УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн нэгдэх хэлэлцүүлгийг хийж буй бөгөөд гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар:
-Солонгосын Экзим банкнаас 10 аймгийн дулааны станц барина гээд зээл авсан. Зарим аймагт ажил эхлээд гүйцэтгэл нь 40-45 хувьтай хийгдээд зогссон, зарим аймагт ажил эхлээгүй. Гэтэл 40-45 хувийн гүйцэтгэлтэй төсөл зогссон байгаа ажил дээр Монгол Улс хүү төлөөд явж байна. Хэдэн төгрөгийн хүү төлсөн бэ. Дуусаагүй ажил дээр бид мөнгө төлөөд байна. Энэ асуудал дээр хэн хариуцлага хүлээх вэ. Биднээс хамаарахгүйгээр Солонгосын компани дампуурчихаад байхад Монголын тал Солонгосын дампуурсан компанийн өмнөөс хүү төлөөд байгаа дээр хэн хариуцлага хүлээх вэ. УИХ-аар 2025 оны төсөв ярьж байхад энэ нөхцөл байдал яригдсан, түүнээс хойш өнөөдөр өөрчлөгдсөн зүйл юу ч алга?
Эрчим хүчний яам, Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга н.Хуягцогт:
-Дулааны станцын зээлийг анх 2018 онд байгуулсан. Зээлийн хэлэлцээрээр зөвхөн БНСУ-ын компани тендерт шалгарах нөхцөлтэй гэрээ байсан. 2021 онд тендер шалгаруулалт эцэслэж, 2022-2026 онд дуусах нөхцөлтэйгээр ажил явж байсан. Ажлын гүйцэтгэл 10 аймгаас 9 аймаг дээр 44-46 хувьтай, санхүүжилтийн гүйцэтгэл 43.6 хувьтай байна. Энэ тендерийн нэг асуудал нь түлхүүр гардуулах нөхцөлтэй, гэрээний үнэд тохируулга хийхгүй гэдэг хатуу гэрээтэй. Харамсалтай нь, өнгөрсөн хугацаанд гүйцэтгэгчээр шалгарсан компани санхүүгийн хүндрэлд орсноос төслийн хэрэгжилт удааширсан.
Төсөл гүйцэтгэгч Солонгосын компани 2026 оны эхний улиралд гэрээгээ дуусгах нөхцөлтэй ажлаа шахаж явсан. 2025 оны гурван сарын эхээр санхүүгийн хүндрэлд орсноос дахин санхүүжүүлэх хүсэлт гаргаж шүүхийн процесс явсан.
Шүүхийн процесс дээр БНСУ-ын Экзим банк, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам, СЯ, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Эрчим хүчний яам хамтран энэ нөхцөл байдлыг эрсдэл багатай даван туулахаар ажлыг зохион байгулж байна. Зээлийн хүү жилийн 0.15 хувийн хүүтэй. Хүүг хэрхэн шийдвэрлэх талаар саналаа Экзим банкинд Сангийн яамтай хамтран гаргасан. Ямар ч тохиолдолд энэ төсөл шүүхийн процессоос хамаараад төлөвлөснөөсөө зургаан сараас 1 жилийн хугацаагаар хойшлох нөхцөл үүссэн. Хүндрэлийг хамгийн богино хугацаанд даван туулахаар хөтөлбөр боловсруулж, Засгийн газрын хуралдаанд оруулахаар ажиллаж байна.
Сангийн яам, н.Дэлгэржаргал:
-Зээл нь 40 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил. Жилийн хүү 0.15 хувь. Одоогоор 610.7 сая төгрөгийн хүү төлсөн. Үндсэн хүү төлөлт 2028 оноос эхэлнэ.
УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар:
-Зээлийн хүүнд нь Монгол Улс 610.7 сая төлчихсөн байхад дулааны цахилгаан станц нь ашиглалтад ороогүй байна. Сургууль цэцэрлэг барих мөнгө зөвхөн хүүнд явчихаж…
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
-2025 онд ядуурал өмнөх 8 жилээсээ маш их байна. Худалдан авах чадвар эрс буурсан байна. Инфляци 8.6 хувь байгаа нь ихэнх тоо баримттай нийцэхгүй байна. Ямар аргачлалаар бодсон юм бэ. Таван тэрбум ам.долларын валютын нөөцтэй хэр нь яагаад төгрөгийн ханш унаад байна вэ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ оны эхний дөрвөн сард 10 сая тонн нүүрс зарснаас 1 сая тонныг биржээр худалдаалсан байна. Өнгөрсөн жил тус компани 10 сая тонн нүүрс зарснаас 9 саяыг нь биржээр зарсан. Төсвийн тэнцвэржүүлсэн орлого өнгөрсөн жил 2.1 их наядын ашигтай гарч байсан. Өнөөдөр мөнгө байхгүй, нүүрсээр л бид амьдарч байгаа. Экспорт өссөн гээд байгаа Оюутолгойн 500 сая ам.доллар манайхаар дамжихгүй, зүгээр тоо. Манай бодитой экспорт бол нүүрс, алт. Ийм байхад гоё төслүүдээ яаж явуулах вэ?
Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж:
-2026 оны хөгжлийн төлөвлөгөөтэй хамт орж ирж байгаа нэг баримт бол Төсвийн хүрээний мэдэгдэл. Ирэх жилийн төсвийн орлого болон зарлагыг энэ жилийн нэгдсэн төсвийн тоотой ойролцоо байдлаар оруулж ирсэн. Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх төслийг УИХ-аас хэрэгжүүл гээд үүрэг даалгавар өгсөн учраас орон зай гаргах шаардлагатай. Зарлагын том реформын шинжтэй хэмнэлт хийхээр ажиллаж байна. УИХ -аас байгуулагдсан ажлын хэсэг, Засгийн газар дээр мөн зөвлөл ажиллаж байна. Энэ баасан гаригт Засгийн газрын хуралдаанд зардлыг бууруулах, бүтээмжийг сайжруулах төлөвлөгөө оруулна. Ирэх жилийн төсвийнхөө суурийг энэ жил хэмнэлт хийж явснаар эхлүүлнэ.
Нийт зарлагын бүтцийн 74 хувь нь урсгал зардал байдаг. Цалин, тэтгэвэр дийлэнх зардал болчихоод байгаа.
Том зардлууд дээрээ орж ажиллахаас аргагүй болсон. Хоёр чиглэлээр ажиллана. Нэгдэх нь төрийн чиг үүрэг гэдэг юу юм бэ, зарим ачаануудаа хувийн хэвшил рүү шилжүүлэх ямар боломж байна вэ гэдгийг ажлын хэсэг судална. Төрийн чиг үүрэгт хамаарахгүй ажлын орон тоог хэмнэх замаар зардлыг хэмнэнэ.
Төсөвтэй холботойгоор 208 хуулийн 1028 заалтаар төсвийн харилцааг зохицуулж байгаа.
Төрийн албан хаагчийн цалин, хөлс нийгмийн баталгааны тухай асуудлыг нэг хуулиар зохицуулж, орлогын ялгаатай байдлыг өөрчлөх, энэ хүрээнд томоохон арга хэмжээ хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Энэ хүрээнд урсгал зардлыг 15 хувиар бууруулна. Нөгөө талдаа бүтээмжийг муутгахгүй байх талаас ажиллахаар төлөвлөгөө гаргаад ажиллаж байна.
Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр:
-8.6 хувийн инфляци бол улсын хэмжээнд гарсан дүн. Улаанбаатар хотод инфляци 10.1 хувьтай байгаа. Үндэсний статистикийн хороо гаргаж, манай яаманд ирүүлсэн.
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор дуудлага худалдаа амжилтгүй явж байна гэж харж байгаа. Дуудлага худалдаанаасухрах асуудал байхгүй. Гол нь ам нөхцөлөөр худалдвал ямар вэ. Ийм асуудал байгаа. Цаашдаа дотоодод бий болж байгаа үйлдвэрийг эрдэс баялгаар хэрхэн хангах вэ гэдэг шинэ бодлого гарах юм билээ.
Сэтгэгдэл бичих