Э.Төрбаяр: "Буянт-Ухаа" нисэх буудал 2036 он хүртэл ашгийн төлөө ажиллах боломжгүй. Гэвч жилд ₮2 тэрбумын алдагдал хүлээдэг


9-р сарын 30
18 цаг 28 минут

"Чингис Хаан" олон улсын нисэх буудал 2021 онд ашиглалтад орсноор Буянт-Ухаа нисэх буудлын боловсон хүчний 80 гаруй хувь шилжсэн байна. Ингэснээр Буянт-Ухаа дэнжид байрлах нисэх буудлын үйл ажиллагаа хумигдаж, ашигтай ажиллах боломж нь багассан аж. 

Одоогоор "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудлыг Иргэний Нисэхийн Үндэсний Төв (ИНҮТ) хариуцаж, үйл ажиллагаа явуулж байгаа. Тус байгууллага нь 2019 онд үүсгэн байгуулагдсан. 2023 онд Иргэний нисэхийн тухай хуульд өөрчлөлт орж, 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс ИНҮТ, Иргэний Нисэхийн Ерөнхий Газар (ИНЕГ) хоёр нь бүтцээрээ тусдаа байгууллага болж сална. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
ИНЕГ нь Засгийн газрын харьяа агентлаг бөгөөд нисэх, агаарын зайн бодлого, агаарын тээврийн болон нисэх буудлын хяналт зохицуулалт, аюулгүй ажиллагаанд хяналт тавих чиг үүрэгтэй. Харин ИНҮТ нь нийт харьяа 24 салбар, нэгж, 17 орон нутгийн нисэх буудалтай, агаарын навигаци болон нисэх буудал, аюулгүй байдал, хамгаалалтын үйлчилгээ үзүүлэхээр 2,060 хүнтэйгээр ИНЕГ-аас тусдаа гарч буй юм.

Үүнтэй холбогдуулан "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудлын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын ашиглалтын талаар Иргэний Нисэхийн Үндэсний Төвийн дарга Э.Төрбаяртай ярилцлаа.


- "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудлыг одоо хэрхэн ашиглаж байгаа вэ?

- "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудал нь 2021 онд "Чингис хаан" олон улсын нисэх буудал ашиглалтад орсноор Засгийн газрын 455 дугаар тогтоолын дагуу үйл ажиллагаа явуулахаар болсон. Уг тогтоолд "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудлыг олон улс, орон нутгийн нислэгийн нөөц нисэх буудал, ерөнхий зориулалт, нисэхийн сургалт, захиалгат, онцгой, тусгай үүргийн нислэг, агаарын хөлгийн засвар, үйлчилгээ болон онцгой байдал, иргэний нисэхийн бусад үйл ажиллагаанд ашиглахаар болсон. 

Мөн хувийн онгоцнууд бууж байгаа. 12 хүний суудалтай онгоц, нисдэг тэрэг, Онцгой Байдлын Ерөнхий Газрын 111 дүгээр анги буюу Францын Засгийн газрын зээлээр баригдсан нисдэг тэрэгний агаараас авран туслах үйлчилгээ үзүүлдэг анги байрладаг. 

Түүнчлэн Засгийн газрын 455 дугаар тогтоолд "Буянт-Ухаа"-г "Чингис Хаан" олон улсын нисэх буудлын нөөц аэродром юм гэж тусгасан. Энэ нь агаарын тээвэрлэгч нарт эдийн засаг, аюулгүй ажиллагааны дэмжлэг үзүүлж байгаа. 

Жишээлбэл Бойнг 737 онгоц Солонгос руу явахаар төлөвлөгөөт нислэг үйлдээд, наашаа ирэхдээ зайлшгүй аль нэг улсын нисэх буудлыг нөөцөөр тооцоолж гардаг байсан. Харин "Буянт-Ухаа"-г нөөцөд авснаар 15-20 хүний нислэгийн суудал илүү гардаг учраас тухайн суудлыг зарж борлуулж, ашиг олох боломжтой. 

Хэрвээ "Чингис Хаан" олон улсын нисэх буудал дээр агаар муудаж "Буянт-Ухаа"-д олон улсын нислэг буухаар болбол бид дүрэм журмын дагуу цугларалтыг түргэн зохион байгуулан хүлээж авна. 

- Буянт-Ухаа нисэх буудал хэдэн онд байгуулагдаж байсан бэ. Өмчийн хувьд хэн хэдэн хувийг эзэмшдэг вэ? 

Монгол Улс 15 жилийн хугацаанд "Чингис Хаан" олон улсын нисэх буудлын ойролцоох 150 км-ын радиус дотор ямар нэгэн ашгийн төлөө нисэх буудал ашиглаж болохгүй гэсэн хатуу заалттай.

- Монголд нисэх хүчин үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ой 2025 онд болно. 1925 оны тавдугаар сарын 25-нд анхны агаарын хөлөг онгоц Буянт-Ухаа дэнжид бууснаар Монголын нисэх хүчний түүх эхэлсэн. Улаанбаатар хотод 1957 оны хоёрдугаар сарын 19-нд "Буянт-Ухаа" нисэх буудал албан ёсоор үүсгэн байгуулагдсан. Өмчийн хувьд ИНҮТ-ийн харьяат юм. 

Япон, Монголын улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр концессын гэрээ байгуулж, 2011 оноос "Чингис Хаан" олон улсын нисэх буудлыг барьж, 2021 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 

Хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан концессын гэрээгээр Монгол Улс 15 жилийн хугацаанд "Чингис Хаан" олон улсын нисэх буудлын ойролцоох 150 км-ын радиус дотор ямар нэгэн ашгийн төлөө нисэх буудал ашиглаж болохгүй гэсэн хатуу заалттай. 

Тэгэхээр 15 жилийн хугацаанд буюу 2036 он хүртэл Японы Засгийн газар "Чингис Хаан" олон улсын нисэх буудал барихад зарцуулсан хөрөнгөө олж авна гэсэн үг. Тиймээс "Буянт-Ухаа" нисэх буудал дээр ямар нэгэн ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж болохгүй.

Зөвхөн Засгийн газрын 455 дугаар тогтоолд заасан үйл ажиллагааг эрхэлнэ. Энэхүү нисэх буудлын хүний нөөц болон тоног төхөөрөмжийн 80 гаруй хувь нь "Чингис Хаан" олон улсын нисэх буудал руу шилжсэн. 

"Буянт-Ухаа нисэх буудал нүүрс хүчлийн хий ялгаруулдаггүй, ногоон технологийг шингээсэн дэлхийн анхны нисэх буудлын сургалтын төв болно"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- "Нэг бүс Нэг зам" санаачилгын хүрээнд "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудлыг хэрхэн ашиглах тухай Хятадын талаас зөвлөх үйлчилгээ авч байгаа гэсэн. Энэ ажил ямар шатандаа явж байгаа вэ? 

- Хятадын талаас "Нэг бүс Нэг зам" гэх санаачилгын хүрээнд Шанхайн нисэх буудлын дахин төлөвлөлтийг хариуцдаг компани манайд зөвлөх үйлчилгээ үзүүлж байна.

ИНҮТ-ийн боловсон хүчин гадаадын зөвлөх үйлчилгээний багтай хамтарч ажиллавал ирээдүйтэй гэж харсан. 15 жилийн дараа "Чингис Хаан" олон улсын нисэх буудлыг Монгол Улс бүрэн эзэмшилдээ авсны дараа хоёр нисэх буудал хэрхэн ажиллавал ашигтай байх талаар урт, дунд хугацааны төвлөлтийг боловсруулж байна. 

Хятадын талын зөвлөхүүдийн бидэнд өгсөн зөвлөмжөөр "Буянт-Ухаа нисэх буудалд Ази тив дэх нүүрс хүчлийн хий ялгаралгүй, ухаалаг нисэх буудлын сургалтын төв байгуулж болно" хэмээн танилцуулсан. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллагаас дэлхийн бүх нисэх буудлыг 2050 он гэхэд нүүрс хүчлийн хий ялгаруулдаггүй, эко, "ногоон", ухаалаг болгох зөвлөмж өгсөн. Бид энэ зөвлөмжийн дагуу явна.

"Буянт-Ухаа" олон улсын нисэх буудал нүүрс хүчлийн хий ялгаруулдаггүй, "ногоон" технологийг шингээсэн дэлхийн анхны нисэх буудлын сургалтын төв болох зорилтыг тавина гэсэн үг. Одоогоор 100 хувь эко болсон нисэх буудал дэлхий дээр байхгүй. 

- Хятадын зөвлөхүүд өгч буй тус зорилт биелэх боломжтой юу. Хангалттай ашигтай ажиллаж чадах уу? 

- 2050 он гэхэд "ногоон" болохоор зорилт дэвшүүлсэн нисэх буудлууд "Буянт-Ухаа" дээр ирж сургалтад суудаг, арга туршлагаас хуваалцдаг байх зорилтыг дэвшүүлж байгаа юм. 

Мөн дээрх зорилттой зэрэгцүүлээд Засгийн газрын 455 дугаар тогтоолд заасан үйлчилгээг явуулна. Гэхдээ энэ нисэх буудал жилийн хоёр тэрбум гаруй төгрөгийн алдагдалтай ажилладаг. Ашигтай ажиллуулахын тулд олон улсын хэмжээнд сэтгэж авч явах хэрэгтэй болсон.

Хэрэв ашиглахгүй хаячихвал хэн нэгэн хүн ирээдүйд 11 мянган га талбайд орон сууц барих эрсдэл үүсэхийг үгүйсгэхгүй.

Гэхдээ дөнгөж эхэлж байгаа учраас цаашдаа зах зээлийн судалгаа хийх, бүрэн хэмжээнд төлөвлөх гэсэн ажлууд хүлээж байна. Ирээдүйд Монгол Улс дрон туршилтын төвийг байгуулахаар ажлын хэсэг судалж эхэлсэн.

Тиймээс энэ нисэх буудалд дроны оператор болон засварын төвийг байгуулахаар төлөвлөсөн. Ирээдүйд нийслэл хотод маань дроны үйлчилгээ, такси явж эхлэхээр нисгэгч нарыг бэлдэх шаардлагатай. 

"дотоодын агаарын тээвэрлэгч нараа ашигтай ажиллуулахын тулд төсвөөс татаас авч байгаа"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Буянт-Ухаа нисэх буудал санхүүгийн хувьд ямар нөхцөл байдалтай байна вэ. Улсын төсвөөс хэр хэмжээний татаас авдаг вэ? 

- Манай байгууллагын харьяанд буй орон нутгийн 17 нисэх буудал жилд ойролцоогоор нэг тэрбум гаруй төгрөгийн зардалтай, 100 сая төгрөгийн орлоготой ажилладаг.

"Буянт-Ухаа" олон улсын нисэх буудал нь 2024 онд 5.9 тэрбум төгрөгийн төсөвтэй ажиллахаар батлуулсан. Яг өнөөдрийн байдлаар 3.7 тэрбум төгрөгийн зардал гаргаж, нэг тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна. Үүнээс буулт хөөрөлтийн орлого 454 сая төгрөг, түрээсийн орлого 575 сая төгрөг байгаа юм.

Цаашдаа бизнесийн зарчмаар ажиллах нөхцөл бололцоо ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс гарч эхэлнэ. Учир нь энэ нисэх буудал дээр үзүүлж буй үйлчилгээний үнийг өөрт ашигтайгаар батлуулж, нэмнэ. Гэхдээ бид олон улсын дунджаас 2-3 дахин бага тарифаар үйлчилгээ үзүүлдэг. Өдөр 10-20 онгоц нисэх буудал дээр бууж байгаа.

Бид дотоодын агаарын тээвэрлэгч нарт маш бага зардлаар үйлчилгээ үзүүлдэг. Жишээлбэл энэ нисэх буудал дээр буух, ирэх, зогсоол дээр байршуулах нь төлбөртэй. Өөрсдөө улсын байгууллага учраас дотоодын агаарын тээвэрлэгч нараа ашигтай ажиллуулахын тулд төсвөөс татаас авч байгаа. 

Цаашдаа орон нутгийн болон "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудлыг орлого олдоггүй юм гэхэд зардлаа нөхдөг байх төвлөлтийг хийх хэрэгтэй. 

- "Чингис Хаан" олон улсын нисэх буудлыг эзэмшиж буй Японы талтай ашигтай ажиллах үүднээс хатуу зохицуулалттай концессын гэрээг зөөлрүүлж болох талаар санал тавьж үзсэн үү? 

- 2023 онд Монголд айлчлах жилтэй холбоотойгоор "Чингис Хаан" олон улсын нисэх буудлын зорчигчийн тоо өсөж, анх удаа жилийн 50 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. 

Энэхүү ачаалалтай холбогдуулан "Буянт-Ухаа" руу орон нутгийн нислэгийг авах тухай хүсэлт өгч байсан. Гэвч хатуу концессын гэрээтэй учраас тухайн нисэх буудал урсгалаа өөрсдөө зохицуулаад явна гэсэн. Мөнгөө хурдан төлөөд дуусгачихвал Монгол Улсад ашигтай. 

Тиймээс 2036 онд хүртэл "Буянт-Ухаа"-г ашигтай ажиллуулаад явах хэрэгтэй байна. Олон хүн хувийн онгоцтой болж эхэлсэн. Мөн төрийн дээд хэмжээний айлчлалуудыг "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудал дээр авах чиглэлийг ерөнхийлөгчөөс өгсөн. Тус чиглэлийн хүрээнд ОХУ-ын ерөнхийлөгчийн айлчлалын үеэр 15 онгоц хүлээн авч, үйлчилгээ үзүүлсэн. 

Мөн Засгийн газрын 2022 оны есдүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамны харьяа байгууллага болон удирдлагууд "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудалд байрлана гэж байсан. Гэвч судалгаа хийж үзэхэд тус яам "Буянт-Ухаа"-д очиж байрлавал талбай, байршил тохирохгүй гэх дүгнэлт гарсан.

- Ярилцсанд баярлалаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Бархасбадь гаригийн дагуул дээр амьдрал орших эсэхийг судална9 цаг 42 минутын өмнөӨмнөд Солонгостой холбогддог авто замын зарим хэсгийг Умардын тал дэлбэлжээ9 цаг 42 минутын өмнөДэлхийн банк хамгийн ядуу 26 орныг нэрлэжээ9 цаг 43 минутын өмнөЗасгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөр: Aтомын цахилгаан станц ашиглах бодлого хэрэгжүүлнэ9 цаг 44 минутын өмнөХотын даргын орлогчоор Т.Даваадалай, А.Амартүвшинг томилжээ10 сар 15. 16:01Хүний хөгжлийн индексээр 10 байр урагшлах зорилт дэвшүүлжээ10 сар 15. 15:58"Регистрийн дугаар олголт 1983 онд эхэлж, 1988 онд дууссан юм. Олон жилийн хөдөлмөр орсон"10 сар 15. 15:53Авто тээврийн мэргэшсэн механикч, инженерийг өндөр түвшинд сургаж эхэллээ10 сар 15. 15:52Дэлхийн хэвлэл мэдээллийн VI чуулганд 106 орны төлөөлөгч оролцож байна10 сар 15. 15:44Монголын самбочид ДАШТ-ээс 14 медаль хүртжээ10 сар 14. 15:30Э.Золзаяа: МАН хотыг сэргээнэ гэсэн. Шалтаг тоочихгүйгээр мөрийн хөтөлбөрөө бодитоор биелүүлэхийг хүлээх л үлдлээ10 сар 14. 15:27"Цас орохоор зуны дугуйтай тээврийн хэрэгслийн жолооч нар удаан явж түгжрэл үүсгэдэг зэргээс шалтгаалж өвлийн дугуйг зөвлөөд байгаа юм"10 сар 14. 15:26
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.