Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга асан, Төрийн соёрхолт, Гавьяат эмч П.Батчулуун ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Түүний биеийн байдлын талаар өмгөөлөгч Б.Баяраагаас тодруулахад "П.Батчулуун эмч ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тасагт буюу улаан бүсэд хэвтэн эмчлүүлж байгаа. Тийм учраас өөртэй нь байнга уулзах боломжгүй. П.Батчулуун эмчийн биеийн байдал сайнгүй байна.
Багадаа тархиндаа хүнд гэмтэл авч байснаас гадна зүрхэндээ зургаан стент тавиулсан. Анхан шатны шүүх хурлаас хойш Улсын гуравдугаар төв эмнэлэг дээр хоёр стент зүрхэндээ тавиулсан.
Зүрхний үйл ажиллагаа нь маш сул, даралт нь тогтворгүй байгаа. Дээр нь сүрьеэ өвчний шинж тэмдэг илэрч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Түүний хорих ангиас хянаж байгаа бөгөөд 24 цагийн хянах камер байршуулсан. Улсын дээд шүүхээр хэргийг хүлээн авч, хянан шийдвэрлэхээр болсон. Удахгүй шүүх хурал болох байх" гэсэн юм.
П.Батчулуун эмчийг хүний эд эрхтэнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцон /2025.01.20/ өдөр шүүхээс 2.6 жилийн ял оноосон. Тус хэргийг П.Батчулууны гомдлын дагуу дахин хэлэлцэхээр болж шүүх хуралдааныг өнгөрсөн гуравдугаар сард /2025.03.13/ нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд хэлэлцсэн байдаг. Давж заалдах шатны шүүх түүний гомдол болон өмгөөлөгчийн хүсэлт зэргийг хэлэлцэж, П.Батчулуунд оноосон 2.6 жилийн ялыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн юм.
Хэргийг эргэн сануулбал, П.Батчулууныг Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байхад 2023 оны наймдугаар сарын 5-6-нд шилжих шөнө иргэн А Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд замд зам тээврийн ослоор нас барсан харамсалтай хэрэг болсон. Энэ үед хохирогчийн ар гэрийнхнээс элэг, бөөр, түүний эргэн тойронд байгаа судсыг авах талаар зөвшөөрөл авсан байдаг. Гэтэл А-гийн биеэс зөвшөөрөл аваагүй зарим эд эрхтнийг авсан хэрэгт буруутгагдан улмаар яллагдагчаар татагдсан юм.
Сэтгэгдэл бичих