Сүүлийн жилүүдэд хүмүүсийн цахим хэрэглээ нэмэгдэж, өдрийн дийлэнх цагийг дэлгэцээс хамааралтай өнгөрүүлж байна. Үүнтэй холбоотойгоор нийгмийн сэтгэл зүйд ямар сөрөг нөлөө, донтолт үүсч байгаа талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэц засалч эмч Ж.Гантулгатай ярилцлаа.
-Иргэдийн зүгээс СЭМҮТ-өөс сэтгэл зүйн ямар зөвлөгөө, мэдээллийг авч байна вэ?
-Хүмүүс ихэвчлэн зөвлөгөө мэдээллийн утсаар зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн асуудлаар холбогддог. Насанд хүрсэн хүмүүс гэр бүлийн харилцааны зөрчлөөс үүдэлтэй зөвлөгөө болоод сэтгэл түгшилттэй холбоотой асуудлаар их холбогддог. Мөн архины хамаарлын дуудлага цөөнгүй ирдэг. Өсвөр насны хүүхдүүдийн хувьд утсаараа шөнөжин тоглоод зан аашинд нь өөрчлөлт орлоо гэж эцэг эхчүүд нь холбогдох тохиолдол олон байдаг.
-Хүмүүст ямар нэгэн асуудал гарахад хэн нэгэнтэй ярилцах биш хувийн цахим хуудастаа өөрийнхөө асуудал, бодлоо хуваалцахыг илүү үздэг болсон. Энэ нь хэр зөв шийдэл вэ?
-Хүн өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх эрхтэй. Гэвч өөрийн хэт хувийн асуудлаа олон нийтийн сүлжээнд бичээд нийгмээс гарц гаргалгааг хайна гэдэг зөв шийдвэр биш. Учир нь олон нийтийн сүлжээнд нас, хүйс, ажил мэргэжил, өссөн орчин, үзэл бодол зэрэг нь тэс өөр хүмүүс бий. Тэд тухайн хүний асуудалд өөр өөрийн өнцгөөс хариулна. Зарим хүмүүс сөрөг зүйл ч бичиж болно.
Харин ямар нэгэн асуудал гарсан бол мэргэжлийн хүний зөвлөгөөг авах нь зөв шийдэл юм.
-Амьд харилцаа, бодит уулзалтаас илүү дэлгэцийн цаанаас бусадтай харилцах, үзэл бодлоо илэрхийлэх нь өсвөр насныхан болон бага насны хүүхдүүдэд ямар нөлөөтэй бол?
-Бага насны хүүхдүүдийн хувьд дэлгэцтэй холбоотой асуудал нэлээд бий. Хүн бага насандаа юмсыг маш хурдан сурч эзэмших чадвартай. Тиймээс хүүхэд амьд харилцаа үүсгэж, ярилцаж, тоглож байж л сурч хөгжинө. Гэвч энэ үедээ дэлгэцээс хэт хамааралтай болж гадаад хэлээр хүүхэлдэйн кино, янз бүрийн бичлэг үзэж байгаа нь хүүхдийн хэлд орох чадварыг хойшлуулаад байна.
Мөн сүүлийн үед өсвөр насныханд ажиглагдах болсон нэг зүйл бий. Хоорондоо утсаараа мессеж, чат бичих, эсвэл дүрсээ хараад ярилцдаг.
Харин амьд харилцаа үүсгээд уулзахаараа яриа нийлэхгүй, ярих зүйл олдохгүй зэрэг хоорондоо ойлголцож чадахаа байсан зүйл ажиглагдаж байна. Тэгэхээр уулзаад ярилцах, холын зайнаас утсаар ярих хоёрын хооронд их ялгаатай. Сэтгэцийн эрүүл мэндийн талаас нь авч үзвэл хоорондоо уулзаад ярилцаж байх нь чухал.
-Хүүхдүүд гэлтгүй насанд хүрэгчид ч олон цагийг дэлгэцээс хамааралтай өнгөрүүлж байна. Тэгвэл насанд хүрэгчдийн хувьд ямар сөрөг нөлөөтэй вэ?
-Дэлгэцийн донтолтын аюул гэвэл тухайн хүний амьдралд хэр их сөрөг нөлөө үзүүлж байна гэдгээс хамаарна. Юун түрүүнд утсаа их оролдоод шөнийн амрах нойрноосоо хасчихдаг. Нойр муутай байх нь өдөр тутмын амьдралд сөрөг нөлөөтэй. Тухайлбал өдрийн цагаар нойрмоглож хийх ёстой ажлаа цалгардуулж, машин барихад хүртэл анхаарал сарнина.
Үүнээс гадна сурч хөгжих боломжоо үгүй хийж, өөрийн үнэт цагаа хэрэггүй зүйлд зарцуулна.
Чухал зүйлүүд дээрээ төвлөрч чадахаа байчихдаг. Зарим хүмүүс “Би утсаа их оролдоод байна шүү, энэ чинь муу шүү дээ” гээд утсаа шууд хориглочихдог. Энэ арга үр дүнгүй байх боломжтой. Харин үүний оронд утсаа хэрэгтэй үедээ ашиглаад цагаа үр ашигтай зарцуулж өөрийгөө хянаж сурах нь зөв арга юм.
-Дэлгэцэд донтсон хүн өөрийгөө донтсон эсэхээ мэддэггүй. Энэ үед хэрхэн мэдэж яах ёстой вэ?
-Дэлгэцийн донтолтын нэг онцлог нь үгүйсгэл гэж байдаг. Болж буй зүйлийг бодитойгоор нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа зүйл юм. Донтчихоод байгаа ч хүлээн зөвшөөрөхгүй байх нь их хэцүү. Донтох эмгэгтэй болчихсон байгаа хүнийг хүчлээд эмчилгээ хийнэ гэдэг төвөгтэй учраас бусад өвчнөөс илүү ялгаатай. Тухайн хүн надад болохгүй зүйл байгаа юм байна, өөрчлөгдөх хэрэгтэй гээд хүлээн зөвшөөрч, алхам хийхийг хүсвэл эмчилгээ илүү чанартай болно. Мэргэжлийн эмч нар тухайн хүнтэй уулзаад дэлгэцийн донтолтын эрсдэлийг хэлж өгөөд эмчлүүлэх сонголтыг өөрт нь үлдээдэг.
Хүн өөрийгөө гаднаас нь хараад бодитойгоор үнэлэх хэцүү. Харин түүний дэргэд байгаа хүн ажиглаж чадна.
Тиймээс өөрөө донтсон эсэхдээ эргэлзээд байгаа бол мэргэжлийн эмчтэй уулзах хэрэгтэй. Эмч үзээд онцлог байдалд нь тааруулаад шаардлагатай бол эмчилгээнд нь хамруулдаг. Харин өөрийгөө мэдэхгүй байгаа бол манай эмнэлгийн зөвлөгөө мэдээллийн 1800-2000 дугаарын утас руу ярьж болно.
-Стрессээ тайлахын тулд зарим хүмүүс кино үзэх, тоглоом тоглох зэрэг зүйлсийг хийдэг. Энэ нь цаашлаад донтолт болох боломжтой юу?
-Донтолт болох магадлалыг нэмэгдүүлнэ. Стресс гэдэг ямар нэгэн юмыг шийдвэрлэх, өөрчлөх, хийж хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн мессеж. Хүний биед хамгаалах механизм гэж байдаг. Энэ нь таагүй байгаа мэдрэмж, түгшүүрийг мэдрүүлэхгүйгээр өөр юмаар орлуулахыг хүснэ. Тэгэхээр стресстэх бүртээ утсаа оролдоод байх нь донтох эмгэгтэй болох цагийг хурдасгаж байгаа гэж ойлгож болно.
Давтамж болон түүнд зарцуулж байгаа хугацаа нь ойрхон байвал хамааралтай болно л гэсэн үг. Мөн стрессээ зөвхөн нэг аргаар тайлна гэдэг оновчгүй.
-Сүүлийн жилүүдэд хүмүүсийн цахим хэрэглээ нэмэгдэж, утас амьдралын салшгүй нэг хэсэг боллоо. Тэгвэл энэ үед дэлгэцэд донтохгүйгээр утсаа хэрхэн ашиглавал зохилтой вэ?
– Хүн бүр утас, интернэт ашиглаж сураад цаг алдалгүй мэдээ мэдээллийг авах боломжтой боллоо. Энэ нь нэг талаараа хөгжил. Гэхдээ өөртөө болон нийгмийн хөгжилд хэрэгтэй зүйл хийж байна уу?гэдэг нь чухал. Өөрийгөө бүтээлч зүйл хийж байгаа эсэхээ шалгахад өөр харагдана. Хэрэв хүүхэд, залуучууд гар утсаараа үр ашиггүй цагийг өнгөрүүлээд байвал тэр хуучны утасгүй байсан үеэсээ дордоно. Гар утасгүй байсан үедээ хүмүүс нэг зүйлд донтохгүй гадуур гарч найз нөхөдтэйгөө уулзах, биеийн тамираар хичээллэх, ном унших зэрэг ямар нэгэн үр ашигтай зүйлийг хийнэ. Бид одоо цагт цаг хугацаагаа хэрхэн зохицуулах вэ гэдгээ л мэддэг байх хэрэгтэй.
Гэхдээ дэлгэцийн донтолт ихсэж байгаа учраас гар утас хэрэглэхээ болилоо гэж хэлэх нь боломжгүй.
Тиймээс гар утасны үр ашигтай хэрэглээг л бий болгож, хэрэгцээгүй зүйл хийхгүй байж чадвал дэлгэцийн донтолт том асуудал биш. Дэлгэцийн донтолт даамжраад байвал цаашлаад улс орны хөгжилтэй холбоотой асуудал ч яригдах боломжтой. Хийж бүтээх насан дээрээ залуучууд утсаараа тоглоод, цагаа үр ашиггүй өнгөрөөж, амьдралын хэв маяг нь идэвхгүй болбол нийгэмд том эрсдэлтэй.
-Хүмүүс эрхэлж байгаа ажил, өдөр тутмын амьдралын хэв маягаасаа шалтгаалж стресс, депресст өртөж байна гэдэг. Энэ тохиолдлуудад өөрийгөө ядраахгүйгээр шийдвэрлэх энгийн арга гэж бий юу?
-Сэтгэцийн эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүд хамгийн түрүүнд ажил амралтаа зохицуулахыг зөвлөдөг. Эрт унтаж амарч байх хэрэгтэй. Ээлжийн ажил хийдэг бол ажлаасаа буусныхаа дараа нойроо бүрэн авах хэрэгтэй. Мөн өдөр тутамд ямар нэгэн асуудал гарсан бол удаахгүйгээр тухайн үед нь шийдвэрлээд явах нь зөв юм.
Зарим хүмүүсээс анзаарагдаж буй зүйл гэвэл эмчид ирж үзүүлээд ядаргааны асуудлаа намжаачхаад эмнэлгээс гарсныхаа дараа эмчийн зааврыг дагахгүйгээр эргээд хуучин хэвшилдээ орчихдог. Энэ нь ямар ч үр ашиггүй үйлдэл юм. Тиймээс эм ууж, эмнэлгээр явахгүйн тулд эрүүл хооллож, хангалттай нойр авч, асуудлыг гүнзгийрүүлэхгүйгээр дор дор нь шийдэх хэрэгтэй.
Т.Хүслэн
Сэтгэгдэл бичих