"Монголын гартаа барих гол зэвсэг бол газрын ховор элемент, уран болно"


11-р сарын 21
15 цаг 07 минут

Чуулган: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой

УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна. 

УИХ-ын гишүүн Г.Ганбаатар:

-Цөмийн энергийн тухай хуулийн хэлэлцүүлэг эцсийн шатандаа орж байна. Ажлын хэсгээс хоёр асуулт асууя. Байгаль орчны үнэлгээний хуультай холбоотой төлөв байдлын үнэлгээ, байгаль орчин, нийгмийн үнэлгээг яаж хийх талаар хуулийн өөрчлөлт орсон зүйл бий юу. Учир нь Эрдэнэбүрэн усан цахилгаан станцын нөлөөллийн бүсэд нөхөн олговор олгох асуудал хэл ам дагуулсан. Тэр хавцалд 1000 айл амьдардаг болсон уу яасан.

Дорноговь аймгийн Улаанбадрах сум болон Зүүнбаян баг Зөөвч-Овоо үндсэн ордод их ойрхон байдаг. Багийн айл өрхүүдэд нөхөн олговрыг яаж олгох вэ. Энэ мөнгө тусдаа юу эсвэл орон нутагт жил бүр олгох сая ам.доллараасаа олгож гэж байна уу.

Хоёрт, ОХУ, Украины дайн болоод гурван жил болж байна. Үндсэн шалтгаан нь мөнгө, байгалийн баялгийн төлөөх тэмцэл шүү дээ. Байгалийн баялгаараа Европт хамгийн баян орны нэг болох Украины газрын ховор элементийн төлөө тулалдаж байгаа. Үүнийг сая АНУ-ын албаныхан тодорхой ярьсан байна лээ. Украины газрын ховор элементийн үнэлгээ нь 2-7 трилион ам.доллар гэж мэдэгдсэн. 

Манайх өмнө нь Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газар гээд Ерөнхий сайдын шууд харьяанд байсан. Манай улсын гартаа барих гол зэвсэг бол газрын ховор элемент, уран болох нь ээ. Үүнтэй холбоотойгоор хуучин байсан Цөмийн энергийн газраа дахин сэргээж, Ерөнхий сайдын харьяанд байлгах хэрэгтэй юм биш үү?

"Мон-Атом" компанийн захирал Д.Далайжаргал:

-2006 оноос нийгмийн хариуцлагын хүрээнд нийтдээ 9 тэрбум төгрөгийг орон нутагт зарцуулсан. Хамтын ажиллагааны гэрээг байгуулсан. Энэ гэрээг хоёр, хоёр жилээр байгуулдаг. Гэрээгээр тэрбум төгрөгийг орон нутагт зарцуулдаг. Улаанбадрах суманд 700 сая, Зүүнбаян баг жил бүр 300 сая төгрөгийг жил бүр зарцуулж байгаа. 

БОУАӨЯ-ны салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох:

-Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 31.4 заасны дагуу байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэх үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагааныхаа сөрөг нөлөөллийг бууруулах зогсоох, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээхдээ холбоотой зардлыг тухайн жилийнхээ төсөвт тусгана. Мөн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.9 заасны дагуу төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчныг хамгаалах үүргээ биелүүлэхтэй холбоотой эрх зүйн зохицуулалтууд бий. Эдгээр нь хүчин төгөлдөр мөрдөгдөхөд хангалттай байгаа. Мөн салбар яамнаас Байгаль орчны багц хуулиудыг шинэчлэх ажлыг хийж байгаа. Үүнд холбогдох өөрчлөлтүүд нь бие даан орж байгаа.

УИХ-ын гишүүн Г.Ганбаатар:

-Хоёр дахь асуултад хэн ч хариулсангүй. Гартаа барих гол хөзөр уран болох нь ээ. Цөмийн энергийн газрыг сэргээх үү?

АҮЭБ-ийн сайд Ц.Туваан:

-Цацраг идэвхит ашигт малтмал буюу ураны асуудал стратегийн ордод ордог. Дэлхий нийтэд энэ түвшинд ойлгож, анхаарч ирсэн. Эдгээр бүтээгдэхүүн нь геополитикийн хувьд бас тоглох хэрэгсэл болдог. Монголын хувьд Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулдаг. Дээрээс нь Ерөнхийлөгчийн зарлигаар эдгээр элементэд Засгийн газар дээр лиценз олгох, шилжүүлэх асуудлыг нь хариуцаж байгаа. Мөн зарим УИХ-ын гишүүдийн санаачлагаар удахгүй орж ирнэ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

-Хуулийн 2.5.5.5 хэсэгт төрийн эзэмшлийн хувь хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах, өөрчлөх ийм л хууль орж ирж байгаа. Хуулийн 5.2 болон 5.3 зааснаар улс өөрийн хөрөнгөөр хайгуул хийсэн бол 51 хувийг эзэмшинэ, үнэ төлбөргүйгээр гэсэн үг биш. Тэр баялгаа үнэлж байна гэсэн үг. Тэрэндээ нэмж мөнгө төлөхгүй гэсэн санаа. Бид өөрсдөө хайгуул хийгээгүй бол тухайн компанийн 34 хувийг баялгаараа авна шүү гэсэн үг. Бид энийг өөрчилж, УИХ-ын мэдлийн Цөмийн энергийн комисс гэдэг хэлэлцээр байгуулах гэж байгаа хүмүүст өгөх гэж байгаа. Тэр нь яам яамны бүлэг комисс. Эзэн биегүй. Та нар эдийн засгийн тооцоог хэлж өгөөч ээ. Та нар дүгнэлт гаргасан уу. Хүхрийн хүчлийн үйлдвэр барих уу. Та нар 50 сая ам.долларыг хүхрийн хүчилд зарцуулна. Энийг гадаадаас худалдаж авна. Таван зэс хайлуулах үйлдвэр баригдах гэж байгаа шүү дээ. 750 сая тонн аюултай хог хаягдал гарна. Аюултай хог хаягдлын үйлдвэрийг хэзээ барих вэ?

АҮЭБ-ийн сайд Ц.Туваан:

-Хэлэлцүүлгийн шатанд асуусан асуултуудыг тэмдэглэж авч байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээн дээр энэ асуудлыг нэмж ярина. Энэ хууль 34 хувийн үнэ төлбөргүй хувьцааг тусгай АМНАТ-аар солих боломжийг бий болгож өгч байгаа. Энийг л Цөмийн энергийн хуульд тусгаж байгаа. Тэр нь эргээд 34 хувийг байхгүй болгож, заавал энийгээр явна гэсэн агуулга биш. Яагаад энэ боломжийг нээж байна вэ гэхээр 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлт дээр 6.2 заасан уул уурхайн баялаг, стратегийн ордоос олж байгаа орлогын дийлэнх 50+1 хэсэг Монголд үлдэх ёстой гэж баталсан. Энд зохицуулахын тулд бид энэ алхмыг хийж байгаа. Бид 34 хувийг эзэмшээд хийсэн олон улсын нэг гэрээ байгаа. Нэрийг нь хэлээд яахав. Өнөөдөр шүүмжлэлтэй ханддаг. Энэ 34 хувийг солиод давуу эрхийн 10 хувийн хувьцаатай үлдэнэ. Ингэснээр бид ногдол ашгаа хамгийн түрүүнд авч, мөн 10 хувьтайгаа үлдэж байгаа. Дээрээс нь бүх төрлийн татвар, АМНАТ-ыг авч 50+1 хангагдана. Шар нунтгаа борлуулж, олсон ашгаасаа АМНАТ-ын татвараа авна. Хэрвээ шар нунтгаа авъя гэж үзвэл давуу эрхийн 10 хувийн хувьцаандаа тэнцүү хэмжээний шар нунтгийг авч болох байх. Бид зэс хайлуулах үйлдвэр барьсан тохиолдолд хүхрийн исэл гарна. Энэ хүхрийн ислээр бид элементийн хүхэр үйлдвэрлэх юм уу эсвэл хүхрийн хүчил үйлдвэрлэх үү гэдэг сонголт гарч ирнэ. Эрдэнэтэд нуруулдан уусгах технологийг удахгүй ашиглана. Мөн ураны далд олборлолт дээр хүхрийн хүчлийг хэрэглэнэ. Хүхрийн хүчлийн үйлдвэртэй болж, дотоодын хэрэгцээгээ хангана. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Бид томоохон гэрээн дээр хоёр том компанитай гэрээ байгуулах гэж байна. Нэгтэй нь гэрээ байгуулсан бол нөгөөхтэй  нь байгуулахаар зорьж байна. Олон олон компаниуд байгаа. 200, 300 жилийн түүхтэй гэрээний эрхзүйгээр явсан компаниудтай 30 жилийн түүхтэй Монгол Улс алдах тохиолдол байсан. Оюутолгойн гэрээг бас тийм алдаатай гэж үздэггүй. Тэндээс 5 хувийн АМНАТ авч, 13 жилийн хугацаанд 800 сая ам.долларын АМНАТ авсан байна. Энэ жил гэхэд 1.360 их наяд төгрөгийн татвар төлсөн байна. Дээрээс нь Оюутолгойн эдийн засагт асар их хувь нэмэр оруулж байгаа. Гэсэн ч бид өнөөдрийг хүртэл 34 хувийнхаа ногдол ашгийг 2048 онд авахаар хойшилсон. Тэгэхээр бид энд зөв алхам хийж, АМНАТ-аар орлуулъя. Шууд бүтээгдэхүүнээ гаргангуут тоолоод эхлэх арга хэмжээг авья гэж үзэж байна. Тиймээс суурь АМНАТ таван хувь, тусгай АМНАТ таван хувь, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 25 хувь, 13 татвар хураамж, шимтгэл төлбөр авна. Энэ нөхцөл байдлаараа АМНАТ-аараа орлуулсан нь илүү байна. 

Цөмийн энергийн комиссын Нарийн бичгийн дарга н.Манлайжав:

-Төслийн үйл ажиллагаанаас 250 сая тонн цацраг идэвхит хаягдал үүснэ. Олон улсын болон Монгол Улсын дотоод хууль журмын дагуу энэ хаягдлын менежмент хийх үйл ажиллагааг хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасан. Монгол Улсын цацраг идэвхит ашигт малтмалыг олборлох, боловсруулах үйл ажиллагаанд мөрдөгдөх дүрэм гэх мэт дүрмийн дагуу аж ахуйн нэгжүүд төслийн талбай дээрээ үүсэн бага хэмжээний цацраг идэвхит хаягдлаа булшилна. Олон улсад ийм дүрмүүд байдаг. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

-Дахин миний асуултад хариулсангүй. Үндэсний таван үйлдвэрлэгч байгаа. Эдгээр компаниудтай ярилцсан уу. Монголчуудыг хордуулж олсон мөнгөний 20 хувийг гадаад руу гаргах гээд байна. Хүхрийн хүчлийн үйлдвэр барих уу. Аюулгүй хог хаягдлыг яриагүй байна. Жилд 750 сая тонн аюултай хог хаягдал гарна. Энийг боловсруулах үйлдвэр барих юм уу. Олон улсын стандарт яриад л таг?

АҮЭБ-ийн сайд Ц.Туваан:

-Монгол бол зэсийн орон. Дэлхийд 10-т ордог. Зэсээ баяжмал байдлаар экспортолдог. Дотооддоо багахан хэмжээний зэс үйлдвэрлэдэг. Бид зэс хайлуулах үйлдвэр барих төлөвлөгөөтэй ажиллаж байна. Эхний ээлжнийхнийг "Эрдэнэт" үйлдвэрийг түшиглэн барина. Дараагийн үйлдвэрийг говийн бүсэд барина. Хүхрийн исэл бол хуурай байдалд шилжүүлэх үү, хүхрийн хүчил болгох уу гэдэг асуудал бий. Бид хүхрийн хүчлийг импортоор авахгүй, үйлдвэр байгуулна. 

УИХ-ын гишүүн Ө.Шижир:

-Зарчмын хувьд Цөмийн энергийн хуулийг дэмжиж байгаа. Мөн энэ хуультай хамтатган төрийн болон хувийн хэвшлийн томоохон төслийг цаг алдалгүй хэрэгжүүлэх ёстой. Өнгөрсөн 34 жилийн хугацаанд хэний санаачилсан хуулийн төсөл вэ гэдэг шалтгаанаар гацаа тээг хийж, хойшлуулж ирсэн. 2002 онд тавдугаар цахилгаан станцыг ярьж хэдэн ч удаа нээлтийг нь хийсэн бэ. Бусад үйлдвэрүүд улстөржилтөө давж чадаагүй. Томоохон бүх төсөл хөдлөх ёстой. Ураны баяжмалын хог хаягдлын менежментэд ямар зорилго тавьсан юм бэ. Тодорхой мэдээлэл өгөөч ээ. Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү. 

Ажлын хэсгийн шинжээч Н.Тэгшбаяр:

-Хог хаягдлыг олон улсын дүрэм журмаараа зохицуулна. Тийм аюултай хог хаягдал гарахгүй шүү дээ. Байгалийн ураны зүйл гарна. Тэгэхээр аюултай гээд цөмийн зэвсэг шиг яриад байх асуудал биш.

БОУАӨЯ-ны салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох:

-Аюултай хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах тусгай зөвшөөрөлтэй 25 аж ахуйн нэгж байна. Эдгээр нь 2023 оны байдлаар нийт 12.200 тонн хог хаягдлыг боловсруулсан байна. Урт хугацаандаа Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт энэ хог хаягдлын үйлдвэр барих газрын зориулалтаар 20 га газрыг авах гэж тусгасан. Цаашдаа энэ үйлдвэрийг барина. 

"Мон-Атом" компанийн захирал Д.Далайжаргал:

-Энэ төслөөр гурван янзын хог хаягдал гарна. Нэгд, аюултай хог хаягдал гээд шатах тослох материал, дугуй зэргийг тусгай үйлдвэр байгуулна. Харин бага цацраг идэвхит хог хаягдал буюу ураны шар нунтгийн сав, бээлийг булшилна. Ердийн хог хаягдлыг булшилна. 

УИХ-ын гишүүн Д.Ганмаа:

-Дэмжиж байгаа. Гэхдээ хэд хэдэн асуудал байна. Хуулийн төсөл батлагдсанаар нийгэм эдийн засгийн үр дагавар юу вэ. Тэр дотроо цацраг идэвхит ашигт малтмалтай холбоотой болзошгүй ослоос сэргийлэх, хүний эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах нөхцөл бүрдэнэ гэж дурджээ. Өмнөх хуульдаа ч тэр шинэ хуульд ч байгаль орчны үнэлгээ хийж байгаа гэдэг өгүүлбэр байна. Гэтэл хүний эрүүл мэндийн үнэлгээний тухай огт дурдаагүй байна вэ. Татвар төлбөр тооцоо чухал ч хүний эрүүл мэнд чухал шүү дээ. Ажлын хэсгийн хяналтын байгууллагад ЭМЯ болон мэргэжлийн хүмүүсийг оролцуулаагүй байна. Хуульд 4 заалтад хөрөнгө оруулалтын гэрээг 10 хүртэлх жилээр гэж зааж байсан бол одоо 20 болгож байгаа шалтгаан нь юу вэ?

УУХҮ-ийн сайд Ц.Туваан:

-Эмч хүн учраас эрүүл мэнд талдаа асууж байна. Ажлын хэсэгт эрүүл мэндийн салбараас хүн оруулах байж. Энэ тал дээр бид анхааръя. Цөмийн энергийн комисс дээрээ эрүүл мэндтэй холбоотой асуудлыг авч явдаг. Эмнэлгийн мэргэжлийн хүмүүс байгаа. 

"Мон-Атом" компанийн захирал Д.Далайжаргал:

-2019 оноос хойш нийт найман удаа хяналт шалгалтын үнэлгээг хийсэн. Тэр дунд гадаадаас хоёр шалгалт хийсэн. Тодруулбал, 2021 онд Олон улсын атомын эрчим хүчний агентлаг хийсэн бол Канадын байгаль орчны үнэлгээ хийдэг, дэлхийд хоёрт ордог компани бас байгаль орчны үнэлгээ хийсэн. Харин ШУА-ын ерөнхийлөгчийн тушаалаар гурван удаа хийж, бүх үнэлгээг хийж Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байдаг юм. 

Цөмийн энергийн комисст ЭМЯ-ны ТНБД ажилладаг. Улаанбадрах сум дээр хүн амын эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээг НЭМҮТ хийж байгаа. 

УИХ-ын гишүүн Д.Ганмаа:

-Байгаль орчны үнэлгээг сайн хийдгийг мэднэ. Эрүүл мэндийн үнэлгээг яаж хийдэг вэ. Би бүх лабораториудад ажиллаж үзсэн учраас хүний нөөцийн асуудал, хүчин чадал, төхөөрөмж, хэрэгсэл, уусмалын хүчин чадал байдаггүй. Хүний эрүүл мэндийн зөвлөлөөр оруулдаг ч яаж ажилладгийг нь сайн мэднэ. 

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

-Би санал хэлье. 20 гаруй жил гацсан төслийг 20-хон хоногийн дотор батлах гэж байна. УИХ-д суудалтай улс төрийн намууд, гишүүд зарчмын хувьд дэмжиж байна. Өнгөрсөн хугацаанд улс төрийн намууд энэ төслийг гацааж ирсэн. Хүсвэл бие биенээ дэмжиж чаддаг юм байна. УИХ ногоон гэрлээр баталж өгч байна шүү дээ. Хэлэлцүүлгийн шатанд иргэний нийгэм, орон нутгийн иргэдийн эсэргүүцэл гарахгүй байна вэ. Цаг нь ирэхээр ард иргэд ач холбогдлыг нь ойлгодог юм байна. 

УИХ-ын гишүүн Б.Батбаатар:

-НЭМҮТ гэж байгаа. Тэрийг ажлын хэсэгт оруулахгүй юу даа. Энэ хуулиудын өөрчлөлтийг хэлэлцэж байгаа  нь Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудаар ямар нэгэн гэрээ байгуулвал улсад алдагдалтай  болно гэдэг. Ийм дүгнэлтийг гаргасны үндсэн дээр энэ хуулийн өөрчлөлтийг оруулж ирж байгаа гэж ойлгож байгаа. Одоо байгаа хуулиар хийсэн ч алдагдалгүй гэдгээ ялгаж салгаад хэлмээр байна. УИХ өөрөө хууль хэлэлцэж байгаа хэрнээ ураныг олборлох гэж байгаа компанийн гэрээний олборлолтын тухай яриад байх юм. Бид хуулиа хэлэлцэж байна шүү дээ. Ашиг сонирхлын буюу Орона компанийн төлөө хууль батлах гээд байгаа юм уу. УИХ-ын гишүүн болгон Орона ярьдаг болчлоо.

АҮЭБ-ийн сайд Ц.Туваан:

-Өмнөх хуулиар улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бол 50+1 хүртэл, хувийн хөрөнгөөр хийсэн бол 34 хувь хүртэл гээд заачихсан өөр сонголтгүй байгаа. Тэгэхээр энэ хуульдаа 34 хувийг тусгай АМНАТ-аар сольж болох юм аа гэдэг зүйлийг Б вариант гэдэг шиг нэг нөхцөл болгож байгаа юм. Бид өмнө нь 34 хувийн гэрээг гадаадын нэг компанитай хийгээд шүүмжлэл дагуулдаг. Тэгээд Үндсэн хуулийн өөрчлөлтөө даган улсын дийлэнх олонход ашигтай байх бодлогыг хэрэгжүүлэх үүднээс хуулийн нэмэлт өөрчлөлтийг оруулж ирж байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээний асуудлыг бид хууль тогтоогчийн түвшинд хараад явчихмаар байгаа юм. Заримдаа гэрээний нарийн мэдээлэл рүү орж байна. 

УИХ-ын гишүүн А.Ундраа:

-Энэ хуульд өөрчлөлт оруулж байгааг дэмжиж байна. Ашигт малтмалын тухай хуулиар бус Цөмийн энергийн тухай хуулиар яагаад зохицуулах ёстой болов. Тодорхой үндэсний амбицтайгаар хийж буй ажил гэж харж байна. Улстөрчдийн амбицаас улс үндэстний амбицын хүрээнд цөмийн энергийн асуудлыг тавьж ирсэн. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын хөгжлийн баримт бичгүүдэд цөмийн энергийн асуудлууд туссан байгаа. Энэ хууль батлагдсанаараа уран олборлолоо гэхэд шар нунтаг гаргаж авна. Цаашдаа хөрвүүлэх, баяжуулах, түлш үйлдвэрлэх хэсэг рүү одоохондоо орох чадал тэнхээ байхгүй ч улс үндэстэн гэдгээрээ атомын станц гээд тусгаад байгаа биз дээ. Эрчим хүчний цэвэр эх үүсвэр гэдэг дээрээ бүгд санал нэгдэж байгаа. Энэ зорилтынхоо хүрээнд ямар байдлаар ажиллах вэ. Хүний нөөцийн асуудал ямар байна. Олон эрдэмтэн судалгаа хийж байгаа. Байгалийн шинжлэх ухааныг бодлогоор дэмжиж, бусад хөгжлийн гарц гаргалгааг ярина. Манай төсөв шинжлэх ухаанч бус, өрөвдөлтэй жагсаалт байдлаар оруулж ирж байна. Тэнд ажиллах мэдлэг оюунаа, нөөцөө яаж бэлдэх вэ?

УУХҮ-ийн сайд Ц.Туваан:

-Энэ салбарт чухал байр суурь илэрхийлж байна. Анх Ашигт малтмалын тухай хуулийг цуг оруулж ирье гээд хоёр хуульд зэрэгцүүлж оруулъя гэж байгаад энэ хуульд ажлын хэсэг байгуулагдаад өргөн хэлэлцүүлэг дагуулах гээд байсан. Цөмийн энергийг ашиглахтай холбоотой заалтууд харьцангуй сууж өгсөн учраас Цөмийн энергийн хуульдаа 34 хувийн хувьцааг тусгай АМНАТ болгож  хөрвүүлэх боломжтой хэсгийг гол үзэл баримтлал болгон оруулж ирсэн. Удахгүй Ашигт малтмалын тухай хуулийг оруулж ирнэ. Улс оронд хэрэгтэй гэдэг талаасаа Монгол Улсын амбиц нэг байгаа гэдгийг хэлье. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 14 мега төсөлд ураны төсөл орж ирсэн нь ач холбогдол дагуулж, олон жил гацсан төслийг цааш явуулахаар болсон. Атомын цахилгаан станцын суурь судалгааны ажлыг эхлүүлэх ажлыг тусгасан. Энэ жилээс эхлэн Цөмийн энергийн комисс Аж үйлдвэржилт, эрдэс баялгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дээр ирж байгаа. Өмнө нь Боловсролын салбар дээр байсан. Манай салбар дээр ирж байгаа учраас тантай ярилцах олон асуудал бий. Хүний нөөцийн хувьд зориуд бэлтгэх шаардлага үүссэн. Хөдөлмөрийн нас өндөрсөж байгаа. Цөмийн ажиллагааны тухай 1994 оны конвенци, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт өөрчлөлт, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколийг соёрхох гурван конвенци удахгүй УИХ руу орж ирнэ. Өргөн барих процесс нь хуультай адилхан явдаг учраас конвенциудаа оруулж ирж байгаа. Саналаа хэлэх боломжтой. 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:

-Энэ хуулийн эцсийн хэлэлцүүлгийг өнөөдөр хийж байна. Хэлэлцэх эсэхийг дэмжээд дуусах асуудал ерөөсөө биш. Ажлын хэсгээс зөвлөмж, чиглэлүүд гарна. Хуулийн зүйл заалтуудыг хэлэлцэхдээ ямар ойлголтоор баталж байгаа вэ, санал санаачлага, анхааруулга бүгдийг нэгтгэнэ. Оюутолгойн жишгээр явна. Энэ нэг компани, гадаадын байгууллагад зориулсан хууль биш. Нийтлэг байдлаар үйлчилнэ. Гадаадын хөрөнгө оруулагчид энэ хуралдааныг үзэж байгаа шүү дээ. Монголчууд эхлээд гэрээ хэлэлцээрээ тохироод түүндээ нийцүүлж хууль батлаад, гэрээ байгуулдаг юм гэсэн буруу жишиг тогтоно. Хандлагаа зөв тайлбарлаж ярихгүй бол. Хэлсэн үгэндээ анхаармаар байна. Ажлын хэсэг бас алдаж хариулаад байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Цагаан сараар айл руу явахдаа цахилгаанаа салгаж, гэр, байшингаа шалгаарай1 цаг 11 минутын өмнөЦагаан сараар айл руу явахдаа цахилгаанаа салгаж, гэр, байшингаа шалгаарай1 цаг 12 минутын өмнөМонгол Улсын зүүн хязгаараас Б.Бямбадорж: Цэрэгт гэртээ байгаа юм шиг сайхан тав тухтай байна1 цаг 15 минутын өмнөХархорум нь ухаалаг төлөвлөлттэй, улсын зэрэглэлтэй хот байх эрх зүйн үндсийг тогтоов1 цаг 30 минутын өмнөЯпонд өндөр НДШ төлсөн ахмад асаргааны төлбөрийнхөө 90 хувийг даатгалаас гаргуулдаг1 цаг 31 минутын өмнө"Хууль зөрчиж УИХ-ын гишүүн болсон Э.Болормааг эргүүлэн татах ёстой"1 цаг 33 минутын өмнө“Төв рүү сурагчдыг зөөдгөөс түгжирч байна”1 цаг 34 минутын өмнөХавьер Милей криптовалютын луйварт буруутгагдаж байна1 цаг 34 минутын өмнөАзийн хөгжлийн банк ирэх 10 жилд үйл ажиллагаагаа 50 хувиар өсгөх Хөрөнгө ашиглалтын төлөвлөгөө баталлаа1 цаг 39 минутын өмнөCU –гийн урилгаар БНСУ-д аяласан албаныхныг АТГ-аар шалгуулна1 цаг 43 минутын өмнөӨсвөрийн жүдочид Европын цомын цуврал тэмцээнээс есөн медаль хүртжээ2 сар 17. 17:05“Их Бурхант” цогцолбор хилчидтэйгээ хилээ манаж байна2 сар 17. 17:04
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.