Америкийн мэс засалчид 19 настай өвчтөний хүзүүний дээд нугалмын хорт хавдрыг анх удаа нүдний ухархайгаар дамжуулан авчээ. Мэс засал амжилттай болсон тухай “The Washington Post” сонинд, мөн Мэрилендийн их сургуулийн Анагаах ухааны төв мэдээлсэн байна.
Трансорбитал буюу нүдний ухархайгаар хийгддэг эндоскопын мэс заслын аргыг зарим тохиолдолд нүдний ухархай, гавлын ясны урд ба дунд хөндий, хамрын дайвар хөндий болон гавлын доторх судасны мэс засалд ашигладаг. Харин хүзүү нурууны мэс засалд энэ аргыг өнөөг хүртэл хэрэглэж байгаагүй юм.
Мэриленд муж улсын оршин суугч Карла Флорес 18 настайдаа жолооны курст суралцаж байхдаа нэг зүйл хоёр харагдаж, дүрс давхарлаж харагдаж байгааг мэдэрсэн байна. Олон сарын турш хийсэн оношилгоо, эмчилгээ үр дүнд хүрээгүй тул нүдний эмч түүнийг мэдрэлийн мэс заслын эмч Мохамед Лабибтай уулзахыг зөвлөжээ. Шинжилгээгээр түүний гавлын ясны урд хэсэгт маш ховор төрлийн хорт хавдар илэрсэн бөгөөд уг хавдар нь тахианы өндөгний хэмжээтэй болж, зүүн нүд болон харааны мэдрэлийн судлыг нь дарсан байжээ.
Уг хавдрыг хоёр удаагийн мэс заслаар, найман хоногийн зайтайгаар авчээ. Эхлээд гавлын ясыг нээж (трепанаци хийж), дараа нь хамрын хөндийгээр мэс засал хийсэн байна. Гэвч мэс заслын үеийн нарийн шинжилгээний явцад түүний хүзүүний дээд нугалмуудыг хамарсан өөр нэг хавдар илэрсэн нь нугасны сувгийг нарийсгаж, тархины амин чухал үйл ажиллагаанд шууд нөлөөлөх эрсдэл бүхий байрлалтай байв.
Ийм төрлийн хавдрыг хүзүүний зөөлөн эдээр дамжуулан авах нь маш төвөгтэй бөгөөд гүрээний тараагуур судас, хүзүүний венийн судас, гавлын ясан доторх мэдрэлийн судлууд, дунд чихний хөндийг залгиуртай холбосон сувгийг гэмтээх эрсдэлтэй. Мөн мэс заслыг амны хөндийгөөр хийвэл халдвар авах аюултай байжээ. Иймээс Лабиб эмч трансорбитал аргыг ашиглах боломжийг судалж эхэлсэн байна. Тэрбээр энэ аргыг хэдэн жилийн турш хүний цогцос дээр хийсэн туршилтын явцад боловсруулсан бөгөөд 2023 онд энэ аргынхаа талаар “Journal of Neurosurgery” сэтгүүлд өгүүлэл нийтэлжээ.
Сэтгэгдэл бичих