Уругвайн ерөнхийлөгч асан Хосе Мухика буюу олноо "Пепе" нэрээр танигдсан эрхэм 89 насандаа таалал төгслөө. Ахмад партизан тэрээр 2010-2015 онд Уругвайн ерөнхийлөгчөөр ажиллажээ. Даруухан амьдралын хэв маягаас нь улбаалаад түүнийг дэлхийн хамгийн "ядуу" ерөнхийлөгч хэмээн нэрийддэг байв.
Одоогийн ерөнхийлөгч Яманду Орси түүний үхэлд эмгэнэж буйгаа цахим хуудсандаа илэрхийлжээ. Тэрбээр "Бидэнд үлдээсэн бүхэнд тань, ард иргэддээ өгсөн халуун хайранд тань талархлаа" гэжээ.
Хосе Мухикагийн үхлийн шалтгааныг хараахан тодруулж зарлаагүй байна. Гэхдээ нас барахаасаа өмнө тэр улаан хоолойн хорт хавдраар шаналж байжээ.
Тэрээр ерөнхийлөгчөөр ажилласан он жилүүддээ хэт их хэрэглээг шүүмжилсэн үзэл баримтлалтай байсан. Мөн Уругвайг хүмүүст марихуаныг зугаа цэнгэлийн зорилгоор ашиглахыг хууль ёсны дагуу зөвшөөрсөн анхны улс болгосон юм. 3.4-хөн сая хүн амтай улсын ерөнхийлөгч гэхэд тэр ер бусын нэр хүндтэй нэгэн байжээ. Нөгөөтэйгүүр түүнийг улс төрийн хүрээллийн хүн биш гэж үзэгсэд ч байсан билээ.
Тэрээр Уругвайн нийслэл Монтевидеод дундаж давхаргын айлын хүү болон мэндэлжээ.
1960-аад онд Тупамарос Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн буюу халдлага, хүн хулгайлах, цаазлах үйл ажиллагаа явуулдаг зүүний үзэлтэй партизаны бүлгийг үүсгэн байгуулахад Хосе Мухика оролцсон байна. Гэсэн ч өөрийгөө ямар ч хүн амины хэрэг үйлдээгүй гэдгийг үргэлж баталдаг байв. Тус бүлэгт байх хугацаандаа Мухика дөрвөн ч удаа баригдаж байсан. Мөн хоёр удаа шоронгоос оргосон ба нэг нь Уругвайн шоронгийн түүхэн дэх хамгийн том орголт байдаг. 1973 онд Уругвайн арми төрийн эргэлт хийхэд Хосе Мухика баривчлагдаж, 14 жилийн шоронд өнгөрүүлжээ. Шоронд байхдаа ихэнх цагаа хүнд хэцүү нөхцөлд, тусгаарлагдмал байдалд өнгөрүүлсэн бөгөөд 1980 онд Уругвайд ардчилал сэргэх үед сая суллагдсан. Тэрээр шоронд байхдаа сэтгэлээр унаж, хямарч, солиоролд автаж, заримдаа шоргоолжтой хүртэл ярьдаг байснаа хожим дурссан байдаг. Түүний хувьд хамгийн аз жаргалтай дурсамж нь шоронгоос суллагдсан тэр үе. Ерөнхийлөгч болсон үеийн мэдрэмж нь ч үүнийг гүйцээгүй гэдэг.
Суллагдсанаасаа хойш хэдэн жилийн дараа тэр хууль тогтоогч болж, улмаар 2005 онд Френте Амплиогийн засгийн газарт сайдаар томилогджээ. Ингээд 74 насандаа 2010 онд Уругвайн ерөнхийлөгч болсон байдаг. Мухика 2015 онд ерөнхийлөгчийн суудлаас буусан ч улс төрийг 2020 онд орхижээ. Гэсэн ч тэр уругвайчуудын хувьд нэгэн тод дүр хэвээр үлдсэн юм.
Мухика хорт хавдартай болсноо өнгөрсөн жил зарлажээ. Ингэхдээ өөрийнхөө нас сүүдрийг дурдаад, "Үхлийн аюул нэгэнт ойртсон, гэхдээ үүнийг байгалийн жам гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Үхэл зайлшгүй гэдгийг бүгд л мэднэ. Магадгүй үүнийг хүний амьдралын давс гэж болох юм" гэж хэлж байжээ.
Өнгөрсөн жил Мухика хорт хавдар туссан гэдгээ зарлаж, насаа дурьдаж, үхлийн аюул ойртох нь олонтаа болсон ч эцсийн үр дүнг жүжиглэлгүйгээр байгалийн зүйл гэж үргэлж хүлээн зөвшөөрсөн.
ЭХ СУРВАЛЖ: BBC
Сэтгэгдэл бичих