АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампийн 79 насны төрсөн өдөр зургадугаар сарын 14-нд тохионо. Мөн АНУ-ын армийн 250 жилийн ой энэ өдөр тохиох бөгөөд давхар баярыг тэмдэглэн Вашингтон олон сая ам.долларын парад зохион байгуулахаар төлөвлөж байна. Улс даяар төдийгүй дэлхий даяарх Америкийн арми, цэргийнхэн энэ түүхт өдрийг бахархан тэмдэглэдэг.
Парадад ойролцоогоор 25 танк, 150 орчим машин, 50 нисэх онгоц, 6500 гаруй цэрэг оролцох төлөвтэй байна. Эдгээрийн 10 орчим нь "M1 Abrams" танк юм.
Үйл ажиллагааны зардал 25-45 сая ам.долларын хооронд байх аж. Гэхдээ энэ зардалд хүнд даацын танкнаас үүдэлтэй замын эвдрэлийг засах, хог цэвэрлэх зэрэг зарим зүйлийг оруулаагүй. Трампийн засаг захиргаа зардлаа бууруулахаар ажиллаж байгаа ч энэ удаагийн үйл ажиллагаа хэт үрэлгэн болох төлөвтэй байгааг шүүмжлэгчид онцолж байна. Мөн давхар баярын парадыг эрх мэдлийн авторитар шоу гэж шүүмжлэгчид нэрлэжээ.
Байлдааны ялалтаа тэмдэглэх, цэргийн хүчээ харуулах зэрэг зорилгоор парад зохион байгуулдаг жишиг зарим улсад бий. Харин АНУ-д энэ төрлийн парад ховор болдог. Шинэ үеийн түүхэнд тод тэмдэглэгдэн үлдсэн нь 1991 оны парад юм. Тухайн үед Кувейтээс Саддам Хуссейны цэргүүдийг үлдэн хөөснийг тэмдэглэхээр танк болон олон мянган цэрэг Вашингтоны гудмаар жагсаж байв.
Түүнчлэн Трамп 2017 онд Францад айлчлахдаа тус улсын батлан хамгаалах хүчнийхэн Парисын Шампс-Елисейн өргөн чөлөөгөөр жагсахыг үзсэн юм. Үүнийхээ дараа тэр цэргийн хүчээ гайхуулах тушаалыг Пентагонд өгч байв. Улмаар 2019 оны долдугаар сарын 4-ний өдөр АНУ танк болон бусад хуягт тээврийн хэрэгслийн үзэсгэлэн гаргажээ.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Сэтгэгдэл бичих