Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 20 настай хүүгийн тансаглал Монголын ард түмнийг бухимдуулж, ёс зүй нэхэн, орлогоо нотлохыг шаардаж байна.
Эцэг нь хувийн бизнесгүй шахам, хүү нь эрхэлсэн ажилгүй атал ямар орлогоороо найз охиныхоо төрсөн өдрөөр нь алмазан шигтгээтэй бөгж, Сhanel цүнх, Miu Miu брэндийн пиджак өгч, данс руу нь 20 сая төгрөг шилжүүлж, эрхлүүлсэн нь олон нийтийн хувьд мэдэх ёстой, Ерөнхий сайдын хувьд ч тайлбарлах ёстой асуудал мөнөөсөө мөн.
Гэвчиг өнгөрсөн долоо хоногоос шуугиан тарьсан дуулиант асуудалд гүйцэтгэх засаглалын тэргүүн өнөөдрийг хүртэл тайлбар хийсэнгүй, УИХ-д 68 суудалтай МАН-ын бүлгийн гишүүдээс ч нэг нь ч орлогоо нотлохыг шаардаж, ёс зүй нэхсэнгүй.
Ардчилсан намын бүлгийн гишүүд ч таг чиг. Хаа, хаанаа гүрийж, гүлдийж дуугүй сууж байгаад энэхүү асуудлыг өөр нэг дуулиант сэдвээр дарна гэж тооцож буй бололтой.
Одоогоос гурван жилийн өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы танхимд нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар мэдээлэл хийх үеэрээ төрийн албан хаагчдаас шударга ёс нэхэж байв. Энэ талаар Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ “Арван хуруундаа алтан бөгжтэй хууль сахиулагчдыг шударга ёс тогтооно гэдэгт олон нийт эргэлзэж байна. Зайсангийн амнаас Санзайн зуслан хүртэл Жи класс хөлөглөж, тансаг хаусанд амьдарсан төрийн албан хаагчдыг орлогоо нотлохыг ард түмэн шаардаж байна” гэж мэдэгдсэн удаатай. Харин одоо ард түмэн Ерөнхий сайдаас шударга ёс нэхэж, орлогоо нотлохыг шаардаж байна.
Төсвийн мөнгөөр хүүгээ АНУ-ын Лондон хотод амьдруулаагүй, 250 сая төгрөгийн үнэтэй автомашин хөлөглөж эрхлүүлээгүй юм бол тайлбар хийх ёстой. Тайлбарлаж чадахгүй бол албан тушаалаасаа огцроод буух ёстой.
Ардчилал хөгжсөн оронд эрхтэн дархтан нь хөрөнгө орлогоо нотолж чадаагүй бол албан тушаалаасаа огцордог нь хууль юм.
Монгол Улсад шударга ёс тогтоох үзэл санаа тань үнэн байсан бол өнөөдөр энэ бүхнийг өөрөөсөө эхлүүлэх ёстой. Шударга ёс гэдэг эрхтэн дархтанд үйлчилдэггүй, энгийн ард иргэдэд үйлчилдэг зарчим биш ээ.
Монголын ард түмэн өнөөдөр яаж амьдарч байгааг мэдэж буй биз ээ. Аж ахуй нэгжүүд нь татварын өрөнд дарлуулж, ард иргэд нь зээлээс зээл, өрнөөс өрний хооронд амьдрал нь өрнөсөөр өнөөдөртэй золголоо. Хүүтэй тань үе тэнгийн залуу өдрийн 100 мянган төгрөг олохын тулд барилга дээр өглөөнөөс үдшийн бүрий хүртэл цемент үүрч, тоосго өрж, амьдралаа залгуулж буй.
Таны хүүгийн найз охиныхоо төрсөн өдөрт зарцуулсан 50, 60 сая төгрөгийг Монгол залуус олохын тулд хэдэн арван жилээр гадаадад хүнд хөдөлмөр эрхэлж байна.
Монголдоо, гэр бүлийнхнийхээ дэргэд амьдрах хүсэл мөрөөдөлтэй ч үр хүүхдээ сайхан орчинд амьдруулахын тулд байрны урьдчилгаа олохоор харийн оронд боолын хөдөлмөр эрхэлж буй.
Монголын ард түмнийг сайхан амьдруулах, касстын системд шилжчихээгүйг нотолъё гэж байгаа бол одоо орлогоо нотол, ёс зүйтэй байя Ерөнхий сайд аа!.Бүдүүн бүлэг ч 2024 оны сонгуульд юу амлаж ярьснаа мартаагүй гэж найдъя.
Парламент нь гүйцэтгэх засаглалын тэргүүндээ “бөлдөгдүүлчихээгүй” юм бол УИХ-ын гишүүд Ерөнхий сайдаас ёс зүй нэхэх учиртай. Шударга ёс дээрээсээ тогтож байж, төр цэвэршинэ, улс төр тунгалаг болно.
Түүнээс төрийн дээр сандайлсан хэд нь төсвийн мөнгөөр үр хүүхдээ гадаадад сургаж, түүнийг нь мэдсээр байж парламент нь хаацайлдаг нам нь нам дардаг байх юм бол Монгол авлигаасаа салахгүй, монголчуудын амьдрал ч дээшлэхгүй.
Авлига, албан тушаалын байдлаа урвуулан ашигладаг ёс зүйгүй үйлдлүүдээс болж Монголын хөгжил хэдэн арван жилээр хойшилж, монголчууд нь “уланд” амьдарч байна. Тиймээс хаа, хаанаа ёс зүйтэй байя.
Г.ХОРОЛ
Сэтгэгдэл бичих