МАН ₮2.8 тэрбумыг авах бол Үнэн ба зөв нам ₮134 саяын санхүүжилт төрөөс авах нь


10-р сарын 1
18 цаг 42 минут

УИХ-ын сонгуульд иргэдээс авсан саналын тоо болон авсан суудлын тоогоороо долоон нам, эвсэл төрөөс санхүүжилт авах нь. Энэ бол Сонгуулийн Ерөнхий хорооноос гаргасан тооцооллын дүн. Гэхдээ “мөнгөтэй болох” гэж байгаа нам, эвслүүдийн санхүүгийн тайлан зэргийг шалгаж, зөрчил дутагдалгүй байвал төрийн санхүүжилт олгогдоно.

Намуудад олгох энэхүү санхүүжилтийн 25 хувийг эмэгтэйчүүд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд, 15 хувийг гишүүдийнхээ улс төрийн боловсролын дээшлүүлэхэд, 15 хувийг намын дотоод сургалт, судалгааг боловсронгуй болгоход гэхчлэн зарцуулалтыг нь тодорхой зааж өгчээ. Үндсэндээ энэхүү санхүүжилт нь улс төрийн намуудыг төлөвшүүлэхэд чиглэсэн дэмжлэг юм. Үүнд тавих хяналт, хариуцлага тооцох механизмыг нь хууль тодорхой заасан байна. Тухайлбал, санхүүгийн тайлангаа гаргаагүй намуудын суудал болон саналын тоогоор авч байгаа санхүүжилтийг зогсоох, хоёр жил дараалан санхүүгийн тайлангаа СЕХ-д гаргаагүй бол тухайн намыг идэвхгүйд тооцох санал гаргах зэрэг арга хэмжээ авах боломжтой.

Өөрөөр хэлбэл, төрөөс жил бүр олгох санхүүжилтийг ингэж зарцуул, хэрэв ингээгүй тохиолдолд ийм арга хэмжээ авна гэдгийг хуульд тодорхой заасан. 

Намд олгох төрийн санхүүжилтийг Сонгуулийн Ерөнхий Хорооны төсөвт суулгах тул зарцуулалт хяналт тавих үүргийг тус байгууллага хүлээж буй.

Улс төрийн намд төрөөс олгох санхүүжилт гэж юу вэ?

2023 онд шинэчлэгдсэн Улс төрийн намын тухай хуулиар намын орлого нь дараах эх үүсвэртэй байна гэж хуульчилжээ. Үүнд:

  • төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг,
  • гишүүний татвар,
  • хандив,
  • намын өөрийн хөрөнгө, түүнээс олсон орлого,
  • энэ хуулиар зөвшөөрсөн бусад орлого хэмээн тодорхойлсон байна.

Төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг нь мөнгөн хэлбэрээс гадна шууд бус дэмжлэгээс бүрдэнэ. Шууд бус дэмжлэгт сонгуулийн жилээс бусад хугацаанд намын удирдах дээд байгууллагыг хуралдуулах, гишүүд, дэмжигчидтэй хийх уулзалт, хурал зохион байгуулах, иргэдийг мэдээллээр хангах, соён гэгээрүүлэх зорилгоор төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн уулзалтын танхим, хурлын заал, бусад танхимыг жилд нэг удаа үнэ төлбөргүй ашиглах;

Мөн намын мөрийн хөтөлбөр, үйл ажиллагааны талаарх нэвтрүүлгийг олон нийтийн радио, телевизээс гаргасан хуваарийн дагуу 30 минутаар улирал тутам үнэ төлбөргүй нэвтрүүлэх зэрэг багтсан байна.

Мөнгөн хэлбэрийн тухайд хоёр төрөлтэй. Нэгдүгээрт, УИХ-ын сонгуулиар нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан намд дараагийн сонгууль хүртэл жил бүр санхүүжилт олгоно. 

Хоёрдугаарт, парламентын сонгуульд хүйсийн квотоос илүү нэр дэвшүүлсэн эмэгтэй улстөрчийн тоогоор болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн нэр дэвшүүлсэн тоогоор дөрвөн жилд нэг удаа төрөөс санхүүжилт авна.  

Төрөөс намуудад олгох санхүүжилтийг хэрхэн тооцох вэ?

Улс төрийн намуудад төрөөс олгох санхүүгийн дэмжлэгийг хэрхэн тооцохыг хуульд тодорхой заасан.

1. Жил бүр олгох санхүүжилтийг тооцохдоо Н = /С1 х Т1/ + /С2 х Т2/ томьёог ашиглана. 

  • Н гэж нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн дэмжлэг авсан намд хуваарилах нийт санхүүжилтийг;
  • С1 гэж Улсын Их Хурлын сонгуулиар тухайн намын авсан саналын тоог;
  • С2 гэж Улсын Их Хуралд тухайн намын авсан суудлын тоог;
  • Т1 гэж нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 0.5 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийг;
  • Т2 гэж нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хэлнэ гэж заасан байна. 

2. Дөрвөн жилд нэг удаа буюу сонгуулийн дараа жил олгох санхүүжилтийг тооцохдоо квотын тооноос илүү нэр дэвшүүлсэн эмэгтэйчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоог хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 дахин нэмэгдүүлэн тооцно. Уг санхүүжилтийг зөвхөн нэг удаа олгох юм. 

Дээрх томьёоллоор бодоход, сонгуульд өрсөлдөн хамгийн олон санал авсан долоон нам 134.5 саяас 2.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дараагийн сонгууль хүртэл жил бүр авахаар болжээ. 

  • Монгол Ардын Нам - 2,803,290.600₮
  • Ардчилсан Нам - 2,140,069.800₮
  • ХҮН Нам - 630,666,300₮
  • Үндэсний Эвсэл - 314,146,800₮
  • Иргэний Зориг Ногоон Нам - 306,191,800₮
  • Шинэ Нэгдсэн Эвсэл - 229,950,600₮
  • Үнэн Ба Зөв Нам - 134,583,900₮ 

Харин парламентын бүрэн эрхийн хугацаанд буюу дөрвөн жилд нэг удаа олгох санхүүжилтийн хэмжээгээр ХҮН нам хамгийн их буюу 363,000,000 сая төгрөгийн санхүүжилт авах тооцоолол гарчээ. Учир нь тус нам хүйсийн квотоос даруй 20-оор олон эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй хоёр иргэнийг тус тус нэр дэвшүүлсэн.

Мөн Иргэний Зориг Ногоон Нам квотын тооноос илүү 7 эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй хоёр иргэн нэр дэвшүүлж нийт 148,500,000 сая төгрөгийн санхүүжилт авахаар удаалсан байна. 

Харин Монгол Ардын Нам хөгжлийн бэрхшээлтэй нэг иргэн нэр дэвшүүлж, энэ төрлийн санхүүжилтээс хамгийн бага буюу 16,500,000 төгрөг авахаар болжээ. 

Бусад намын тухайд,

Ардчилсан Нам хөгжлийн бэрхшээлтэй хоёр иргэн нэр дэвшүүлж 33 сая,

Үндэсний Эвсэл квотын тооноос илүү 8 эмэгтэй дэвшүүлж 132 сая, 

Шинэ Нэгдсэн Эвсэл квотын тооноос илүү 2 эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй 3 иргэн нэр дэвшүүлж, нийт 82.5 сая,

Үнэн Бас Зөв Нам квотын тооноос илүү 5 эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй 2 иргэн нэр дэвшүүлж нийт 115.5 сая төгрөгийн санхүүжилт авах юм байна. 

Эвсэлд нэгдсэн намуудын санхүүжилтийг тухайн эвслийн гэрээнд өөрөөр заагаагүй бол төрийн санхүүжилтийн /С1 х Т1/ хэсгийг эвсэлд нэгдсэн намуудад тэнцүү хувааж, төрийн санхүүжилтийн /С2 х Т2/ хэсгийг тухайн суудалд сонгогдсон гишүүнийг нэр дэвшүүлсэн намд олгоно хэмээн заажээ. 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

800 АЙЛЫН “НОГООН ОРОН СУУЦ” ТӨСЛИЙН МЕТР КВАДРАТЫН ҮНИЙГ БАТАЛЛАА2025, 12 сар 25. 14:16НИЙСЛЭЛИЙН ШАТАР СОНИРХОГЧДЫН 2025 ОНЫ АВАРГУУД ТОДОРЛОО2025, 12 сар 23. 14:37"UB DEBATE-2025" МЭТГЭЛЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО2025, 12 сар 10. 13:29НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА2025, 12 сар 6. 14:36НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙГ НИЙТ 4.2 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР ТӨЛӨВЛӨЖЭЭ2025, 12 сар 1. 13:29НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ НИТХ-ЫН ДАРГА А.БАЯРТ ӨРГӨН БАРИЛАА2025, 11 сар 21. 13:29НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ2025, 10 сар 22. 14:20800 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ ЭХНИЙ ЭЭЛЖИЙГ ЭНЭ САРД УЛСЫН КОМИССТ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧ, АШИГЛАЛТАД ОРУУЛНА2025, 10 сар 14. 13:29НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР: ПУСАН УЛААНБААТАР ХОТУУД БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААТАЙ КОРПОРАЦ БАЙГУУЛАХ БОЛОМЖТОЙ2025, 10 сар 10. 13:29А.АМАРТҮВШИН: ИРГЭД “ХОТУЛА” АППЛИКЕЙШНИЙГ ГАР УТСАНДАА СУУЛГАСНААР ВИРТУАЛ КАРТ ҮҮСЭЖ, НҮҮРСЭЭ АВНА2025, 9 сар 20. 13:29ХҮНДЭТГЭЛИЙН ХОРИГ2025, 9 сар 17. 10:37Артерийн судсаар химийн тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог2025, 8 сар 21. 15:58
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.