БРИКС-ийн удирдагчид хамтарсан тунхаглал гаргажээ


10-р сарын 24
17 цаг 19 минут

ОХУ-ын Казань хотноо лхагва гарагт болсон БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын дараа тус бүлгийн орнуудын удирдагчид НҮБ-ын шинэчлэлээс эхлээд дэлхий дахинд болж буй мөргөлдөөн зэрэг өргөн хүрээний асуудлуудыг хамарсан хамтарсан тунхаглалыг гаргалаа.

 

Тунхаглалд нийт 134 заалт багтсаны нэг нь НҮБ-ын шинэчлэлийн тухай байв. “Бид НҮБ-ыг, тэр дундаа Аюулгүйн Зөвлөлийг илүү ардчилсан, олон талын төлөөллийг оролцуулсан, үр дүнтэй, хүчтэй болгох үүднээс цогцоор нь шинэчлэхийг дэмжиж байгаагаа дахин нотолж байна” гэж уг баримт бичигт дурджээ. Түүнчлэн дэлхий дахинд тулгамдаж буй сорилт бэрхшээлүүдийг даван туулахад илүү сайн хариу арга хэмжээ авахын тулд хөгжиж буй орнуудын төлөөллийг өргөжүүлэх хэрэгтэйг мөн онцолсон байна.

 

Үүний зэрэгцээ удирдагчид терроризмын бүх хэлбэрийг эрс зэмлэн буруушааж байгаагаа дахин илэрхийлж, НҮБ-ын хүрээнд Олон улсын терроризмын тухай конвенцийг яаралтай батлахыг уриалжээ. БРИКС-ийн гишүүд мөн НҮБ-д хандан шинэчлэл хийхийг уриалсны зэрэгцээ хиймэл оюун ухааны салбарыг удирдан зохицуулахад голлох үүрэг гүйцэтгэхийг уриалсан байна.

 

Хамтарсан тунхаглалд мөн Ойрх Дорнод, Украин зэрэг дэлхий дахинд үүсээд буй мөргөлдөөнүүдэд анхаарал хандуулжээ. “Дэлхийн янз бүрийн хэсэгт хүчирхийлэл нэмэгдэж, зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж байгаад бид санаа зовниж байна” гэж мэдэгдэлд дурджээ. БРИКС-ийн удирдагчид маргааныг дипломат аргаар тайван замаар шийдвэрлэх үүрэг амлалтаа дахин нотлов.

 

Түүнчлэн Газын зурваст үргэлжилж буй хурцадмал байдалд гүнээ санаа зовниж байгаагаа илэрхийлж, нэн даруй гал зогсоож, дайсагналаа зогсоохыг талуудад уриалжээ. 1967 оны зургаадугаар сард олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хилийн хүрээнд тусгаар тогтносон Палестин улс байгуулахын чухлыг удирдагчид онцлон тэмдэглэж, Палестиныг НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элсүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

 

Гишүүн орнууд мөн Украины хямралын талаар баримталж буй байр сууриудаа дурдаж, мөргөлдөөнийг дипломат аргаар, тайван замаар зохицуулахад чиглэсэн “холбогдох саналуудыг сайшааж байгаагаа тэмдэглэжээ”.

 

БРИКС-ийн удирдагчид дангаар авсан хууль бус хориг арга хэмжээ нь дэлхийн эдийн засагт сөрөг үр дагавар учруулж байгаад сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлж, эдийн засгийн өсөлт, эрчим хүч, хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, ядуурлыг улам нэмэгдүүлж байгааг онцолсон байна.

 

БРИКС-ийн гишүүд мөн сансарт зэвсгээр хөөцөлдөхөөс сэргийлэх шаардлагатайг онцлоод, сансрын аюулгүй байдлыг хангах баримт бичгийг бий болгохыг уриалжээ.

 

Бусад заалтад дэлхийн эдийн засаг дахь хөгжиж буй орнуудын гүйцэтгэх үүргийг бэхжүүлэх, бүх талд тэгш байдлыг хангахад чиглэсэн эдийн засгийн янз бүрийн санаачилгууд багтсан байна.

 

Талууд БРИКС-ийн хөрөнгө оруулалтын шинэ платформ байгуулах саналыг сайшаасан бөгөөд үүнд БРИКС-ийн орнууд болон дэлхийн өмнөд бүсийн орнуудад хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд Шинэ хөгжлийн банкны одоогийн институцийн дэд бүтцийг ашиглах ажээ.

 

Мөн “дэлхийн санхүүгийн салбарт тулгарч буй сорилтуудыг даван туулах”, илүү хүртээмжтэй, шударга болгохын тулд одоогийн олон улсын санхүүгийн бүтцийг шинэчлэхийг уриалсан байна.

 

Гишүүн орнууд мөн БРИКС-ийн үр тарианы бирж байгуулах тухай Оросын саналыг дэмжиж, худалдааны платформыг хөдөө аж ахуйн бусад салбарыг хамруулан өргөтгөх боломжтойг дурджээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ11 сар 13. 16:51Microsoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ11 сар 13. 16:50Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав11 сар 13. 16:50Батлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ11 сар 13. 16:49Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно11 сар 13. 16:49Шатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа11 сар 13. 16:48Эрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ11 сар 13. 16:48Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ11 сар 13. 16:47АТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ11 сар 13. 16:46Монгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна11 сар 13. 16:46Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.