"Оюу толгой” компани эрдэс баялгаас эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээх алсын хараатайгаар хүүхэд залуусын боловсролыг дэмжих олон төсөл, хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсээр ирсэн.
Энэ хүрээнд “Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай Говийн оюу хөгжлийг дэмжих сан (ГОХДС)-аар дамжуулан Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Гурван сайхан хороололд орон нутгийн иргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан, 1200 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн цогц бүтээн байгуулалтыг санхүүжүүллээ.
Гурван сайхан хороолол нь аймгийн төвөөс алслагдмал, Даланзадгад сумын шинэ суурьшлын бүсэд хамаардаг. Сургуулийн өмнөх насны хүүхдүүд гэрээсээ 4-6 км хол зорчиж цэцэрлэгтээ очдог байжээ. Тус бүсэд шинэ цэцэрлэг, сургууль баригдсанаар суурь боловсролын үйлчилгээ ойртож, хүүхдүүд цэцэрлэг, сургуульдаа очих гэж хол зам туулахгүй, тав тухтай орчинд сурж, хүмүүжих нөхцөл бүрдэж байна. Түүнчлэн, 140 орчим багш, ажилтны шинэ ажлын байр орон нутагт бий болсон юм.
ГОХДС-ийн Гүйцэтгэх захирал С.Эрдэнэбат нээлтийн үйл ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ, “Гурван сайхан хороололд баригдсан сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалт нь орон нутгийн хэрэгцээ шаардлага, Өмнөговь аймаг, сумдын хөгжлийн бодлого төлөвлөлттэй уялдсан нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад бодит хувь нэмэр оруулж буй юм. Өнөөдөр мөн ГОХДС-ийн 10 жилийн ой тохиож байгааг онцлон хэлмээр байна. “Оюу толгой” компани 2015 оноос хойш жил бүр 5 сая ам.доллартай тэнцэх хөрөнгө оруулалтыг Говийн оюу хөгжлийг дэмжих сангаар дамжуулан Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэн, хэрэгжүүлж ирсэн. 1200 хүүхдийн 6 дугаар сургууль, 200 хүүхдийн 33 дугаар цэцэрлэг нь нийт 24.2 тэрбум төгрөгийн төсвөөр бүтээн байгуулагдсан нь Өмнөговь аймгийн төдийгүй улсын хэмжээнд орон нутаг дахь боловсролын салбарт хийгдэж буй томоохон бүтээн байгуулалтын нэгт зүй ёсоор орно” хэмээн онцоллоо. “Оюу толгой” компани ирээдүй хойч хүүхэд багачууд, залуусын боловсролыг дэмжихийн төлөө орон нутгийн иргэдтэйгээ тууштай хамтран ажиллаж, бодитой хувь нэмэр оруулсаар байна.
Говийн оюу хөгжлийг дэмжих сан “Оюу толгой” компани 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Өмнөговь аймаг болон тус аймгийн Ханбогд сумтай Хамтын ажиллагааны гэрээ байгуулж, гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” төрийн бус байгууллагыг 2015 оны 9 дүгээр сард байгуулсан.
ГОХДС нь Өмнөговь аймаг болон “Оюу толгой” компанийн түншлэгч сумд болох Ханбогд, Баян-Овоо, Манлай, Даланзадгад сумдын тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, тэдгээрийг үр ашигтай, зүй зохистой удирдан зохион байгуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. ГОХДС 2015 оноос хойш Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд 160 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээс зөвхөн боловсролын салбарт чиглэсэн буюу сургууль, цэцэрлэгийн барилга барих, тохижуулах, тоног төхөөрөмжөөр хангах, багш нарыг чадавхжуулах сургалт зэрэг 169 гаруй төслийг 46.3 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн байна.
Томоохон төслүүдээс дурдвал:
• Даланзадгад сумын 1,200 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг
• Ханбогд сумын 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг
• Даланзадгад сумын 174 хүүхдийн 25, 26 дугаар цэцэрлэг
• “Говийн оюу – Оюутны тэтгэлэг” хөтөлбөрийн хүрээнд 2016-2024 оны хугацаанд давхардсан тоогоор 630 оюутанд нийт 1.5 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгосон.
• Аймгийн байгалийн түүхийн музейг 100 хувь санхүүжүүлэн, барилга бүтээн байгуулалтыг хийж 2022 оны 5 дугаар сард нээсэн нь боловсрол, шинжлэх ухааны салбарт хийсэн томоохон хөрөнгө оруулалт төдийгүй аялал жуулчлалын чухал цогцолбор болсон.
• Аймгийн хэмжээнд иргэдийн боловсролыг дэмжих зорилгоор сургалтын байгууллагын удирдлага, манлайллын менежментийг сайжруулах, бүх шатны боловсролын байгууллагын сургалтын чанарыг дээшлүүлэх хөтөлбөрийг 2024-
2028 оны хооронд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Сэтгэгдэл бичих