“Хүүхдийн төлөө мэдээлнэ” уриатай Child.mn хэвлэл мэдээллийн байгууллагаас “Хүүхдэд ээлтэй сэтгүүл зүйн төлөө” уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
Уулзалтаар “Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хүүхдийг хэрхэн дүрслэн үзүүлж байна вэ”, “Цахим орчин дахь мэдээллийн эко системд хүүхдийн талаарх хуурамч, ташаа мэдээллийг хэрхэн ашиглаж байна вэ” зэрэг илтгэл болон хүүхдийн талаар дагнан сурвалжилдаг хэвлэл, мэдээллийн байгууллага, редакцаас өөрсдийн туршлага, тулгамдаж буй асуудал, ололт амжилтын талаар хэлэлцсэн юм.
ХЭҮК-ын Хүүхдийн эрхийн асуудал хариуцсан гишүүн Ж.Хунан ярихдаа, “Хүүхэд бол өөрийн гэсэн ертөнц, орон зайтай. Хүүхдэд хөгжил болон хамгааллын асуудлыг шийдэхэд хамгийн чухал нь хандлагын өөрчлөлт хүний эрхийг дээдэлсэн соёлыг нийгэмд бий болгох ёстой. Хүний эрхийн соёл гэдэг нь хүүхэд нэгдүгээрт зарчмыг бүх түвшинд хэрэгжүүлдэг. Энэхүү хэлэлцүүлэг хүн бүр хүүхэд хамгаалагч байх нөхцөл боломжийг бүрдүүлж, түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Хүний эрхийн үндэсний комиссоос сүүлийн таван жил бэлгийн хүчирхийлэл, дотуур байр, сурч боловсрох эрх, хүүхдийн эрх, хагас болон бүтэн өнчин хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн асуудлыг хөндөж ирсэн. Эдгээр тулгамдсан асуудлыг шийдэхгүйгээр урагш явахгүй. Монгол Улсын гуравны нэгийг хүүхэд бүрдүүлж байна. Хүүхдийн эрхийн асуудлыг өдөр бүр ярих хэрэгтэй. Зөвхөн хүүхдийн баяраар биш баяр хөөртэй, инээсэн, аз жаргалтай, сургуульдаа сурсан, өөрийгөө хөгжүүлсэн, найз нөхөдтэйгээ тоглосон орчныг бид бүрдүүлэх ёстой. Мөн цахим хэрэглээ хөгжсөн энэ цаг үед цахим орчинд хүүхдийг хамгаалах шаардлага тулгарч байна. Цахим орчинд ямар эрсдэл байгаа талаар хүүхдэдээ ойлгуулах таниулах, хэвшүүлэх нь чухал. Хүн бүр цахим орчин дахь мэдлэг мэдээллээ дээшлүүлэх нь зүйтэй. Хүүхдийн зураг дүрсийг нийтлэхдээ үргэлж цаана нь дээд ашиг сонирхол явж байгаа гэдгийг ухамсарлаж, зөв зохистой хэрэглээг хэвшүүлэх шаардлагатай” гэлээ.
Уулзалтад хүүхдийн дээд эрх ашиг, хөгжил, хамгааллыг сайжруулахын төлөө ажиллаж байгаа хэвлэл мэдээлэл, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо.
Сэтгэгдэл бичих