Хархорум нь ухаалаг төлөвлөлттэй, улсын зэрэглэлтэй хот байх эрх зүйн үндсийг тогтоов


2-р сарын 18
15 цаг 21 минут

Засгийн газраас Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль тогтоомжийн төслийг 2024 оны 12 дугаар сарын 20-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. УИХ-ын чуулганы 2025 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар уг хууль болон хамт өргөн мэдүүлсэн, холбогдуулан боловсруулсан хууль тогтоомжийг эцэслэн баталлаа.  

Монгол Улсын Ерөнхийлөгч 2022 оны 12 дугаар сарын 20-нд “Хархорум хотыг сэргээн байгуулах тухай” 230 дугаар зарлиг гарган Орхоны хөндийд Монголын эзэнт гүрний нийслэлийг байгуулж байсан түүхийн улбааг өртөөлж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хүн амын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах болон төрт ёсныхоо үнэт өвийг бэхжүүлэх, түүх соёлоо сэргээх үүднээс Хархорум хотыг байгуулах асуудлаар холбогдох судалгааг хийж, төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэх чиглэлийг Засгийн газарт өгсөн.

УИХ “Орхоны хөндийд “Хархорум” хот байгуулах тухай” 2023 оны 7 дугаар тогтоолыг баталж, “Хот байгуулах тухай” 2024 оны 72 дугаар тогтоолоор “Хархорум” хотыг улсын зэрэглэлтэй хот байхаар тогтоосон. Засгийн газар Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжихтэй холбогдох тусгайлсан хууль шаардлагатай гэж үзэж уг хуулийн төслийг боловсруулсан байна.

Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн зорилт нь түүхэн нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулж, монгол үндэстний түүх, язгуур өв, нүүдлийн соёл иргэншлийг хамгаалах, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, байгаль орчинд ээлтэй, хүний ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн хотыг төлөвлөх, бүтээн байгуулах, түүний хөгжлийг дэмжих, эрх зүйн үндсийг тогтооход оршино.  

Хуулийг баталсанаар Хархорум хотыг төлөвлөх, бүтээн байгуулах, түүний хөгжлийг дэмжихэд баримтлах зарчим, хот төлөвлөлтөд тавигдах шаардлагыг тодорхойлж, Хот байгуулалтын тухай хуульд зааснаас гадна баримтлах хот төлөвлөлтийн баримт бичгийн төрөл, бүсчлэлийг тодорхой тусгасан. Хархорум хотын газар зохион байгуулалтын хувьд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрийн техник, эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төсөл, бүсчлэл, хотын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй нийцүүлэн газрыг ашиглах эрхийг хотын Захирагч олгохоор тусгасан. 

Тус хот нь Архангай, Өвөрхангай аймгийн гурван сумын нутаг дэвсгэрийг хамарсан эдэлбэр газартай байхаар тогтоосон бөгөөд Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Зөвлөл, Захирагчийг оршин суугчдаас сонгох хүртэл Засгийн газраас томилсон хотын Зөвлөл, хотын Захирагч ажиллахаар тусгасан аж. 

Хотын Зөвлөл нь Засгийн газрын санал болгосон гурван төлөөлөл, Засгийн газраас томилсон хотын Захирагч, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас санал болгосон гурван төлөөлөл, хот байршиж байгаа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нар, барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас санал болгосон мэргэжлийн холбоодын хоёр төлөөллийг багтаасан 11 гишүүнтэй байна. Хотын Захирагчийг Засгийн газар томилж чөлөөлнө.  

Хотын эдийн засгийн үндэс, өмч, төсөв татварын харилцааг хуульд тусгаснаас гадна Хархорум хот нь хот хөгжүүлэх сантай байх бөгөөд сангийн эх үүсвэрийг нийгмийн дэд бүтцийг хөгжүүлэх, түүх, соёлын өвийг хадгалан хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, цэцэрлэгт хүрээлэн, тохижилт, ногоон байгууламжийн зориулалтаар зарцуулахаар тусгасан. Хотын хөрөнгө оруулалт, түүний тогтвортой байдлыг хангахтай холбогдуулан Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан шалгуурыг хангасан тохиолдолд тогтворжуулах гэрчилгээг олгох хугацаа, хөрөнгө оруулалтын хэмжээ, хөрөнгө оруулалт хийж дуусах хугацааг тусгайлан заасан.

Хотын байнгын оршин суугчийн тоо 10 мянга хүрснээр хотын Зөвлөл, Захирагчийн сонгуулийг зохион байгуулах бөгөөд энэ нөхцөл бүрдэх хүртэл Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль хүчин төгөлдөр үйлчилнэ. Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуультай хамт Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг баталсан. Мөн Хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд туссан техник, эдийн засгийн үндэслэл бүхий барилгажилтын төслийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортоор оруулах барилгын материал, тоног төхөөрөмжийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хугацааг 4 жил хүртэл хугацаагаар сунгах, эсвэл уг татварыг 4 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх шийдвэрийг Хархорум хотын зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар гаргаж болохоор тусгасан юм. 

Түүнчлэн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хууль, “Хархорум” хотын эдэлбэр газрын хил заагийг батлах тухай”, “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоол болон УИХ-ын зарим тогтоол, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тогтоолыг баталсан гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай” хэлэлцээрт бэлтгэж байна3 сар 24. 16:04Хавдартай найзынхаа эмчилгээ бүрд хамт байдаг 50 жилийн нөхөрлөл олны сэтгэлийг хөдөлгөжээ3 сар 24. 16:02Ж.Энхбаяр: Дизелийн түлшийг 300 төгрөгөөс илүүгээр нэмэхгүй гэж тооцож байгаа3 сар 24. 16:01Хариу арга хэмжээ авах санал боловсруулахыг үүрэг болгов3 сар 24. 15:08Т.Даваадалай: Туулын хурдны зам ерөөсөө өндөр өртөгтэй төсөл биш. Миний амьдарч байсан хотуудыг харахад голоо дагасан байдаг3 сар 24. 15:06Л.Магыза: Таван ам бүлтэй айл өдөрт 50-60 литр усыг хэрэглэлгүй урсгаж байна3 сар 24. 15:04“Газрын тосны үнийн өсөлт Монголд том шок үзүүлэх магадлалтай”3 сар 24. 15:02"Эрдэнэт 50 зүрх" төслийн хүрээнд зургаан хүүхдийн хагалгаа амжилттай болжээ3 сар 24. 15:01Орон нутаг болон дүүргээс сонгогдсон Ардчилсан намын дарга нар3 сар 24. 14:59Нийслэлд 160 мянга гаруй эзэнгүй нохой, муур байна3 сар 24. 14:56Та өөрөө ч мэдэлгүй картын мэдээллээ алдсан юм биш биз?3 сар 23. 15:34Улаанбаатарт энэ сарын 25-нд хур тунадас орно3 сар 23. 14:59
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.