ҮАГ: 83.3 сая тонн нүүрс экспортолж чадахгүй болох эрсдэл байна


9-р сарын 26
15 цаг 46 минут

ҮАГ: 83.3 сая тонн нүүрс экспортолж чадахгүй болох эрсдэл байнаТөрийн аудитын байгууллага нь Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл болон холбогдох төсвийн төсөлд аудит хийж, дүгнэлтээ өчигдөр /2024.09.25/УИХ, Засгийн газарт хүргүүлсэн байна.

Засгийн газар Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл болон холбогдох хуулийн төслүүдийг өнгөрсөн наймдугаар сарын 30-нд УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Хуульд зааснаар Үндэсний аудитын газар /ҮАГ/ нь Монгол Улсын ирэх оны нэгдсэн төсөв болон холбогдох төслүүдэд есдүгээр сарын 25-нд багтаан дүгнэлт гаргах үүрэг хүлээсэн байдаг юм.

ҮАГ-аас 2025 оны төсөвт хийсэн дүгнэлтэд дараах зүйлийг анхаарах шаардлагатай гэж үзжээ.

  • Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийн 6.1-д заасан Төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах зардалд төлөвлөгдсөн үнэт цаас, гадаадын зээл тусламжаар санхүүжих хөрөнгө оруулалтын 2,035.0 тэрбум төгрөгийн зардлыг хуулийн төсөлд эдийн засгийн ангиллын дагуу тусад нь төлөвлөх,
  • Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлд эргэж төлөгдөх нөхцөлтэйгөөр олгосон цэвэр зээлийн буцаан төлөлт 332.0 тэрбум төгрөгийг хуулийн төсөлд эдийн засгийн ангиллын дагуу тусад нь төлөвлөх,
  • Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслийн “сайн дураар даатгуулагчаас төлөх шимтгэлийн орлого 279.3 тэрбум төгрөгийг 16.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 295.8 тэрбум төгрөгөөр, бусад орлого 53.2 тэрбум төгрөгийг 16.5 тэрбум төгрөгөөр бууруулж, бүлэг хооронд залруулан төлөвлөх,
  •  Нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламжийн дүн 36,830.5 тэрбум төгрөгийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх мөнгөн хөрөнгийн хүүгийн орлогын 55.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 36,885.5 тэрбум төгрөгөөр тооцох, холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар төлөвлөлтийн уялдааг хангах шаардлага байна гэж үзсэн байна.
  • Мөн Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл нь урт хугацааны хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцсэн боловч улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг батлаагүйгээс түүнд чиглэсэн эсэхийг дүгнэх боломжгүй байна.
  • Төсвийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-д заасны дагуу төсвийн төслийн танилцуулга мэдээллийг хуульд заасан дарааллын дагуу, иж бүрэн байдлаар ирүүлэх шаардлагатай байна. Тухайлбал, Төсвийн гүйцэтгэлд нөлөөлж болзошгүй эрсдэлийн үнэлгээ гэж заасан байхад эрсдэлийн тойм мэдээг ирүүлсэн,
  • Төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээ, түүнд шаардагдах орц, хүрэх үр дүн, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтээр ирүүлсэн боловч тэдгээртэй холбогдсон тайлбар танилцуулга бүрэн бус, санхүүжилтийг нь зогсоох болон багасгах хөтөлбөр, арга хэмжээний жагсаалт, түүний төсөвт үзүүлэх нөлөөлөл, тайлбар ирүүлээгүй байна.

83.3 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЖ ЧАДАХГҮЙ БОЛОХ ЭРСДЭЛ БАЙНА 

Уул уурхайн салбараас 2025 оны төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн орлого БНХАУ-ын эдийн засгийн байдал, үл хөдлөх хөрөнгийн салбарын болон коксжих нүүрсний эрэлт багасах, уул уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүний зах зээлийн үнэ буурах зэрэг гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр тасалдах эрсдэлтэй, төсвийн эх үүсвэрийн дутагдлыг бусад салбараас нэмж бүрдүүлэх боломж хомс байна. Олон улсын шинжээчдийн таамаглалаар дэлхийн зах зээлд 2025 онд өмнөх оноос тонн тутамд зэсийн дундаж үнэ 500.0 ам.доллароор өсөх бол алтны үнэ унц тутамд 350.0 ам доллароор, тонн тутамд төмрийн хүдэр 20.0 ам.доллар, нүүрсний үнэ 35.0 ам.доллар, газрын тосны үнэ баррель тутамд 5.0 ам.доллароор тус тус буурах төлөвтэй байна.

Төмрийн хүдрийн экспортын биет хэмжээг 9.0 сая тонн, борлуулах үнийг 65 ам.доллар байхаар 2025 оны төсвийн төсөлд тусгажээ. Гэтэл төмрийн хүдрийн 2024 оны хүлээгдэж буй гүйцэтгэл 8.4 сая тонн, найман сард бодит гүйцэтгэлээр 4.8 сая тонн төмрийн хүдрийг экспортод гаргасан байна. Мөн 2025 онд нийт 83.3 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн бөгөөд үүний 37.9 сая тонн буюу 45.5 хувийг "Эрдэнэс Тавантолгой" ХК дангаараа эзэлж байна.

Монгол Улс 2024 оны найман сарын бодит гүйцэтгэлээр 55.4 сая тонн нүүрс экспортолсноос тус компани 21.6 сая тонн нүүрсийг экспортолсон нь ирэх жилийн зорилтод түвшинд хүрэхэд хүндрэл үүсэж болзошгүй юм.

ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ 

Монгол Улсын Засгийн газраас экспортын зах зээлийг өргөжүүлэх, хилийн боомтуудын дэд бүтцийг нэмэгдүүлж, ачаа нэвтрүүлэх процессыг хөнгөвчлөх зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр экспортын хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Үндэсний аудитын газраас 2023 онд “Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүн”-д хийсэн гүйцэтгэлийн аудитаар “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар цааш дамжуулах өртөөдийн тээх, нэвтрүүлэх хүчин чадал, тээвэрлэлт хийх хөдлөх бүрэлдэхүүн хүрэлцээгүйгээс суурилагдсан хүчин чадлынхаа 18.6 хувийг ашиглахаар, Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын хувьд хил холболтын цэгийг урьдчилан тохиролцоогүйгээс төмөр замаар хил дамжуулан тээвэрлэлт хийх боломжгүй зам болсон байна” гэж дүгнэсэн.

УИХ-ын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын 2024- 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх 14 мега төслийн 1-т Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг 2025 онд барихаар төлөвлөсөн. Тус төслийг хэрэгжүүлснээр нийт экспортын хүчин чадал 40 сая тонноор буюу Гашуунсухайт-Ганцмод боомт 20 сая тонн, Ханги-Мандал боомт 10 сая тонн, Шивээхүрэн Сэхээ боомт 10 сая тонноор нэмэгдэж, экспортын орлого 2 дахин, төмөр замаар нүүрс экспортлох хүчин чадал 3 дахин, зорчигч болон ачаа тээврийн нэвтрэх хүчин чадал 2 дахин нэмэгдэж, тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэх, зорчигчид ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэхээр байна. Иймд төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй эрчимжүүлж, гүйцэтгэлд хяналт тавьж ашиглалтад оруулснаар нүүрсний борлуулалтыг нэмэгдүүлэхэд түлхэц өгнө.

 "ОЮУТОЛГОЙ"-ГООР 62.5 ТЭРБУМЫН ТАТВАР НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ШИЙДВЭР ХЭРЭГЖЭЭГҮЙ

“Эрдэнэт үйлдвэр”ийн 33.1 тэрбум,” Оюутолгой”-н 62.5 тэрбумын татварыг нөхөн төлүүлэх Засгийн газрын зүгээс уул уурхайн салбарын бүтээгдэхүүнээс бий болох үр өгөөжийг бүрэн дүүрэн ашиглахад анхаарч дагалдах ашигт малтмалд ногдох АМНАТ-ын орлогыг бүрэн төвлөрүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай байна. Тухайлбал, Татварын ерөнхий газраас хийсэн хяналт шалгалтаар тогтоосон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2016-2018 оны татварын ногдуулалт, төлөлттэй холбоотой нийт 33.1 тэрбум төгрөгийн, “Оюутолгой” ХХК-ийн 2013-2020 оны татварын ногдуулалт, төлөлтөд дагалдах элементтэй холбоотой 62.5 тэрбум төгрөгийн татварыг төлүүлэх шийдвэр одоог хүртэл хэрэгжээгүй шүүхийн маргаан хянан шийдвэрлэх шатанд байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хэрэгжсэнээр ашигт малтмалын экспортын ил тод, нээлттэй байдал, түүнд тавих олон нийтийн хяналт сайжирч, далд эдийн засгийг бууруулах эерэг үр дагаврыг бий болгосон нь төсвийн орлогын бүрдүүлэлтэд эергээр нөлөөлөхөөр байна.

Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд татварын бус орлогыг 2024 оны тодотголоор баталсан дүнгээс 0.4 хувиар бууруулж, 1,924.8 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн байна.

Татварын бус орлогыг өмнөх оны гүйцэтгэлтэй харьцуулж үзэхэд дараах орлого тасарч болзошгүй байна.

Үүнд, дэлхий нийтийг хамарсан Covid-16 цар тахлын нөлөө, ОХУ, Украйны дайн зэрэг хүндрэлүүдээс шалтгаалан 2019 оноос 2022 онд олон улсын нислэгийн хөөрөлт, бууралтын тоо болон навигацийн орлого буурсан бөгөөд 2024 оны долдугаар сарын байдлаар нийт 36,740 өнгөрөлтийн нислэг үйлдэгдсэн нь 2023 оны мөн үетэй харьцуулахад 74 хувиар өссөн үзүүлэлттэй боловч зардлын дүн өсөж төсөвт төвлөрүүлэх орлогыг бууруулсан байна гэжээ.

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг дараах холбоосоос үзнэ үү. https://open.audit.mn/reportSingle/12176.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Бархасбадь гаригийн дагуул дээр амьдрал орших эсэхийг судална10 сар 15. 17:14Өмнөд Солонгостой холбогддог авто замын зарим хэсгийг Умардын тал дэлбэлжээ10 сар 15. 17:14Дэлхийн банк хамгийн ядуу 26 орныг нэрлэжээ10 сар 15. 17:13Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөр: Aтомын цахилгаан станц ашиглах бодлого хэрэгжүүлнэ10 сар 15. 17:12Хотын даргын орлогчоор Т.Даваадалай, А.Амартүвшинг томилжээ10 сар 15. 16:01Хүний хөгжлийн индексээр 10 байр урагшлах зорилт дэвшүүлжээ10 сар 15. 15:58"Регистрийн дугаар олголт 1983 онд эхэлж, 1988 онд дууссан юм. Олон жилийн хөдөлмөр орсон"10 сар 15. 15:53Авто тээврийн мэргэшсэн механикч, инженерийг өндөр түвшинд сургаж эхэллээ10 сар 15. 15:52Дэлхийн хэвлэл мэдээллийн VI чуулганд 106 орны төлөөлөгч оролцож байна10 сар 15. 15:44Монголын самбочид ДАШТ-ээс 14 медаль хүртжээ10 сар 14. 15:30Э.Золзаяа: МАН хотыг сэргээнэ гэсэн. Шалтаг тоочихгүйгээр мөрийн хөтөлбөрөө бодитоор биелүүлэхийг хүлээх л үлдлээ10 сар 14. 15:27"Цас орохоор зуны дугуйтай тээврийн хэрэгслийн жолооч нар удаан явж түгжрэл үүсгэдэг зэргээс шалтгаалж өвлийн дугуйг зөвлөөд байгаа юм"10 сар 14. 15:26
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.