АНУ-ын Мянганы сорилтын сангийн тусламжаар манай улсын хоёр аймаг, хоёр дүүрэгт 2012 онд 11-15 насны охидод умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг Хүний Папиллома Вирусийн халдвараас сэргийлэх дархлаажуулалтыг эхлүүлсэн ч олон нийтэд буруу мэдээлэл түгээсний улмаас зогсоосон. Тухайн үед 9000 гаруй охидыг дархлаажуулалтад хамруулсан бөгөөд уг вакцины үр дүнг үнэлэх судалгааг Хавдрын үндэсний зөвлөл ТББ-ын Гүйцэтгэх захирал, Анагаах ухааны доктор Б.Цэцэгсайханы ахалсан судлаачдын баг таван жилийн зайтай хоёр удаа хийжээ.
Монгол Улс 2023 оны 11-р сард Дархлаажуулалтын тухай хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж, Хүний Папиллома Вирусийн халдвараас сэргийлэх вакциныг дархлаажуулалтын үндэсний товлолдоо оруулж, 11 настай хүүхдүүдэд хийх товлолын вакцины нэг болгосон. Хуулийн уг зохицуулалт 2024 оны 11-р сарын 25-наас эхлэн хэрэгжиж, орон даяар 11 настай охид, хөвгүүдэд хийж эхэлсэн юм. Манай улсад 2021 умайн хүзүүний хорт хавдраар 312 хүн оношлогдож байсан бол 2024 онд энэ тоо 521 болж нэмэгджээ. Умайн хүзүүний хавдар нь элэгний хорт хавдрын дараа, эмэгтэйчүүдийн дундах хорт хавдрыг тэргүүлж буй бөгөөд Монгол Улс энэ үзүүлэлтээрээ дэлхийд болон бүс нутагтаа тэргүүлж байна. Охидод хийсэн Хүний Папиллома Вирусийн халдварын вакцины үр дүнгийн талаар доктор Б.Цэцэгсайхантай ярилцлаа.
-Манай улсад анх 2012 онд умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх вакцинжуулалт эхэлсэн ч бүрэн хэрэгжилгүй зогсоосон. Ямар шалтгаанаар вакцинжуулалтыг зогсоосон бэ?
-2012 онд манай улс Хүний Папиллома Вирус /ХПВ/-ийн эсрэг вакциныг нэвтрүүлж эхэлсэн Ази, Номхон далайн бүсийн эхний улс орнуудын нэг болж байсан. АНУ-ын Мянганы сорилтын сангийн төслийн шугамаар тухайн үед умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл хамгийн өндөртэй Өмнөговь, Сэлэнгэ аймаг болон Баянгол, Багануур дүүргийн 11-15 настай охидод “Гардасил” вакциныг үнэ төлбөргүй хийсэн. Тэр үед вакциныг эсэргүүцсэн Гал үндэстэн гэдэг байгууллагын хэсэг эмэгтэйчүүд “Охидыг үргүй болгох гэж байна” гэж нийгэмд шуугиан дэгдээсэн. Тухайн үед үнэндээ манай яамныхан, мэргэжлийн байгууллагууд ч сайн мэдэхгүй байсан учир вакцинжуулалтыг зогсоосон. Зарим эмч нар хүртэл эсэргүүцэж байв.
-Тэр үед “Гардасил” вакциныг хэчнээн хүүхдэд хийсэн бэ?
-9000 гаруй хүүхдэд хийсэн. Тухайн үед хангалттай сайн мэдээлэлгүй, Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газарт ажиллаж байсан би хүртэл энэ вакцинд эргэлзэж байсан. Дараа жил нь буюу 2013 онд би Австралийн Сидней хотод Шинэ Өмнөд Уэльсийн их сургуульд Нийгмийн эрүүл мэнд, эрүүл мэндийн удирдлагын чиглэлээр сурахаар явсан. Сурч байхдаа ХПВ-ийн халдварын эсрэг вакциныг зохион бүтээсэн Австралийн хоёр эрдэмтний /Ian Frazer, Jian Zhou/ нэг эрдэмтэн болох Ян Фрайзер гуайн илтгэлийг сонссон юм. Дэлхийд алдартай тэр том эрдэмтний өөрийн орны охидууддаа хийсэн вакцины маш сонирхолтой үр дүнг анх сонсоод, түүнээс хойш үргэлжлүүлэн судалсан юм.
Монголчууд бид мэдлэггүйгээсээ болж маш чухал вакциныг зогсоосныг Австрали улсад сурахаар очоод ойлгосон.
Австрали улс ХПВ-ийн эсрэг вакциныг дархлаажуулалтын хөтөлбөртөө 2007 оноос оруулж, 9-12 настай бүх охиддоо энэ вакциныг хийж эхэлсэн дэлхийн анхны улс болж байж. Намайг сурч байхад нэвтрүүлээд долоон жил болчихсон байв. Энэ вакцин нь умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг 16, 18 гэх хамгийн эрсдэлтэй хэв шинжүүдээс сэргийлдэг маш чухал вакцин, дэлхийн хөгжсөн улс орнууд аль хэдийнэ нэвтрүүлснийг ойлгосон.
Би охиндоо хийлгэе гэтэл вакцины үнэгүй хөтөлбөрт хамрагдах нас нь өнгөрсөн байсан. Тухайн үед эмийн сангаас нь бараг 100 ам.доллараар худалдаж авч, “Гардасил” вакциныг охиндоо хийлгэж байв. Тэр үедээ би эмч хүн атлаа энэ вакцины талаар ийм дутуу ойлголттой байхад жирийн ард иргэд сайн ойлгохгүй байх нь аргагүй юм гээд өөрөөсөө ичих шиг болж билээ. Монголчууд бид мэдлэггүйгээсээ болж ийм чухал вакциныг зогсоосныг тэгж ойлгосон.
-Та хэдэн онд сургуулиа төгсөж ирсэн бэ. Ирээд энэ ажлыг үргэлжлүүлэх боломж гараагүй юу?
-Хүн төрөлхтний хувьд хавдраас сэргийлэх хоёрхон вакцин л одоогоор байна. Элэгний хавдраас сэргийлэх В гепатитын эсрэг вакцин, Хүний Папиллома Вирусээр үүсгэгддэг хавдруудаас сэргийлэх ХПВ-ийн эсрэг вакцин. В гепатитын халдварын эсрэг вакциныг дөнгөж төрсөн нярай хүүхдүүдэд хийдэг, ирээдүйд элэгний хавдраас сэргийлж хийдэг вакцин. Уг нь ХПВ-ийн вакцин бол үүнтэй яг ижил ирээдүйд зургаан төрлийн хавдраар өвчлөхөөс сэргийлж хийж буй вакцин юм.
Би 2014 онд сургуулиа төгсөж ирээд ЭМЯ-ны НЭМГ-ынхандаа “Манай улс тэр вакцинаа хийх хэрэгтэй юм байна” гээд Австрали болон дэлхийн улс орнуудын жишээг ярихад бас л ойлголт тааруу хэвээрээ байсан тул халгаагаагүй. Яамныхан маань тухайн үед “Хоёр жилийн өмнө “Гардасил” вакцин хийлгэсэн хүүхдүүдэд ямар үр дүн гарсныг хэн ч мэдэхгүй. Монгол хүмүүсийн бие физиологи бусдаас өөр” гэх мэт зүйл ярьж байсан. Тэгэхээр энэ вакцин хийлгэсэн хүүхдүүдийг дагаж судлах судалгаа хэрэгтэй юм байна. Өөрийн орны үр дүнд суурилсан нотолгоо, хариулт хэрэгтэй юм байна гэж үзээд, Австралийн судлаачидтай холбогдож дөрвөн удаагийн судалгаа хийсэн.
ХПВ-ИЙН ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДЭЛХИЙН 149 УЛС ОРОН НЭВТРҮҮЛЖ, 100 САЯ ОРЧИМ ХҮН ХИЙЛГЭЭД БАЙНА
-Вакцин хийлгэсэн болон хийлгээгүй хоёр аймаг, хоёр дүүргийн тус бүр 1000 орчим эмэгтэйчүүдийг судалгаанд хамруулж, харьцуулсан. Вакцин хийснээс хойш таван жилийн дараа 2017 онд анхны судалгааг, 11 жилийн дараа 2023 онд хоёр дахь судалгааг хийж, үр дүнгээ ЭМЯ-д танилцуулж, олон улсын сэтгүүлүүдэд хэвлүүлсэн.
11 жилийн дараа тэр хүүхдүүд 23-28 настай байсан ба судалгаагаар вакцин хийлгэсэн хүүхдүүдэд Хүний Папиллома Вирусийн хавдар үүсгэдэг хамгийн өндөр эрсдэлтэй 16-р хэв шинжийн халдвар нэг ч илрээгүй. 100 хувь хамгаалагдаж, 99.9 хувьд дархлаа тогтсон байсан. Тэдний 70 гаруй хувь нь хэвийн жирэмсэлж, 60 гаруй хувь нь төрсөн байсан нь ойролцоо насны эмэгтэйчүүдтэйгээ ижил түвшинд байсан.
Харин вакцин хийлгээгүй эмэгтэйчүүдийн 8 хувь нь ХПВ-ийн хавдар үүсгэдэг өндөр эрсдэлтэй хэв шинжийн халдвар авсан байсан. 23-28-хан настай залуус халдвар авсан байна гэдэг тархалт маш өндөр байгаагийн илрэл. ХПВ-ийн халдвар авснаас хойш 10-15 жилийн дараа хавдар болдог. Хэрэв дархлаа муу байвал таван жилийн дараа ч хавдар болох тохиолдол ч байдаг. Манай улсад умайн хүзүүний хорт хавдрын тохиолдлын нас сүүлийн жилүүдэд улам залуужиж байна. Хорь гаруйхан настайдаа энэ хавдраар өвчилсөн тохиолдол хүртэл бүртгэгдэж байна.
Вакцин хийлгээгүй эмэгтэйчүүдийн 8 хувь нь ХПВ-ийн хавдар үүсгэдэг өндөр эрсдэлтэй хэв шинжийн халдвар авсан байсан.
-Энэ вакциныг хэр олон орон нэвтрүүлээд байна вэ?
-Энэ вакциныг 2007 оноос хийж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхийн 149 улс орон нэвтрүүлээд байна. 100 сая орчим хүн 500 сая тунг хийлгэсэн, хамгийн сайн судлагдсан аюулгүй вакцин. Өндөр хөгжилтэй бүх улс орнууд хийлгээд бараг 20 жил болж байна. Одоо Африк, Азийн цөөн хэдэн ядуу буурай орнууд л хийж чадаагүй үлдсэн байгаа юм билээ.
Хүний Папиллом Вирус нь зөвхөн умайн хүзүүний хавдраас гадна эрэгтэй, эмэгтэй аль аль хүйсэнд ам залгиурын хавдар, хошногоны хавдар, үтрээний хавдар, бэлэг эрхтэний хавдар, шодойн хавдар гээд зургаан төрлийн хавдар үүсгэдэг, хамгийн өргөн тархсан вирус. Түүнээс гадна энэ вирус эхээс урагт төрөх замаар дамжин хүүхдүүдэд амьсгалын замын дахидаг папилломатоз өвчнийг үүсгэдэг. Бас бэлэг эрхтэн, хошного орчмын бэлгийн үү, ургацгийн гол шалтгаан болдог. Эдгээр хавдар болон өвчлөлүүд Монголд маш өргөн тархсан боловч тэр болгон хүмүүс ийм өвчин туссанаа ярьдаггүй учир хүмүүс мэддэггүй, гэвч харамсалтай нь эмнэлгийн практикт өргөн тохиолддог.
-Хүний Папиллома Вирусийн эсрэг вакциныг нэг хийлгэчихвэл халдвараас хэдэн жил хамгаалах вэ?
-Энэ вакцин анх 2007 онд Австрали улсад нэвтэрснээс хойш 18 дахь жилдээ орж байна. Дагаж судалсан судалгаагаар дархлаа тогтоц хадгалагдсан хэвээрээ буюу хамгаалалт сайн хэвээрээ байна гэж үзсэн.
Энэ вирусийн халдварыг дийлэнх хүмүүс 25-аас доош насандаа авдаг. Тэгэхээр халдвар авах хамгийн эрсдэлтэй насанд нь хамгаалах нь чухал. 25 наснаас хойш дийлэнх нь гэр бүл зохиож, бэлгийн тогтмол хамтрагчтай болдог учир эрсдэл багасдаг гэж үздэг. Бид бас вакцины дараах дархлаа тогтцын шинжилгээг хийсэн. Манай судалгааны 11 жилийн дараах шинжилгээгээр ХПВ-ийн 16-р хэв шинжийн халдварын эсрэг 99.9 хувийн дархлаа тогтсон гэсэн маш чухал үр дүн гарсан.
-Алдагдсан боломжийг тооцож үзье л дээ. Хэрэв энэ вакциныг 2012 онд бүрэн хийсэн бол хэчнээн охид бүсгүйчүүд хавдраас сэргийлэх боломжтой байв?
-Умайн хүзүүний хавдраар жилд дунджаар 400-500 ээж оношлогдож байна. Тэгэхээр 12 жилд бараг 6000 хүнийг аврах боломжийг мэдээлэл муутайн улмаас алдсэн гэсэн үг. Энэ бол 6000 ээжийн хувьд алдагдсан боломж. Монголд хоёр өдөрт нэг эмэгтэй умайн хүзүүний хорт хавдрын улмаас нас барж байна. Миний хувьд ажилтай холбоотой учир хавдраар өвдсөн хүмүүстэй өдөр тутам уулзаж, тэдний зовлонг харж байгаагийн хүний хувьд маш харамсалтай санагддаг. Ялангуяа сэргийлэх боломжтой өвчин болох умайн хүзүүний хорт хавдраар залуухан эмэгтэйчүүд оношлогдож, хэчнээн нь бага насны үр хүүхдээ үлдээгээд хорвоог харамсалтайгаар орхиж байгааг харахад үнэхээр харамсмаар.
Вакцинаа хийлгэсэн бол ийм байдалд хүрэхгүй шүү дээ. Хүний эрүүл мэндтэй холбоотой буруу мэдээллийг түгээхэд ямар сөрөг үр дагаварт хүргэж, алс хэтдээ хэчнээн гэр бүл, үр хүүхдийг өнчрүүлж болохын бодит жишээ энэ. Ийм байдалд хүргэсэн хүмүүс хавдраас болж ээжийгээ алдсан бяцхан үрсийн өмнө, ээж болж амжилгүй хорвоогоос хальсан хэн нэгний эгч, дүүгийн өмнө хариуцлага хүлээх үү гэдгийг бодмоор.
-Улс орнууд шинжлэх ухаанд итгэж, халдварын тархалтыг зогсоож байхад манай улсад вакцин эсэргүүцэгчид өнөөдөр ч байсаар, олон нийтэд нөлөөлсөөр байна л даа?
-2024 оны 11-р сараас 11 насны охид, хөвгүүдэд Хүний Папиллома Вирусийн халдвараас сэргийлэх дархлаажуулалтыг эхэллээ. Нийгмийн сүлжээнд олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл гарсаар буй хэдий ч иргэд мэдээлэлд шүүлтүүртэй ханддаг болсон нь сайшаалтай. Өнөөдрийн байдлаар энэ вакцины дархлаажуулалт улсын хэмжээнд 55 хувийн хамрагдалтай байгаа нь Монгол Улсын хувьд чамлахааргүй үр дүн.
Ийм чухал вакциныг хэдхэн хүн эсэргүүцэж байгаа нь ямар нэг ашиг сонирхлын үүднээс олон нийтийг буруу мэдээллээр цэнэглээд байна уу гэсэн хардлага төрмөөр харагдаж байна.Монголд энэ вакцин нэвтрэхээс өмнө боловсролтой, мэдээлэлтэй, мөнгөтэй хүмүүс нь Солонгос, Тайланд руу явж хүүхэдэдээ ХПВ вакциныг хийлгэж байсан. Нэг тун вакцин сая орчим төгрөгийн өртөгтэй, хоёр сарын зайтай хоёр удаа хийлгэх ёстой учир бүрэн тунг хийлгэх гэж хоёр удаа хүүхдээ дагуулаад нисдэг байсан. Дэлхийгээр тархан суурьшсан монголчууд маань энэ вакцины талаарх өөрийн амьдарч байгаа орны мэдээллийг гэр бүлийнхэн, ахан дүүсдээ хэлж ойлгуулах хэрэгтэй юм.
Австрали улсын хувьд өөрийн орных нь эрдэмтэн уг вакциныг нээсэн учир хамгийн анх эхэлсэн, хавдрын тохиолдлын тоо нь эрс багассан, үр дүн ч сайн байгаа. 2030 гэхэд дэлхийд анх удаа умайн хүзүүний хавдаргүй улс болсноо зарлана гэсэн төлөвлөгөөнийхөө дагуу явж байгаа.
Австралийн араас Шотланд маш амжилттай явж байна. 2024 онд Шотланд улсад болсон хурал дээр Шотланд улс вакцин хийлгэсэн хүүхдэд умайн хүзүүний хавдар нэг ч илрээгүйг зарласан. Умайн хүзүүний хорт хавдар бол ядуу улс орнуудын ядуу эмэгтэйчүүдийн хавдар гэж нэрлэдэг болсон байна лээ. Харин манай улс энэ янзаараа байвал 2070 хүртэл умайн хүзүүний хорт хавдар өвчнөөс салахгүй гэсэн тооцоолол гарсан.
ХПВ-ИЙН ЭСРЭГ ЭМЧИЛГЭЭНИЙ ВАКЦИНЫ ХЭД ХЭДЭН ТУРШИЛТ, СУДАЛГААНУУД ЯВАГДАЖ БАЙНА
-Монголд Гардасил вакцин хийж байна. Дэлхийд энэ төрлийн хэчнээн вакцин байна вэ?
-Гардасил бол Америкт үйлдвэрлэж буй вакцины худалдааны нэр. Одоогоор Хүний Папиллома Вирусийн халдвараас сэргийлэх зургаан вакцин зах зээлд гарсан. Хятад улс дотооддоо үйлдвэрлэж эхэлсэн. Хятадын хоёр вакцин нь албан ёсны зөвшөөрлөө ДЭМБ-аас авчихсан. ДЭМБ вакцинуудыг хянаж, үнэлж, олон жил судалсны эцэст зөвшөөрөл өгдөг. Анх үйлдвэрлэгч нь цөөхөн, вакцин ховор байсан. Одоо бол зургаан төрлийн вакцин гарсан, нөөц хомсодно гэх асуудалгүй болсон.
-Энэ вакцин өндөр үнэтэй юм байна. Монгол Улс ямар шугамаар авч байна вэ?
-Тийм ээ, өндөр үнэтэй. Тийм учраас цөөн хүн амтай, бага дунд орлоготой улс орнуудын захиалгуудыг нэгтгээд НҮБ-ын Хүүхдийн сангийн шугамаар хямдруулсан үнээр, нэгдсэн журмаар вакцин оруулж ирдэг. Ингэснээр “Гардасил” вакциныг ямар нэгэн тендерээр биш, 4.5 ам.доллар буюу маш хямд үнээр манай улс авч байгаа.
-Хямд байхаар чанарт нь эргэлзэх хандлага ажиглагддаг?
-Тийм биш. АНУ-ын Мерк Шарп үйлдвэрийн хамгийн сайн вакциныг манай улс хүүхдүүддээ хийж байна. Хүүхдийн вакцинууд НҮБ-ын Хүүхдийн сангийн шугамаар нийлүүлэгддэг тул чанарын баталгаатай вакцинууд ирдэг.
-Папиллома вирусийн халдвар авсан тохиолдолд эмчлүүлэх боломжтой юу?
-Папиллома вирусийн халдвар авсан тохиолдолд одоогоор анагаах ухаанд төгс эмчилгээ гараагүй байна. Дархлаа дэмжих зөвлөгөө өгөхөөс өөр яг энэ вирусийн эсрэг тусгай эмчилгээ байхгүй гэсэн үг. “ХПВ илрүүлэх шинжилгээгээр эерэг гарсан, хэчнээн жил янз бүрийн эмчилгээ хийлгэсэн ч вирус арилахгүй байна. Хавдар болох вий гэж айж байна. Яаж эмчлэх вэ?” гэсэн маш олон эмэгтэйчүүд зөвлөгөө авахаар надтай өдөр тутам холбогдож байдаг.

Умайн хүзүүний хорт хавдар бол ядуу улс орнуудын ядуу эмэгтэйчүүдийн өвчин гэж нэрлэдэг болсон байна лээ.
Харин одоо Хүний Папиллома Вирусийн эсрэг эмчилгээний вакцины хэд хэдэн туршилт судалгаанууд нэлээн хэдэн оронд явагдаж байна. Эхний үр дүнгүүд нь маш сайн гарсан. Шотландын хуралд очиход энэ вакциныг бүтээсэн Австрали эрдэмтэн Ян Фрейзер илтгэл тавихдаа “Хүний Папиллома Вирусээс сэргийлэх урьдчилан сэргийлэх зорилготой вакциныг би зохион бүтээсэн. Одоо бид вирусийн халдвар авсан хүмүүсийг эмчлэх вакцины судалгаан дээр ажиллаж байна. Хэдэн жилийн дараа эмчлэх вакцинаа амжилттай нэвтрүүлбэл Хүний Папиллома Вирусийг бүрэн устгах боломж бүрдэнэ” гэж хэлж байсан.
Энэ нь ХПВ-ийн халдвар авсан, хавдар болох шатандаа яваа хүмүүст тэр вакциныг эмчилгээний зорилгоор хийнэ гэсэн үг. Туршилтууд амжилттай болбол хэдэн жилийн дараа Хүний Папиллома Вирус, умайн хүзүүний хавдар эмчлэгдэх боломж бүрдэнэ гэж найдаж байгаа.
-Эмэгтэйчүүдэд 30 наснаас эхлэн гурван жил тутамд өрхийн эмнэлэгтээ умайн хүзүүний хавдраас сэргийлэх эсийн шинжилгээ хийж байна. Энэ шинжилгээ хэр үр дүнтэй гэж үздэг вэ?
-ПАП шинжилгээ буюу эсийн шинжилгээ нь энэ вирусийн халдвар авснаас болж хавдрын урьдал, хавдар болсон үед нь илрүүлдэг. Вирусийн халдвар авснаас хойш 5, 10, 15 жилийн дараа хавдар болдог буюу тэр үед нь эсийн шинжилгээгээр илрүүлж байна гэсэн үг. Тэгэхээр хоцорсон байдаг.
Нөгөө талаас эсийн шинжилгээний үр дүн эмгэг судлаач эмчийн ур чадвараас ихээхэн хамаардаг. Сорьцыг эрүүл хэсгээс нь авбал юу ч илрэхгүй байх магадлалтай тул хаанаас авах хүртэл чухал байдаг. Хавдар байх магадлалтай хэсгээс нь авч, наацыг эмгэг судлаач сайн эмч харахгүй бол тэнд байгаа хавдрын эсийг анзаарахгүй өнгөрөх магадлал өндөр байдаг. Хүний ур чадвараас хамаардаг учир алдаа гарах магадлал өндөртэй гэж үздэг.
Тиймээс дэлхий нийтээр үндсэн шалтгаан болон Хүний Папиллома Вирусийг илрүүлэх шинжилгээг илүү үр дүнтэй гэж үзэж, энэ шинжилгээнд шилжиж байна. Жишээ нь, Австрали улс хүн амынхаа эрт илрүүлгийн шинжилгээнд таван жил тутамд Хүний Папиллома Вирус илрүүлэх шинжилгээг оруулсан байдаг.
Манай улс ч дэлхийн чиг хандлагын дагуу 2025 оны нэгдүгээр сард гарсан Эрүүл мэндийн сайдын тушаалаар эрт илрүүлгийн үзлэгт 30, 40 насны эмэгтэйчүүдэд Хүний Папиллома Вирусийг илрүүлэх шинжилгээг хийхээр заасан. Хувийн эмнэлгүүдэд энэ шинжилгээг хийж байна. Шинжилгээ хийлгээд вирусийн халдваргүй, нас залуу бол урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдаж хавдраас сэргийлэх боломжтой юм.
-Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцины талаар шинэ мэдээлэл, зөвлөгөө өгсөн Танд баярлалаа.
Сэтгэгдэл бичих