Хан Хэнтийн “ханлиг” хагарвал Монголын төр хагарна?!


11-р сарын 27
16 цаг 05 минут

Анхдугаар Үндсэн хуулийн 100 жилд зориулсан чуулганы хуралдааны үеэр гэрэл зурагчдын дуранд буусан нэгэн зураг цахим ертөнцөд багагүй шейр, хандалт авчээ. Дүрсэлбээс, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёрын “хөндий хүйтэн” тэврэлтийг хажуухнаас нь харж зогсох Д.Амарбаясгалан. Тэрхүү зургийг олон нийтийн сүлжээнд зарим иргэд “Ерөнхийлөгч гомдолтой, Ерөнхий сайд айдастай, харин УИХ-ын дарга ихээхэн игзаартай байна аа” гэсэн нь оргүй хоосон гүтгэлэг биш харин ч хардаж болох үндэслэл.

Угаасаа  Монголын улстөрчид эрх ашиг нэгдвэл тосоо гартал тэврэлдэж, эрх ашиг зөрчилдвөл цусаа гартал зодолддог нь гэм биш хойно. Тэгээд ч хэн нь доголон нугас болох вэ гэдэг асуултын хариулт Ардын намын ах дүүсийг хүссэн ч эс хүссэн албан тушаал, эрх мэдлийн зодоонд оролцуулах нь гарцаагүй. Улс төрийн тогтолцоо талаасаа Монгол Улс хагас Ерөнхийлөгчийн, хагас парламентын засаглалтай. Энэ нь хүссэн  ч, эс хүссэн нь ҮАБЗ-ийн эв нэгдэлд харшилна. Тулгын чулуу гурав байж болох ч төрийн эрх мэдэл гурав хуваагдаж болдоггүйг Монголын үе, үеийн ҮАБЗ-ийн зөрчил харуулдаг.

Нөгөө талаар, нэг хүнд хэт эрх мэдэл төвлөрвөл Монголд дарангуйлал тогтоно. М.Энхболд нэгэнтээ Улаанбаатар хотыг, УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн институттай нь атгах гэж хэтэрхий шунаснаасаа болоод бүгдийг нь У.Хүрэлсүхэд алдсан гашуун сургамж бий. М.Энхболд өрсөлдөгчөө дутуу үнэлснээс болоод улс төрийн карьераа дуусгасан бол У.Хүрэлсүх өстөн дайснуудтайгаа ч гар барьж чаддаг.

2020 оны сонгуулийн өмнө эгнээндээ 50 мянган гишүүнтэй МАХН-ын татан буулгах тохироог Н.Энхбаяртай хийж чадсан, 2024 оны сонгуульд Х.Баттулгыг хэн ч биш сул гишүүн болгож орхисон гээд түүний улс төрийн стратегийг харвал одоогоор хоёр хожилтой яваа.  2021 оноос Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрыг бүхэлд нь атгасан Монголын ганц улстөрч, номер нэг тоглогч болсон.

УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр өнгөрсөн найман жил У.Хүрэлсүхийн “хүүхэлдэй” явсан уу гэвэл явсан. Нутгийн ахаасаа нам, засгийн тамгыг өвлөн авсан Л.Оюун-Эрдэнэ улс төрийн замнал, хуурай ах дүүсийн андгай тангаргаа бодсон ч У.Хүрэлсүхийн үгнээс зөрж тоглох ямар ч боломжгүй.

 Үндсэндээ Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдын суудлыг шууд “өвлүүлсэн” нь МАН боловсон хүчин байхгүйдээ биш У.Хүрэлсүхэд үгнээс зөрөхгүй өөрийн хүмүүс хэрэгтэй байсан.

Асуудал нь гээндээ ч бий, гоондоо ч бий гэгчээр ҮАБЗ талцах нь тогтолцоондоо ч, хүндээ ч бий. Биологийн нас, хувь хүний зан чанарыг нь тооцсон ч У.Хүрэлсүх тэтгэвэртээ гараад титэм үг зохиохдоо арай ч тулчихаагүй. Далан нас дөхөж яваа Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн суудлыг зүүдлэж явахад улс төрийн номер нэг яваа У.Хүрэлсүхэд нэг бодол бий нь мэдээж.

Гэвч У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёр хичнээн андгай тангаргаа эрх мэдлийн хуваарилалт нь тэднийг зөрчилдүүлэхэд хүрсэн. Эрх мэдлийн өндөрлөгөөс хэн нь түрүүлж уруудах вэ гэсэн далд тэмцэл тэдний дунд сэм өрнөөд удаж байгаа билээ. “Толгой хагаравч тогоон дотроо” гэгчээр МАН-ын хэрүүл, зодоон Төрийн ордны зовлон болж эхэлсэн нь улсын төсвийн хэлэлцүүлгээр ил цагаандаа гарсан. Эцэст нь Ерөнхийлөгч хориг тавьж, парламент хүлээн авч, засаг төсвөө дахин шинэчлэх болсноор чоно цатгалан, сүрэг бүтэн үлдэж байх шиг.

Гэвчиг Л.Оюун-Эрдэнэ намдаа ч, засагтаа ч “власть”-аа бүрэн авч чадахгүй яваа нь түүний эмзэг цэг нь болсон.  Тиймээс Л.Гантөмөр, Т.Доржханд хоёртой “гар барьсан” нь эх орны эрх ашиг байв уу, эрх мэдлээ хадгалах зорилготой юу гэдэг нь асуултын тэмдэг. Мэдээж, эрх мэдлийн тойргийн гадна үлдсэн хүний, өөрийн хүмүүсийн гомдол, шүүмжлэл өөр дээр нь ирнэ гэдгийг Л.Оюун-Эрдэнэ тооцоогүй байж таарахгүй. Түүний засгийн “гал хамгаалагчид” нь МАН гэхээсээ АН, ХҮН намын сайдууд. МАН-аас томилогдсон сайд нар дунд Л.Оюун-Эрдэнийн томилгоо гэх хүн цөөн. Ихэнх нь У.Хүрэлсүхийн шошготой.

Тиймээс Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр намын, журмын нөхдөөс нь илүү Л.Гантөмөр, Т.Доржханд хоёр хань болж яваа нь худлаа юм биш. Харин хуурай ах дүү хоёрын хэрүүл зодоон дундуур гүйх нэг хоёр хүн МАН-д байна, АН-д байна. МАН талаасаа Д.Амарбаясгалан хэний талд бооцоо тавих вэ гэж бодож байж мэднэ.

АН-д гэвэл О.Цогтгэрэл, Д.Пүрэвдорж хоёр байна. Нэг нь Ерөнхийлөгчийн сонгуульд горилож яваа, нөгөө нь намын дарга, улмаар 2028 оны Ерөнхий сайдын суудлыг зүүдлэж суугаа. С.Баярцогтыг Х.Тэмүүжингийн оролцоотойгоор улс төрийн “тэтгэвэрт” суулгасан тэд Л.Гантөмөрөөс намын тамгыг нь авах гэсэн улайрал тэднээс уншигдаж ч байна.  Гэвч, У.Хүрэлсүхийн улс төрийн сценариас Монголын улс төр хамаарна. Үлдсэн хоёр жилийн хугацаандаа, Төрийн ордноос яван явтлаа тэр улс төрөө хийсээр ч байна. Ямар ч байсан түүнийг ҮХНӨ-т оруулж, Ерөнхийлөгчөөр дахин улирна гэсэн улс төрийн хүрээний хардлагад өгсөн хариулт нь “Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхийн хугацаанд ҮХНӨ орохыг дэмжихгүй” гэсэн ЕТГ-ын зүгээс өгсөн байр суурь.

Тэгэхээр У.Хүрэлсүх ҮХНӨ-өөр Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлтийг наймаацална гэдэг худлаа яриа төдий гэсэн үг. Тэгээд ч Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлийг 2027 оны наймдугаар сар буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хэрэгжүүлэх Засгийн газрын бодлогыг АН бүлэг эс дэмжсэн нь Төрийн ордны зүүн жигүүрийн гурван давхраас өгсөн чиглэл байх ч магадлалтай. Хэрэв энэ хардлага үнэн бол Л.Гантөмөр,Т.Доржханд хоёроос гадна Л.Оюун-Эрдэнэд өөрт нь ч халтай, засагт  халтай юм. Тиймээс Улс төрийн намуудын шинэчлэлийг хойшлуулах үгүйгээс ҮАБЗ-ийн гишүүдийн тохироо харагдана, Монголын улс төрийн үйл явц тодорхой болсон.

У.Хүрэлсүхгүй улс төр гэж одоохондоо байхгүй. Тиймээс Хэнтийн ах дүү хоёрын олны өмнөх тэврэлтийн ард чухам ямар тохироо явагдсан асуултын болон анхаарлын тэмдэг байх нь гарцаагүй.  Хамгийн бодит үнэн гэвэл Хан Хэнтийн “ханлиг” хагарвал төр хагарна.

Тэнгэрт хоёр нар байдаггүй, газарт хоёр хаан байдаггүй гэгчээр МАН-ын “ханлиг” хагарах нь цаг хугацааны асуудал. Тэдний хэн нь улс төрийн номер нэг болж, хэн нь доголон нугас болох вэ гэсэн ил, далд тэмцэлд Монгол Улс л битгий хэлмэгдчихээсэй билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дөрөвдүгээр сард 64 мянга гаруй жуулчин Монголд иржээ29 минут 58 секундын өмнөД.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансан дахь хуримтлал 500 мянган төгрөгт хүрнэ31 минут 5 секундын өмнө“Хүнсний хувьсгал”-ын дүнд Баянгол дүүрэгт хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн тоо 20 хувиар нэмэгджээ32 минут 8 секундын өмнө“Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийн төсөлд 200 гаруй санал ирүүлжээ34 минут 3 секундын өмнөЭрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах өртөг зардлыг багасгахыг зорьж байна35 минут 2 секундын өмнөХ.Тэмүүжин: Бид сөрөг хүчний үүргээ биелүүлж, "бамбай биш жад" шиг ажиллах ёстой35 минут 44 секундын өмнөЗуны саруудад ихэнх нутгаар хур тунадас бага, хэт халуун байх төлөвтэй37 минут 7 секундын өмнөТөрийн байгууллагын 70 орчим хувь нь монгол бичгээр албан хэргээ хөтөлж байна47 минут 2 секундын өмнөГ.Батбаяр: Явган хүний замыг гурав, дугуйн замыг хоёр метр өргөн стандартын дагуу шинэчилнэ47 минут 48 секундын өмнөАН-ын Үндэсний бодлогын хороо ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга нараа томилохоор хуралдаж байна49 минут 52 секундын өмнөҮл таних, сэжигтэй QR код, линкийг гар утсаараа уншуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа5 сар 5. 15:37Ачаа тээврийн карго ашиглан сэтгэцэд нөлөөт бодис авч, бусдад худалдахыг завдсан хэргийг шүүхэд шилжүүлэв5 сар 5. 15:36
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.