НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд “Чингис хаан” одон хүртээнэ


10-р сарын 30
16 цаг 28 минут

Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, Монгол бахархлын өдрөөр НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд “Чингис хаан” одонг хүртээхээр шийдвэрлэсэн тухай Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар өнөөдөр мэдээллээ.

 

Тэрбээр, “НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн БНСУ-ын Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа Монгол-Солонгос хоёр орны харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Түүнчлэн 2009 онд манай улсад айлчлахдаа хоёр орны харилцааг бүхий л талаар ахиулахад анхаарч, өөрийн хувь нэмрийг оруулсан. Үүний зэрэгцээ НҮБ болон Монгол Улсын харилцааг шинэ шатанд гаргаж, НҮБ бол манай аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийн баталгаа болохыг нотолж, НҮБ болон Хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд олон арван төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, Далайд гарцгүй орнуудын төвийг Монгол Улсад байгуулж байв.   

Мөн уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, сэргээгдэх эрчим хүч, цөлжилтийг бууруулах зорилтын хүрээнд олон тооны төсөл хөтөлбөр хэрэгжихэд НҮБ болон Хөгжлийн хөтөлбөрийн шугамаар ихээхэн дэмжиж ирсэн. Тухайлбал, Тогтвортой хөгжлийн зорилт, Парисын хэлэлцээрийн дагуу байгуулсан Ногоон хөгжлийн сан манай улсад 470 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг олгохоор болж, тодорхой ажлууд хэрэгжилтийн шатандаа явж байна. Мөн түүний тэргүүлдэг Дэлхийн ногоон хөгжлийн институт Монгол Улсад 100 гаруй сая ам.долларын буцалтгүй тусламжийг олгоод буй.

 

Түүгээр зогсохгүй тэрбээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллахдаа Монгол Улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд ихээхэн дэмжлэг үзүүлж, улмаар НҮБ болон манай цэнхэр дуулгатан хоорондын харилцааг шинэ шатанд гаргаж, монгол цэрэг дэлхийн энх тайвны үйлсэд оруулах хувь нэмрийг өргөжүүлсэн. Дэлхийн түвшинд НҮБ-ын шинэчлэлийг хэрэгжүүлж, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг тогтоож ирсэн. Мөн дэлхийн хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Хүний эрх, ялангуяа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр олон санал санаачилгыг гаргасан юм.

 

Түүний бий болгосон хоёр том “өв” бол Тогтвортой хөгжлийн зорилт, Парисын хэлэлцээр юм. Дэлхийн бүх улс орны удирдагчид Тогтвортой хөгжлийн зорилтыг баталж, 2030 он гэхэд уг зорилтыг хэрэгжүүлэх үүрэг амлалтыг аваад буй. Манай улсын хувьд 2015 онд Тогтвортой хөгжлийн зорилтыг УИХ-аар баталж, хөгжлийнхөө луужин болгон ажиллаж байна. Түүнчлэн тэрбээр Парисын хэлэлцээрийн автор юм. Тус хэлэлцээрийн дагуу хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цөлжилтийн эсрэг цогц арга хэмжээ авч ажиллах нь дэлхий нийтийн ногоон хөгжлийн гол чиг баримжаа болоод буй билээ. Тэрбээр хоёр улсын харилцаа болоод дэлхий нийтийн хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан тул түүнийг “Чингис хаан” одонгоор шагнахаар шийдвэрлэсэн” хэмээлээ.

 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга мэдээллийнхээ үеэр, "Чингис хаан" одонг Нэгдүгээрт, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлж, нийгмийн дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг бусад оронд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын хамтлаг, иргэн, хуулийн этгээдэд гардуулдаг. Хоёрдугаарт, улс түмний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, хүн төрөлхтний амар амгалан байдлыг бэхжүүлэх болон Монгол Улс гадаад орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчлах, тус улсын эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаад орны төр, нийгмийн зүтгэлтэн, иргэнд олгодог" гэдгийг тодотгосон юм. 


“Чингис хаан” одонг хамгийн анх 2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад гардуулж байв. Энэхүү шагналыг гадаад иргэдээс анх удаа 2022 онд АНУ-ын эрдэмтэн Жак Уэтерфорд хүртсэн билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АНУ-тай дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой 2027 онд болно3 сар 12. 17:11Цахилгаан мотор, туслах хөдөлгүүрээр тоноглогдсон мопед, унадаг дугуйн импорт сүүлийн гурван жилд 10 дахин өсжээ3 сар 12. 17:09Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад ороход бэлэн болжээ3 сар 12. 17:08Оюу толгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах хэлэлцээг энэ сард үргэлжлүүлэхээр болов3 сар 12. 17:06Зэрлэг амьтдын чөлөөтэй нүүдэл хөдөлгөөнийг хязгаарлаж байсан 273 орчим метр урт хашааг буулгажээ3 сар 12. 17:05"Авлигын хэрэгтэн Ж.Мөнхбат, 60 тэрбумын Ц.Сандуй нарыг МАН буцааж авчирч. 6 их наядаар төрийг худалдаж авахад нь намын даргадаа зөвлөх гэж байгаа юм уу"3 сар 12. 15:45Энэ жил 16 байршилд автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна3 сар 12. 15:44"Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харууллаа"3 сар 12. 15:43"Хүүхдийн асуудлыг бага гэлтгүй ач холбогдол өгч шийдэхгүй явсны үр дүнд даамжирсаар улам хэрцгий балмад болж байна"3 сар 12. 15:41“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ3 сар 12. 15:35Хувийн нэмэлт, тэтгэврийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг хуралджээ3 сар 11. 12:51“Хавдар судлалын үндэсний төв 2” төслийн ТЭЗҮ-ийг эрчимжүүлэхээр тохиролцов3 сар 11. 12:51
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.