"Өвлийн оргил ачааллаар 70-80 Мвт-ын чадлын дутагдалд орно"


9-р сарын 27
17 цаг 27 минут

"Өвлийн оргил ачааллаар 70-80 Мвт-ын чадлын дутагдалд орно"Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх энэ өвлийн оргил ачааллын үеийг эрчим хүчний салбар давж гарахад бэлэн эсэх болон эчим хүчний үнэ тарифыг нэмэх асуудалд ямар байр суурьтай байгаагаа илэрхийллээ. Тэрбээр хэлэхдээ,  "Эрчим хүчний үнэ тарифын өөрчлөлтийн асуудлыг Эрчим хүчний зохицуулах хороо хараат бусаар шийдвэр гаргадаг. Эрчим хүчний зохицуулах хорооноос одоогоор албан ёсоор эрчим хүчний үнийг хэдэн хувиар нэмэгдүүлэх талаар шийдвэр гаргаагүй байна. Цахилгаан эрчим хүчний тарифын шинэчлэл гарцаагүй хийгдэнэ.  Харин цаг хугацааны хувьд хэзээ вэ гэдэг л асуудал байна.  Үнэ тарифыг нэмэгдүүлэх асуудлыг олон талаас нь судалж Монгол банк,  Үндэсний статистикийн газар,  хэрэглээний үнийн индекс инфляцид хэрхэн нөлөөлөх талаар тооцож судалгаа хийнэ. Мөн хэрэглэгчдийн төлбөрийн чадварыг харгалзан үздэг.

Одоогийн байдлаар эрчим хүчний үнийг хэзээнээс хэдэн хувиар нэмэгдүүлэх талаарх байр сууриа эцэслэн ирүүлээгүй байна.Үнэ тарифын асуудал дээр бие дааж шийдвэр гаргадаг байгууллагын хяналтад бий. Үнэ тарифын хувьд 19 төрлийн үнэ тариф хэрэглэж байна. Олон улсад байдаг л жишиг. Хэрэглэгчийн  төлбөр, хэрэглээтэй холбоотой болон системд үзүүлдэг нөлөөтэй холбоотой ялгаатай байдлаар үнэ тарифыг тогтоодог.

Төлөвлөсөн ажлуудаа цаг хугацаандаа хийж чадаагүйгээс үүдэн эрчим хүчний салбарт олон хүндрэл үүссэн. Олон улсад амжилттай хэрэгжиж байгаа тэр бүтцээр эрчим хүчний салбар ажиллаж байна. Монгол Улсын эрчим хүчний салбарт бусад улс оронд байхгүй онцлог бий. Нийт хэрэглээний бүтцийг харвал ахуйн хэрэглээ зонхилж байна.

Ахуйн хэрэглээ зонхилох нь салбартаа олон сөрөг нөлөөлөл авчирдаг. Тухайлбал, бидний яриад байгаа оргил ачаалалыг бий болгодог.  Ерөнхийдөө 17-21 цагийн хооронд ачаалал 20-30 хувиар нэмэгдэж, бусад үед нь тогтворждог. Энэ хэрэглээний огцом өсөлтийг хангах асуудал Монгол Улсын эрчим хүчний салбарт тулгамдаж байгаа асуудал.

Үнэндээ бусад цагуудад эрчим хүчний салбар чадлын дутагдалд ордоггүй. Зөвхөн өвлийн оргил ачааллын цагаар чадлын дутагдалд орж хэрэглээгээ хангаж чадахгүй байна. Хэрэглээний өсөлт бидний тооцлосноос өндөр хувиар бий болж байна. Энэ бол сайн үзүүлэлт.  Эдийн засаг өсч байгаа хамгийн сайн үзүүлэлт эрчим хүчний хэрэглээний өсөлт байдаг. Сүүлийн жилүүдэд зарим улиралд эрчим хүч 10 орчим хувиар өсч байна. Энэ өсөлтийг хангахын тулд юу ч хийлгүй суугаагүй.

Сүүлийн дөрвөн жилд Монгол Улсын эрчим хүчний салбарын хүчин чадлыг 417Мвт-аар  өсгөсөн. Энэ дотор уламжлалт технологитой эх үүсвэр ч бий, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ч бий. Энэ жил гэхэд Дорнодын ДЦС-ыг 50 Мвт-аар хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар Бөөрөлжүүтийн ДЦС-ыг 150 Мвт-ыг ашиглалтад хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна.

Өөрөөр хэлбэл, энэ өвлийн их ачааллаас урьтаж Монгол Улсын эрчим хүчний салбарын суурилагдсан эрчим хүчний чадлыг 200 Мвт-аар нэмэгдүүлж байна. Гэсэн хэдий ч оргил ачааллын цагуудад хэрэглээний өсөлт давж байна.  Энэ жилийн гаргасан тооцооллоор оргил ачааллыг давахад 70-80 Мвт-ын чадлын дутагдалд орохоор байна. Хэрэв оргил ачааллын цагуудад ийм хэмжээний өсөлт гарвал ижил хэмжээгээр буюу  70-80 Мвт-аар хязгаарлалт хийнэ. Хязгаарлалт хийхдээ урьдчилан мэдэгдэж цахилгаан хязгаарлана. Хязгаарлалтыг хоёр янзаар хийж байна.  Нэгдүгээрт,хэрэглэгчилтэй тохирч ачааллаа бууруулна. Энэ бол тийм хүндрэлтэй асуудал биш. Томоохон үйлдвэрүүд яагаад оргил ачааллын цагуудад ээлжээ сольж, хэмнэлтийн горимд шилжиж, үйлдвэрлэлийн хэмжээгээ бууруулж болохгүй гэж. Ийм боломж байдаг. Энэ бол олон улсад байдаг арга механизм. Хүндрэлтэй нөхцөл байдлаас гарахын тулд ийм шийдлийг санал болгож байна.

Нөгөө талдаа өнөөдрийг хүртэл Тавантолгой дулааны цахилгаан станц, Багануурын цахилгаан станцыг барьж чадахгүй байгаа. Учир нь энэ жижиг зах зээлийг дотоодын ААН-үүд хоорондоо булаацалддаг. Тухайлбал Тавантолгойг хэн авна, тэр хүнд ашигтай учраас хөрөнгө оруулагчид хоорондоо өрсөлдөж, төсөл явуулахгүй гацаадаг.

Тавантолгой дулааны цахилгаан станцын асуудал өнөөдөр шүүхийн маргаантай явж байгаа. Барих компаниа тодруулж чадахгүй уягдчихсан байна. Мөн Багануурт цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэх зөвшөөрлийг нь өгсөн боловч өрсөлдөгч компани гарч ирснээс болж ажил явагдахгүй гацаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Улсын хэмжээнд аравдугаар сард 40800 тонн АИ-92 шатахуун импортолжээ3 цаг 3 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо10 сар 20. 11:13Хиймэл оюун ухааны далд үнэ10 сар 20. 11:05Нөмрөгийн Дархан цаазат газар учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээнэ10 сар 20. 10:57Шатахууны хомсдолтой холбоотой 431 маргаан бүртгэгджээ10 сар 20. 10:55Мөнххайрханы мөсөн гол хайлж, эх авдаг нууруудын хэмжээ ч багасжээ10 сар 20. 10:53Индонез Улстай эм, вакцины зохицуулалтын чиглэлээр хамтран ажиллана10 сар 20. 10:51Францын зарим хотод өнөө шөнө хөл хорих цаг тогтоожээ10 сар 20. 10:39Хуурамч мэдээллийг түгээдэг хамгийн том дайсан нь улс төрчид байсан бол үүн дээр технологи нэмэгдэж байна10 сар 20. 10:38ХҮҮХДҮҮДИЙГ ЗАДАЛЖ, ХӨГЖҮҮЛЭХЭД АНХААРДАГ10 сар 20. 10:31Өвөлжилтийн бэлтгэл 90 хувьтай ч 2,000 гаруй өрх цахилгаангүй байна10 сар 19. 10:59ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГИЙН БАРУУН БҮСИЙН САЛБАР ХОВД АЙМАГТ НЭЭГДЛЭЭ10 сар 19. 10:25
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.