Төрийн өмчит компанийн засаглалд далайцтай реформ хийнэ


1-р сарын 23
17 цаг 29 минут

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг танилцуулж УИХ-ын чуулганд үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр, “Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, цар тахлаас хойш хурдтай өсөж буй эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалахын тулд Засгийн газар 14 мега төслийг хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулахад үндсэн анхаарлаа хандуулсаар байна.

2021 онд 43 их наяд төгрөг байсан Монгол Улсын эдийн засгийн багтаамж, 2024 онд 82 их наядад хүрч хоёр дахин тэлсэн нь чамлахааргүй өсөлт боловч цаашид эдийн засгийн шинэ бүтцийг бүрдүүлэхийн тулд хүний нөөц, хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологи, ногоон шилжилт хийж, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах шаардлагатай байна.

Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар “Бизнест ээлтэй Монгол” буюу “Business Friendly Mongolia” хөтөлбөрийг хэлэлцэж, Бахрейн улсын жишгээр эдийн засгийг төрөлжүүлсэн сайн туршлагад үндэслэн хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах Засгийн газрын тогтоол баталж, Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлд олон улсын экспертүүдийг урьж ажиллуулах шийдвэр гаргалаа. Дэлхийд үнэлэгдсэн шилдэг мэргэжилтнүүдийг Монгол Улсад урьж ажиллуулахад алт, мөнгө, хүрэл Гэрэгэ өгч байхаар энэхүү тогтоолд туссан болно. Өмнө нь бид Эстони улсын цахим шилжилтийн сайн туршлагад үндэслэн E-Mongolia хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж чадсан шиг хөрөнгө оруулалт, татварын орчин, бизнес эрхлэхэд бүртгэлээс эхлээд дампуурах хүртэлх эрх зүйн орчин, маргаан шийдвэрлэх процесст цогц байдлаар дүн шинжилгээ хийж, Улсын Их Хурлын хаврын чуулганд хэлэлцүүлэхээр бэлтгэл хангаж байна.

Бизнесийн орчныг сайжруулах нэгдсэн зорилтын хүрээнд төрийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьж байна. 2012 оноос хойш OECD буюу Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөл болон бизнес төлөвлөгөө, санхүүгийн гүйцэтгэлийн оновчгүй байдал, улс төрийн нөлөө бүхий томилгоо, хүний нөөцийн бүтээмжгүй байдал зэргээс шалтгаалж төрийн өмчит нийт компанийн 44 хувь нь засаглалын хямралд орж, төрийн өмчит 120 гаруй компани үйл ажиллагаа явуулж байгаа боловч 10 компани нь л нийт ашгийн 85 хувийг бүрдүүлж байна. 43 нь алдагдалтай ажилласан байна.

Өмнө нь төслөг хуулиуд гурван ч удаа боловсруулан Улсын Их Хуралд өргөн барьсан боловч төрийн өмчийн компаниудын лобби-д хөтлөгдөж, эрхзүйн орчныг шинэчлэх реформ бүтэлгүйтэж байсан гэдгийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй.

Холимог тогтолцоогоор бүрдсэн 126 гишүүнтэй шинэ парламент хөгжлийн томоохон төслүүдийг гацаанаас гаргаж, хөдөлгөж чадсан шиг энэ удаа төрийн өмчит компанийн засаглалд өмнө нь хийгдэж байгаагүй далайцтай реформ хийх түүхэн үүргээ гүйцэтгэж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Энэ хууль батлагдсанаар Төрийн өмчит компанийн засаглалд тавигдах шаардлагыг OECD буюу Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын зарчимд нийцүүлж, уул уурхайн компаниуд “Эрдэнэс Монгол” нэгдэл, уул уурхайн бус компаниуд “Эрчист Монгол” нэгдэл байдлаар зохион байгуулагдаж, олон улсын удирдлагын тогтолцоонд шилжүүлж, компаниудын үр ашиг, үнэлгээ сайжирна.
OECD буюу Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын зарчимд нийцээгүй бол нэгтгэх, татан буулгах, хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, эсвэл нийтийн үйлчилгээний байгууллага болгон өөрчлөн зохион байгуулна. Энэ зохион байгуулалт хийгдсэнээр төрийн өмчит хуулийн этгээдийн бүтэц, чиг үүргийн давхардал, зардлыг бууруулж, цаашид төрийн өмчит компанийн тоог хоёр дахин бууруулна.

Нэг үгээр хэлбэл, үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлөхүйц стратегийн хувьд ач холбогдолтой, хувийн хэвшилд шилжүүлэх боломжгүй төрийн өмчит компаниудыг олон улсын засаглалын зарчимд нийцүүлж, бусад компанийг энэ хуулиар өөрчлөн зохион байгуулна.

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж өгнө үү” гэлээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Оросын үндэсний баялгийн сангийн хоригийг цуцалж магадгүй10 сар 29. 16:51ББСБ, ломбард 4.5 хувиас дээш хүүтэй зээлвэл мөнгө хүүлэлт гэж үзнэ10 сар 29. 16:51Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй компанийн эзэнд ял оноов10 сар 29. 16:48Хүүхдийн хоолны зардлыг 1100-1500 төгрөгөөр нэмнэ10 сар 29. 16:47"Хөдөө аж ахуйн яамныхан ажлаа явуулахад хүндрэлтэй байна"10 сар 29. 16:47Томуугаар өвдсөн хүүхдээ асрах эцэг, эхэд тав хүртэл хоногийн цалинтай чөлөө олгоно10 сар 29. 16:46Ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо 45 хувиар өсжээ10 сар 29. 16:45Энхийг сахиулагчдад олгох томилолтын зардлын нэмэгдлийг энэ жилээс эхлэн олгоно10 сар 29. 16:45Увс аймагт сураггүй болсон эмэгтэйг 14 дэх өдрөө эрэн хайж байна10 сар 29. 16:44С.Эрдэнэболд: Солонгос цувралууд хэрхэн харгис хэрцгийгээр өшөө авахыг нийгэмд заасан10 сар 29. 16:44Б.Найдалаа: Хэрэв туслах маань УИХ-ын гишүүний биед халдсан бол өмнөөс нь уучлал хүсье10 сар 28. 20:06Ерөнхийлөгчийн хувь эзэмшдэг "Илт Хан" аяллын компанитай танилц10 сар 28. 20:05
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.