Хуралдаа суудаггүй гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлье!


3-р сарын 14
11 цаг 14 минут

Хуралдаа суудаггүй гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлье!

УИХ-ын хаврын чуулганыг ирэх долоо хоногийн Даваа гаригт /2025.03.17/ нээнэ. УИХ-ын гишүүдийн хувьд толгой өөд татах завгүй ажиллах өдрүүд ирж байна гэсэн үг.  Гэвч 126 гишүүнээс хэд нь унтах нойроо хугаслан өдөр, шөнөгүй ажиллаж, хэд нь ар өврөөр нь орж, ажлаа таслан сураг алдрахыг таашгүй. Учир нь УИХ-ын намрын чуулганы хугацаанд ажлаа таслан алга болсон гишүүдийг Х.Баттулга, С.Лүндэг нар өнгөлсөн.

Тодруулбал, УИХ-ын намрын чуулганы хугацаанд нэгдсэн хуралдаан 32 удаа болоход Х.Баттулга гишүүн 16 удаагийн хурлыг тасалж, 6-д нь чөлөө авч, нэг удаа гадаад томилолт авснаар нийтдээ 26 удаагийн хуралдааныг тасалсан байдаг.

Харин УИХ-ын гишүүн С.Лүндэг нь 21 удаагийн хуралд оролцоогүй буюу 15 удаа эмнэлгийн чөлөө авсан бол зургаад нь тасалсан ирцтэйгээр намрын чуулганыг өндөрлүүлсэн юм. Энэ бол зөвхөн хоёрхон гишүүнд хамаарах жишээ. Цаана нь гадаад, дотоод томилолт өвөртлөн ажлаа хийдүүлж явсан маш олон гишүүн бий.

УИХ-ын намрын чуулганаар маш олон чухал хуулийн төслүүд хэлэлцэгдэж байхад арван хуруунд тоологдох гишүүд сууж, хуулийн төсөл хэлэлцсэнийг олон нийт зөндөө л харсан.

Тиймдээ ч нийгэм даяараа ажлаа хийхгүй хийдүүлж байгаа гишүүдэд шүүмжлэлтэй хандаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлага ч тавьж байв. Гэвч УИХ-ын дэгийн тухай хуульд энэ тухай зохицуулалт тусгаагүй тул УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо ажлаа хамгийн олон тасалсан гишүүдийг нэр заан хэлэлцсэн болоод л өнгөрсөн.

Энэ талаар УИХ-ын Ёс зүй дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар “Хуралдаа суудаггүй гишүүд байна, Х.Баттулга, С.Лүндэг. Нийгэм өнөөдөр хуралдаа суухгүй байгаа гишүүдэд онцгой анхаарал хандуулж байна. Хууль тогтоох байгууллагад төлөөллийн ардчиллыг хангаж сонгогдож ирсэн юм бол хуралдаа сууж байх ёстой.  УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүний ажил нь,  үүрэг нь. Тийм учраас гишүүдийн ирцийн нарийвчилсан мэдээллийг оруулж ирж, шаардлагатай бол дараагийн хуралд  Монгол Улсын Их хурлын гишүүний ёс зүйн дүрмийн дагуу хариуцлага тооцох саналыг оруулж ир гэж та бүхэндээ хэлье” гэсэн ч ямар ч хариуцлага тооцоогүй.

Хэрэв төрийн албан хаагч ажлаа хэд хоног шалтгаангүйгээр тасалбал шууд л халагдана. Харин УИХ-ын гишүүд сануулга ч авдаггүй, цалингаа ч хасуулдаггүй, давуу эрх эдэлдэг байж таарахгүй.

Тиймээс ажлаа тасалдаг УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлдэг зохицуулалтыг хуульд тусгаж өгөхийг олон нийт шаардаж байна. Энэ бол үндэслэлтэй, хүлээж ч авах ёстой шаардлага. Учир нь, төсөвт ачаа нэмэн, УИХ-ыг 126 гишүүнтэй болгосны цаад зорилго нь ус, шүүсийг нь шахсан хууль батлах, эрх ашигт хүлэгдсэн улстөрчдийн хуулиар тоглодог гажуудлыг засах, УИХ-ын нэг гишүүн 45 мянган иргэнийг төлөөлж байгааг 28 мянга болгож бууруулах, Засгийн газарт хяналт тавихад оршсон. Гэтэл сахил хүртээд шал дордов гэгчээр УИХ 76 гишүүнтэй байснаас дээрдэх зүйлгүй, ирцийн асуудалтай, байнгын хорооны хуралд нь арав хүрэхгүй, чуулганы нэгдсэн хуралдаанд нь 20 хүрэхгүй гишүүн сууж төсөл хэлэлцэнэ гэдэг бол төлөөллийн зарчим бүрэн дүүрэн хангагдахгүй байна гэж хэлж болно. Иймээс УИХ нь байна уу, УИХ-ын гишүүд нь санаачилдаг уу, хуралдаа суудаггүй гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлдэг хуулийн төсөл санаачилж, батлуулах нь ардчилсан парламентын тогтолцоог төгөлдөржүүлэхэд чухал нэмэр болохоор байна.

Хэдий болтол УИХ-ын гишүүн бол халдашгүй дархан эрхтэй байх ёстой гэдэг нэрийн дор ажлаа таслан алга болдгийг нь өөгшүүлж, толгойг нь илж суух вэ.

Хэдэн сар, хэд хоногоор алга болж ирчихээд УИХ-ын чуулган, байнгын хороогоор хэлэлцэж байгаа асуудал дээр “Тэнгэрийн юм ярьцгааж” цэцэрхэнэ.

Эзгүйд нь хууль батлагдчихаар “Тийм ч эрх ашигтай хууль баталсан, тэрэнд ч үйлчилсэн хууль” гэж хэл ам хийнэ.

УИХ өнгөрсөн онд Монгол Улсын 2025 оны төсвийн хуулийн төслийг хэлэлцэх үеэр юу боллоо. Баахан эх орончид төрсөн. Уг нь төсвийн хуулийн хэлэлцүүлэг тусгай дэгээр явдаг гэдгийг сонгогчид ч мэднэ. Гэтэл “Алдагдалгүй төсөв батлах ёстой байсан” гэцгээн баахан бөөлсөн.  Төсвийн нэгдүгээр хэлэлцүүлгийн үеэр юуг нь хасаж танах вэ гэдгээ ярилцан бүр болохгүй бол Засгийн газар луу буцаах бүрэн эрх байсан. Гэтэл төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэс л асуудлыг хөндсөнөөр эцэстээ засах аргагүй болж баталсан. Алдагдал өндөртэй төсөв баталсан тул Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавьж, УИХ хүлээн авч байв. Үүнээс болж, Засгийн газар дахин Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлж, гэрлийн хурдаар УИХ төслийг хэлэлцсэнээр шинэ он гарахтай зэрэгцэн улсынхаа төсвийг баталсан гашуун туршлага бий.

Энэ бол хуралдаа суудаггүй, УИХ, байнгын хороогоор хэлэлцэж байгаа хуулийн төслүүдэд гишүүдийн оролцоо хангагддаггүй, хуулиа уншдаггүйн л нэг сөрөг тал шүү дээ.

Тиймээс 126 гишүүнтэй парламент анхнаасаа ёс зүйтэй байя гэвэл хуралдаа суудаггүй гишүүнээ танхимаасаа явуулдаг зохицуулалтыг хуульд тусгаж, хариуцлагыг өөрсдөөсөө эхэлж нэхдэг соёлыг тогтоомоор байна.

Г.ХОРОЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Их, дээд сургуулиудын хичээлийг есдүгээр сарын 15-наас эхлүүлнэ3 сар 13. 15:38Наадмаар угаасаа хангалттай жуулчид ирдэг. Дэлхийн адууны өдөрт 3₮ тэрбумыг үргүй зарцуулах гэж байна3 сар 13. 15:37Шуудангийн илгээмжээр хар тамхи нэвтрүүлсэн иргэнд ял оноов3 сар 13. 15:36Өдөрт 800 гаруй тээврийн хэрэгсэлд шийтгэлийн хуудас нааж байна3 сар 13. 15:34УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд хилийн хориг тогтоожээ3 сар 13. 15:33Менингококкийн халдварын улмаас Ховд аймагт долоо настай хүүхэд нас баржээ3 сар 13. 15:32Nebius компанид NVIDIA 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна3 сар 13. 15:26Мөрөөдлөө биелүүлсэн "Далайн эргийн охин"3 сар 13. 15:23Шатрын жендэрийн тэгш байдлын индексээр Монгол тэргүүллээ3 сар 13. 15:22АНУ-тай дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой 2027 онд болно3 сар 12. 17:11Цахилгаан мотор, туслах хөдөлгүүрээр тоноглогдсон мопед, унадаг дугуйн импорт сүүлийн гурван жилд 10 дахин өсжээ3 сар 12. 17:09Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад ороход бэлэн болжээ3 сар 12. 17:08
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.