөхцөлд 55 их наяд төгрөгийн төслийг нэгэн зэрэг эхлүүлж, мөнгө үрэн таран хийсэн дор бол эрэмбэ дэс дарааг хийсэн нь дээр гэдэг байр суурьтай байгаа.
Мөн бүлгийн хуралд Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал З.Нарантуяа танилцуулсан. Энэ бол мөн л 2026 оны хөгжлийн төлөвлөгөө болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлтэй уялдаатай асуудал. Намар хэлэлцэх ирэх жилийн улсын төсөвтэй холбоотой, магадгүй төсвийн тодотгол орж ирэхийг ч үгүйсгэхгүй. Тэгэхээр энэ нөхцөлд бид ирэх гурван жилийн улсынхаа эдийн засгийн хөгжлийг юу гэж харж байна вэ, аль аль төслүүдээ хэрэгжүүлэх нь илүү чухал болох зэргээр асуудлуудад бодитой хандаад явъя гэдэг зорилготой байгаа.
Х.Нямбаатар даргын яриан дээр хэд хэдэн асуудал анхаарал татлаа.
Улсын төсвийн аливаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил бол давхар давхар зорилго, ач холбогдолтой байдаг. Нэгдүгээрт, түгжрэл бууруулах, хотын дэд бүтэц сайжруулах зэрэг тодорхой асуудал шийдэх. Хоёрдугаарт, төрөөс хийж байгаа хөрөнгө оруулалт үндсэн зорилго, үр ашгаас гадна давхар эдийн засгийг тэлэх, дотоодын эдийн засагт эргэлт үүсгэх давхар ач холбогдолтой байх ёстой. Хотын даргын хувьд хоёрдугаар зорилгыг үл ойшоогоод байгаа мэт санагдаж байна. Жишээлбэл, Сэлбэ дэд төв гэх барилгын төсөл. Өмнө нь 2024 оны төсвийн тодотголоор 600 орчим тэрбум төгрөгөөр газар чөлөөлсөн Сэлбэ дэд төв дээр 1063 айлын орон сууц барина гэж байгаа. Тухайн орон сууцны хувьд 2024 оны арванхоёрдугаар сард хотоос босгосон гадаад бондын санхүүжилтээр буюу 500 сая ам.долларын санхүүжилт, мөн нэмэлт мөнгийг гаргаж нийт 2.4 их наяд төгрөгийн санхүүжилттэйгээр хот буюу төр орон сууц барихаар болсон. Тэгвэл төр бэлэн мөнгөөр орон сууц барих нь зөв юм уу, буруу юм уу? Барилгын салбарынхан бол төрөөс илүү үүнийг хийж чадна. Хоёрдугаарт, төр барилга барилаа гэж үзье. Саяхан тус дэд төвийн эхний хоёр багцын тендер зарлагдсан байна. 900 орчим тэрбум төгрөгийн санхүүжилттэй тендерт Хятад компани шалгарсан. Ингэснээр дотоодын аж ахуй нэгжүүдэд ажлын байр бий болгох, дотоодын аж ахуй нэгжүүдэд орлогын эх үүсвэр бүрдүүлэх зорилго ор тас алга болж байна гэсэн үг. Энийг асуухаар Хотын дарга Х.Нямбаатар манайд хүний нөөц дутагдалтай, компаниудын чадавх муу байна гэдгийг хэлээд байгаа.
Мөн чанартаа дотоодын аж ахуй нэгжүүдээ дэмжихгүйгээр яаж энэ эдийн засгаа хөгжүүлэх юм бэ?. Үүнээс болж Ардчилсан намын бүлэг хоттой ширүүн хэлэлцүүлэг өрнүүллээ.
Тендерүүдээ цуцал гэдэг байр суурийг ч гишүүд илэрхийлсэн.
"ГЭРЭЭ ДҮГНЭХ АЖЛЫГ ЯАРАЛТАЙ ХИЙХ ЁСТОЙ"
-Ерөнхий сайдын хүүтэйгээ холбоотойгоор өгсөн тайлбарыг дагаад Ардчилсан намынхны хагарал дахин сэдэрч байх шиг байна. Танай намын хэсэг гишүүд өчигдөр өглөө Л.Гантөмөр даргад шаардлага хүргүүллээ. Хамтарсан Засгийн газрын гэрээг ил болгох шаардлага тавьснаас гадна Ардчилсан нам Засгийн газраас гарах ёстой гэх байр суурьтай гишүүд ч бий. Үүнийг та юу гэж харж байна?
-Ерөнхий сайдтай холбоотой тодорхой асуудлууд үүсээд байгаа. Тэр тухайд бол Ерөнхий сайд тайлбар өгч, орлогоо нотлох нь зүйн хэрэг. Ил тод нээлттэйгээр ард түмэндээ хэлж, холбогдох байгууллагууд нь ч шалгах ёстой. Авлигатай тэмцэх газар /АТГ/энэ асуудалтай холбоотой хэд хэдэн гомдлыг шалгаж эхэлсэн гэж ойлгосон. Нөгөө талдаа АТГ-ын дарга З.Дашдавааг гишүүдийн дийлэнх олонхийн дэмжлэгтэйгээр улираан томилсон. Энэ бүхнээс үл харгалзан АТГ ажлаа хийх ёстой. Амралтын өдөр Ерөнхий сайдын өгсөн тайлбар мэдэгдэл бол хангалтгүй. Тодорхой нотлох баримтууд алга. Тиймээс нотлох зүйлээ нотолж, тайлбараа өгөх нь зүйн хэрэг.
Ардчилсан намын тухайд хамтарсан Засгийн газарт орох шийдвэрийг намынхаа төлөөллийн төв байгууллага болох Үндэсний бодлогын хороогоор гаргасан.
Миний хувьд ямар байр суурьтай байгаа вэ гэхээр хамтарсан Засгийн гэрээг дүгнэх шаардлагатай. Хамтарсан Засгийн газар байгуулагдаад 10 сар боллоо. Энэ хугацаанд ямар ажлууд хийгдсэн, гэрээний зүйл заалтуудын хэрэгжилт ямар байгааг дүгнэх тодорхой шаардлагууд байна гэж харж байгаа.
Энэ саналаа би Ерөнхий сайдыг Ардчилсан намын бүлгийн хуралдаанд оролцох үеэр, мөн Ардчилсан намын дарга, Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр хоёрт хандаж хэлсэн.
Гэрээг дүгнэх боломжтой гэх хариулт өгсөн. Тэгэхээр энэ ажил яаралтай хийгдэх ёстой.
-Төв талбайд иргэд долоо дахь хоногтоо үзэл бодлоо илэрхийлж жагсаж байна. Танай намын зарим гишүүн жагсаалд нэгдэж, Ерөнхий сайдыг огцруулах шаардлагад гарын үсэг зурлаа. Хэрэв хамтарсан Засгийн газар огцрох нөхцөл бүрдвэл таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
-Би бол залуучууд жагсч, үзэл бодлоо илэрхийлж байгааг дэмжиж байгаа. Бид өнгөрсөн хугацаанд жагсаж ч чадахаа болиод байсан гэхэд хилсдэхгүй. Нийгэмд айдас бий болсон нь үнэн. Тэгэхээр үүнийг сөрж залуучууд үзэл бодлоо илэрхийлж, төв талбайд тайван жагсч байгаад миний хувьд баяртай байгаа. Ингэж байж Монголын ардчиллыг амьд нээлттэй байлгаж, хамгаална. Тэр утгаар жагсаалыг бол үгүйсгэхгүй.
Хамтарсан Засгийн газар огцрох болон засагтай холбоотой бусад асуудлын тухайд бид эхлээд бүлгийн хурал, Ардчилсан намын шийдвэр гаргах бүтэц болох Үндэсний бодлогын хороогоор эхэлж ярьж, авч үзнэ.
Үүний дараа, дараагийн алхмаа хийнэ. Ер нь бол ойрын хугацаанд Ардчилсан нам шийдвэр гаргах бүтцийн хурлуудаа зарлах шаардлагатай гэсэн байр суурьтай байгаа.
-Иргэд мөн Ардчилсан намыг сөрөг хүчний буюу хяналтын үүргээ гүйцэтгэж чадахгүй байгааг шүүмжилж байна. Ардчилсан нам хамтарсан засагт хэт найр тавьж байна гэж хэлж болох уу?
-Би хувь гишүүнийхээ хувьд Засгийн газарт Ардчилсан нам орж хамтрахыг анхнаасаа дэмжээгүй. Сонгуулийн дүнг бүгд мэдэж байгаа. Ардчилсан нам УИХ-ын 2024 оны сонгуульд оролцохдоо Монголын ардчилал ухарч байна, автократ тогтолцоо бий болж байна. Энэ бүх зүйлийг сөрөхийн тулд эрх баригчдыг сонгохгүй байх ёстойг хэлж, сонгуульд оролцсон. Харамсалтай нь, бид дахин цөөнх болсон.
Ардчилсан улс оронд эрх баригч нарт хэзээ яг бодитой хариуцлага тооцдог гэхээр төрийн сонгуулиар. Гэтэл төрийн сонгуулиар хариуцлага тооцогдохгүй байхад явц дунд Ардчилсан нам хариуцлага тооц гэвэл хүнд.
Сэтгэгдэл бичих