С.Дэмбэрэл: Оросууд Эгийн голын УЦС-ыг барьж болохгүй гэж хэзээ ч хэлж байгаагүй


3-р сарын 11
17 цаг 18 минут

С.Дэмбэрэл: Оросууд Эгийн голын УЦС-ыг барьж болохгүй гэж хэзээ ч хэлж байгаагүй

Өнгөрсөн оны аравдугаар сард Байгаль орчин Уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловын урилгаар Москва хотноо ажилласан.

Энэ үеэр Эгийн голын УЦС-ын төслийн Байгаль нуурт үзүүлэх нөлөөлөл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хоёр улсын ШУА-ийн эрдэмтэн судлаачид хамтран хэрэгжүүлэхээр судалгааны ажлыг даруй эхлүүлэхээр тохиролцсон билээ.

Байгаль нуур нь дэлхийн нийт цэнгэг усны нөөцийн 20 хувийг бүрдүүлдэг. Харин нуурт цутгаж буй нийт усны 50 хувийг Сэлэнгэ мөрөн бүрдүүлдэг учир усны нөөцийн менежмент, ашиглалт зөвхөн хоёр улсын асуудал биш тул хамтарч шийдэх шаардлагатай болдог аж. Уг судалгааны ажлын явцын талаар ШУА-ийн Ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэлээс тодрууллаа.

"ОХУ-ЫН ТАЛААС БАЙГАЛЬ НУУРТ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛЛИЙГ НЬ ХАМТРАН СУДЛАХ ШААРДЛАГА ТАВЬСАН"

-“Эгийн голын усан цахилгаан станц” төсөлтэй холбоотой өнгөрсөн хугацаанд хийсэн байгаль орчны судалгааны ажил ямар шатандаа явж байна вэ?
-Өнгөрсөн онд болсон уулзалтаар Эгийн голын УЦС-ын асуудлыг нэг тийш нь болгоё гэх шийдэлд хүрч тохиролцоонд хүрсэн билээ. 

Эгийн голд УЦС байгуулж болно эсвэл болохгүй гэх аль нэг дүгнэлтийг эрдэмтэн судлаачдыг гаргаж өгөхийг үүрэгдсэн. Одоогоор судалгааны үйл ажиллагаа эхэлсэн байна.

-Гацаад байгаа үндсэн шалтгаан нь юу байгаа юм бэ? 
-Эгийн гол Сэлэнгэ мөрөн рүү цутгадаг. Сэлэнгэ мөрөн Байгаль нуур луу цутгана. Хэрэв Эгийн голын УЦС ашиглалтад орвол тус голын урсцын горимд өөрчлөлт орно гэж ойлгож болно. 

Энэ нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлнэ гэсэн таамаг байгаа. Өөрөөр хэлбэл, эл голд усан сан байгуулбал тэндээс бүхий л органик болон органик бус бохирдол Сэлэнгэ мөрөнд цутгана гэж ойлгоод байгаа юм. 

Гэхдээ Оросууд хэзээ ч усан цахилгаан станц барьж болохгүй гэж хэлээгүй. ОХУ-ын талаас Байгаль нуурт үзүүлэх нөлөөллийг нь судлах шаардлага л тавьсан.  

"ЭНЭ ТӨСЛИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙГАА ОЛОН СУДЛААЧ БИЙ"

-Манай улсад тус нөлөөллийг судалсан судалгаа байхгүй юм уу? 
-Монголын талаас олон жил судалсан. Өмнө нь Монгол, ОХУ-ын тал судалсан нь ч үнэн. Хамгийн сүүлд дэлхийд алдартай Францын судалгааны байгууллагаар судлуулж, үнэлгээ хийлгэсэн. Уг судалгааны үр дүнд  "тодорхой хэмжээний нөлөөлөл бол бий. Гэхдээ сөрөг нөлөөлөл үзүүлэх түвшинд биш байна" гэх дүгнэлт гаргасан. Гэвч ОХУ талаас хүлээн зөвшөөрөөгүй. 

Ямар хариу ирсэн бэ гэвэл, тус судалгаанд оросын талын өгөгдлийг бага ашигласан. Мөн тус улсын эрдэмтдийн хийсэн судалгааны өгөгдөл, дүн шинжилгээтэй зөрөлдөөд байна гэсэн байв. Тиймээс өнгөрсөн оны уулзалтаар асуудлыг нэг талд нь гаргая гэдэг шаардлагыг тавьсан юм.

Ирэх зургаадугаар сард ОХУ-ын талаас эрдэмтэд ирж Эгийн голын цахилгаан станц баригдах талбайд судалгаагаа хийнэ.

Монголын талаас бүх асуудалд хариулт өгдөг. Тиймээс Монгол, ОХУ-ын ШУА-ийн хамтарсан судлаачдын ажлын хэсэг байгуулагдаж, Эгийн голын УЦС-ын байгаль орчинд нөлөөлөх судалгааг явуулж байна. Одоогоор манай талаас гол мөстсөн байх үеийн судалгаагаа эхлүүлэхээр бэлдэж байна. Ирэх зургаадугаар сард ОХУ-ын талаас эрдэмтэд ирж Эгийн голын цахилгаан станц баригдах талбайд судалгаагаа хийнэ. Ингээд бид 2026 оны эхний хагас жилд нэгдсэн дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлнэ.  

Иргэд юун их судалгаа вэ гэж шүүмжлэх байх. Гэхдээ бид одоо бол дуусгана. Өмнө нь энэ төсөл нэг л явцгүй, улаан гэрэл ассан байсан бол одоо ногоон гэрэл асах тал руугаа явж байна.  

Усан цахилгаан станц барьснаар Эгийн голын урсцад тохируулга хийх боломжтой. Их устай жил Сэлэнгэ мөрний усны түвшин нэмэгдэж, үерлэдэг. Үерийн улмаас эргэн тойрныхоо хамаг бохирдлыг хамж урсаад Байгаль нуур луу цутгачихдаг. Усан тохируулгатай болсноор хур ихтэй жил голын усыг бага урсгана. Харин ган гачигтай жил урсцыг нэмж тавих онцлогтой. Ийм эерэг талын концепцыг Оросын талд тавьж байна.  

Тус голд хоёр далан барихаар төлөвлөсөн. Энэ төслийг эсэргүүцэж байгаа олон судлаач бий. Маш амаргүй төсөл.  

-Улс төрийн нөлөөнөөс бол уг төслийг гацсан гэж зарим иргэд шүүмжилдэг шүү дээ. 
-Манай байгууллага бол шинжлэх ухааны байгууллага. Ямарваа нэгэн улс төрийн нөлөө байгаа эсэхийг хэлж мэдэхгүй байна. Эрдэмтэн судлаачид энэ төслийн гацаад байгаа асуудлыг судалж, дүн шинжилгээ хийх үүрэгтэй.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI форум боллоо9 сар 8. 16:50334 мал хулгайлж, ₮113 саяын хохирол учруулсан иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ9 сар 8. 16:49ОХУ-д ууланд авирч байсан 11 хүн амиа алдаж, 6 хүн сураггүй болжээ9 сар 8. 16:35Монгол Улсад ирсэн ОХУ-ын жуулчдын тоо хамгийн их байна9 сар 8. 16:33Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Чойжин ламын сүм музейд зочиллоо9 сар 8. 16:31Өнөө шөнө Туул голын хөндий дагуу -2 градуст хүрч хөрсөн дээр цочир хүйтэрнэ9 сар 8. 16:30ХӨВСГӨЛ: БНСУ-ын Дэгү Хани Их сургуультай хамтын ажиллагааг өрнүүлнэ9 сар 8. 16:30Хятад улс хүн дүрст роботуудыг тулаанд ашиглахаар бэлтгэж байна9 сар 8. 16:29АН-ын дарга О.Цогтгэрэл ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн Ли Ганьжэтэй уулзлаа9 сар 8. 16:29Инфляц өдөөхгүйн тулд 150 тэрбумыг хүнсний салбарт зарцуулна9 сар 8. 16:27Нэгдүгээр ангийнхныг 10 дугаар сарын нэгэн гэхэд сурах бичгээр бүрэн хангана9 сар 7. 15:48Хойд Солонгостой холбоотой хакерууд "AI" ашиглан хортой файл тараажээ9 сар 7. 15:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.