Оросын Курск мужийн нутаг дэвсгэрт Украины эсрэг байлдаж байсан Умард Солонгосын 600 орчим цэрэг амиа алдсаныг Өмнөд Солонгосын тагнуулын алба мэдээлжээ.
Өнгөрсөн оны наймдугаар сард Украины цэргүүд Курск мужид довтолж, тодорхой нутаг дэвсгэрийг хяналтдаа аваад байсан.
Энэ хугацаанд Украины цэргүүдийг тус мужаас гаргахад Умардын цэргүүд Оросын армид тусалсан. Үүнийг өнгөрсөн долоо хоногт Москва болон Пьёньянаас анх удаа хүлээн зөвшөөрсөн юм.
Тэгвэл Украины армитай байлдаж байхдаа Умардын 600 орчим цэрэг амь үрэгдэж, 4000 гаруй цэрэг шархадсаныг БНСУ-ын тагнуулын алба лхагва гарагт мэдээлэв.
Умардаас 10 мянга гаруй цэргээ Оросын армид илгээсэн гэсэн мэдээлэл байсан юм.
Энэ долоо хоногт ОХУ Курск мужийг эргээд өөрсдийн хяналтад бүрэн авч, украин цэргүүдийг гаргаснаа зарласан. Энэ үйл ажиллагаанд тусалсан Умардын цэргүүдийг “баатарлаг” хэмээн магтсан.
Эх сурвалж: Yonhap
Сэтгэгдэл бичих