Өнөөдөр Туркийн Истанбул хотноо болох Орос-Украины уулзалтад ерөнхийлөгч Путин оролцохгүй гэдгийг Кремлиэс мэдээллээ.
Түүний оронд ерөнхийлөгчийн зөвлөх болон Батлан хамгаалахын сайд нар нь оролцох юм байна.
Путин өнгөрсөн ням гарагт Истанбулд "ямар ч урьдчилсан нөхцөлгүйгээр" Украинтай шууд яриа хэлэлцээ хийх саналыг гаргасан. Гэхдээ өөрөө биечлэн оролцох тухай ам цухуйлгаагүй юм.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленський түүнийг өнөөдөр болох уулзалтад биечлэн ирэхийг уриалсан. Путинийг оролцвол АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ч мөн тус уулзалтад очно гэдгээ мэдэгдээд байв.
Зеленський Турк улсад айлчилж байгаа ч Путинийг оролцохгүй бол уулзалтад өөрөө оролцохгүй гэдгээ мэдэгдсэн.
Истанбул хотод болох уулзалтад төрийн тэргүүнүүд оролцохгүй нь дайныг дуусгахад дорвитой шийдвэр, алхам гарахгүй байх магадлалтай гэсэн таамгийг үүсгэлээ.
Путин болон Зеленський нар 2019 оны арванхоёрдугаар сараас хойш биечлэн уулзсан удаагүй. Хоёр улсын төлөөлөгчид хамгийн сүүлд 2022 оны гуравдугаар сард Истанбул хотноо уулзаж байв.
Эх сурвалж: Reuters
Сэтгэгдэл бичих