Узбекистан Улсын парламент Олий Мажилисын сенатын танхимын дарга Танзила Нарбаевад бараалхав


4-р сарын 8
15 цаг 35 минут

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Узбекистан Улсын парламент Олий Мажилисын сенатын танхимын дарга Танзила Нарбаевад бараалхлаа.

 

Уулзалтын эхэнд Олий Мажилисын сенатын танхимын дарга Танзила Нарбаева, хүндэт зочдыг тавтай морилохыг уриад, Олон Улсын Парламентын Холбооны 150 дугаар Ассамблейд Монгол Улсын Их Хурлыг төлөөлөн оролцож буйд талархал илэрхийлэв. Тэрбээр олон жилийн түүхтэй манай хоёр улсын найрсаг харилцаа нийгэм, цаг үеийн хөгжлийн өөрчлөлтөд улам бүр бэхжин, өргөжин тэлж буйг онцлон тэмлэглэв. Түүнчлэн өнгөрсөн оны зургаадугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийсэн айлчлал нь хоёр улсын харилцааны түүхэнд шинэ хуудас нээсэн, онцлох үйл явдал болсныг тодотголоо.

 

Энэхүү айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж, манай хоёр улсын харилцааны эрх зүйн таатай орчныг бэхжүүлж, хууль тогтоох дээд байгууллага хооронд харилцан айлчлал хэрэгжүүлэх, туршлага солилцох зэргээр нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн хэмээн Олий Мажилисын сенатын танхимын дарга Танзила Нарбаева дурдлаа. Мөн өнгөрсөн аравдугаар сард болсон Олий Мажилисын ээлжит сонгуульд УИХ-ын гишүүн, Монгол-Узбекистаны бүлгийн дарга С.Эрдэнэбат тэргүүтэй төлөөлөгчид ажиглагчаар оролцсоныг тэмдэглээд, цаашид парламент хоорондын олон талт харилцааг идэвхжүүлснээр нийгэм, эдийн засгийн бусад салбарт хамтын ажиллагаа өргөжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

 

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал амжилттай хэрэгжиж, Узбекистан улс дахь Элчин сайдын яам үүдээ нээсэн онцлох үйл явдлуудын араас хүрэлцэн ирж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд, халуун дотно угтан авсанд талархал дэвшүүлэв. Тэрбээр үргэлжлүүлэн, өнгөрсөн онд манай хоёр улс парламентын сонгуулиа амжилттай зохион байгуулсныг тэмдэглээд, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд шинээр бүрдсэн 126 гишүүнтэй парламентад 32 эмэгтэй гишүүн сонгогдсоныг тодотголоо.

 

Түүнчлэн Олон Улсын Парламентын Холбооны 150 дугаар Ассамблей Ташкент хотноо амжилттай үргэлжилж, Узбекистан улс Төв Азийн орнуудаас Ассамблейг зохион байгуулж буй анхны улс болж буйд баяр хүргэлээ. Уг Ассамблейн үеэр бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагаанд парламентуудын гүйцэтгэх үүрэг, хувь нэмрийг баталгаажуулж, хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх, харилцан туршлага солилцоход чухал үр дүнтэй уулзалт хэлэлцүүлгүүд өрнөж байгааг тэмдэглэв. УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, манай хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, тэр дундаа хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх боломж санаачилгын хүрээнд холбогдох яам, агентлагийн төлөөлөлтэй санал солилцсон хэмээн дурдлаа. Цаашид өсөн нэмэгдэх эдийн засгийн өгөөж бүхий харилцан ашигтай хамтын ажиллагааг онцлох салбаруудад эрчимжүүлснээр бүс нутгийн түншлэлийг бэхжүүлэх давуу талтайг талууд онцолсон юм.

 

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Олий Мажилисын сенатын танхимын дарга Танзила Нарбаеваг ирэх онд Монгол Улсад болох Азийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад оролцохыг урив. Энэ удаагийн уулзалтад УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Н.Наранбаатар, Б.Пунсалмаа, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж болон Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батбаатар нар байлцав  хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ10 сар 30. 15:36"Казахстанаас гадна бусад улсын иргэн болсон хүмүүст халамж олгосон эсэхийг шалгаж байна"10 сар 30. 15:36Google-ийн зах зээлийн үнэлгээ 500 тэрбум ам.доллароор буурчээ10 сар 30. 15:35Оюу толгойн хоёр ажилтны гэмтэл амь насанд халгүй, 13 ажилтныг эмнэлгийн хяналтаас гаргажээ10 сар 30. 15:35Дарханы дулааны цахилгаан станцын насжилтын хугацаа хэтэрч гэмтэл гарчээ10 сар 30. 15:35Н.Учрал: Оюутолгойгоос ногдол ашиг авах нь баталгаажсан, тоогоо бол тогтоогүй10 сар 30. 15:34Дэлхийн банк: Зэсийн ханшийн төсөөллийг өсгөлөө10 сар 30. 15:32Шүүхээс Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгсан шийдвэрийг хүчингүй болгов10 сар 30. 15:31Шатахууны хангамж, түгээлтэд тавих хяналтыг чангатгаж, зөрчил гаргасан ААН-үүдэд хариуцлага тооцно10 сар 30. 15:31Эрүүл мэндийн салбарын бодлого, зохицуулалтыг системийн түвшинд цогцоор нь шинэчлэхэд чиглэсэн Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв10 сар 30. 15:24Оросын үндэсний баялгийн сангийн хоригийг цуцалж магадгүй10 сар 29. 16:51ББСБ, ломбард 4.5 хувиас дээш хүүтэй зээлвэл мөнгө хүүлэлт гэж үзнэ10 сар 29. 16:51
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.