Орос, Украины ерөнхийлөгч нар энэ Пүрэв гаригт гал зогсоох асуудлаар Туркт уулзах төлөвтэй байна. Тэгвэл Украин дахь дайныг зогсооно гэсэн амлалт өгсөн хүний хувьд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ уулзалтад нэгдэж магадгүй аж.
Трамп энэ долоо хоногт Персийн булангийн орнуудад айлчилж байна. Хоёр дахь бүрэн эрхийн хугацаа эхэлснээс хойших анхны айлчлалын хүрээнд тэрбээр Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират, Катар улсуудад буугаад мордоно.
Тэрбээр "Хэрвээ хэрэгтэй гэж бодвол Турк руу чиглэлээ өөрчилж магадгүй. Туркт болох Пүрэв гаригийн уулзалтаас сайн үр дүн гарна гэж хүмүүс найдаж байгаа байх. Яг тэр өдөр хаана байхаа би мэдэхгүй, надад маш олон уулзалт байна. Гэхдээ тийшээ нисч очих талаар бодож л байна. Болно гэдэгт нь итгэх юм бол болж ч магадгүй" гэв.
Энэ мэдэгдлийн дараа Зеленский "Бид Трампийн оролцоог талархан хүлээж авах болно. Ерөнхийлөгч Трамп уулзалтыг бүрэн дэмжиж байгаа нь чухал. Түүнийг Туркт ирвэл баяртай байх болно" гэсэн юм. Мөн "Украин хэзээд дипломат байдлыг дэмжинэ. Би Туркт бэлэн байх болно. Даанч дэлхий дахин Оросын зүгээс гал зогсоохтой холбоотой тоймтой хариулт сонсоогүй л байна" гэжээ.
Туркт болох уулзалтад Путин, эсвэл Оросын өөр албан тушаалтан оролцох нь тодорхойгүй байна. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Туркийн Гадаад хэргийн сайд Хакан Фидантай утсаар ярихдаа энэ уулзалтын талаар дурдсан ч гэлээ Путин оролцох эсэхийг онцлон мэдээлээгүй.
Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы хувьд уулзалтыг зохион байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлжээ. Сүүлийн үеийн яриа хэлэлцээнүүд шинэ цонхыг нээсэн гэж тэр үзэж байна. Мөн "Энэ боломжийг үгүй хийчихгүй байх гэж бид найдаж байна" гэжээ.
ЭХ СУРВАЛЖ: CNN
Сэтгэгдэл бичих