Монгол Улс ирэх онд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулна.
Үүнтэй холбогдуулж Гадаад харилцааны яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр зэрэг байгууллага хамтран өнөөдөр Хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалтыг анх удаа зохион байгууллаа. Зөвлөлдөх уулзалтад Ерөнхийлөгчийн Тамгын газар, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, манай улсад суугаа Элчин сайдын яамд, НҮБ болон бусад олон улсын хөгжлийн агентлаг зэрэг байгууллагын 80 гаруй төлөөлөл оролцов. Энэ үеэр Монгол Улсын Засгийн газраас тус бага хурлыг зохион байгуулах хүрээнд баримталж буй бодлого, зорилтыг танилцуулж, хөгжлийн түнш улс, байгууллагуудтай хэрхэн хамтарч ажиллах тухайд харилцан ярилцав.
Энэхүү бага хурлыг зохион байгуулалтыг хариуцсан Үндэсний хороог Засгийн газрын тогтоолоор байгуулаад буй. Тус Үндэсний хороог Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа ахалж байгаа юм. С.Одонтуяа сайд өнөөдрийн уулзалтын үеэр хэлэхдээ ирэх онд COP17-ыг Улаанбаатар хотноо 14 хоногийн хугацаанд зохион байгуулах гэж байгаа нь маш том боломж бөгөөд стратегийн чухал үйл явц болно. Учир нь монгол орны нийт газар нутгийн 76.9 хувь нь цөлжөөд буй энэ үед тус хурлыг хөгжлийн түншүүдтэйгээ хамтран эх орондоо зохион байгуулах нь монгол орны газар нутаг, байгаль орчныг экологийн сүйрэлд хүргэхгүй байх боломжит хувилбар байх болно хэмээн үзэж байгаагаа хэллээ.
Мөн үеэр ГХЯ-ны дэргэдэх Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын Бэлтгэл ажлын албаны дарга Н.Чимгүүндарь “Өмнө нь бидний хийж байсан ажил ихэвчлэн дотоодын зохион байгуулалт руу чиглэж ирсэн. Өнөөдрийн хурлын хувьд, COP17-ыг зохион байгуулах бэлтгэл ажлын алба НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа. Учир нь олон улсын түвшний хурлыг зохион байгуулахад нэг улс хүчирдэггүй. Тиймээс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр уг хурлын бэлтгэл ажлыг дэмжиж, хамтран ажиллахаар болж байна гэсэн үг.
Үүний зэрэгцээ манай улс 2026 оныг "Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил" болгох НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоолыг санаачлан батлуулсан орны хувьд COP17 бага хурлын үеэр "Бэлчээрийн шүхэр санаачилга", "Бэлчээрийн олон улсын эвсэл"ийн талаар танилцуулахаар бэлтгэж буй. Энэхүү санаачилгатай холбоотой баримт бичгийг боловсруулах, олон улсын дэмжлэг авах, нөгөө талдаа санхүүжилт босгох шаардлагатай. Тиймээс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр энэ бүх ажил дээр дэмжлэг үзүүлэх юм” хэмээн ярилаа.
Сэтгэгдэл бичих