Жижиг улсын аюулгүй байдлын баталгаа нь ЭРХ ЧӨЛӨӨ ба ЭНХ ТАЙВАН!


9-р сарын 4
16 цаг 52 минут

Жижиг улсын аюулгүй байдлын баталгаа нь ЭРХ ЧӨЛӨӨ ба ЭНХ ТАЙВАН!Газар зүйн байрлалаа зөөлнөөр дүгнэл Монгол Улс их гүрнүүдийн дунд оршдог жижиг агаад жийргэвч орон. Хатуугаар хэлбэл “хадны дундах” хавчуурга улс. Импорт, экспортын хувьд Бээжингээс, эрчим хүч, бензин шатахууны хувьд Москвагаас хараат амьдардаг. Бээжин эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд аман хүзүүддэг бол Москва газрын тосны экспортоороо хоёрт бичигддэг. Тусгаар тогтносон, ардчилсан Монголд ах гэж үгүй, дайсан гэж үгүй. Орос бидний ах биш, Хятад бидний дайсан биш. Орос, Хятад нь Монголын хөрш орон, иж бүрэн стратегийн түншүүд юм. Монгол Улс гадаад харилцаандаа олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн, төвийг сахисан бодлого хэрэгжүүлдэг. Иймээс хөршүүдтэйгээ эн тэнцүү, гуравдагч орнуудтай эн дүйцэхүйц харилцаж ирсэн нь үндэсний аюулгүй байдлаа хамгаалах, дипломат аргаар тусгаар тогтнолоо баталгаажуулж буй ур ухаан юм. Товчхондоо энэ амьд үлдэх заль, гоёор хэлэх юм бол “алтан аргамжаа” аж.

Даваа гаригийн үдэш Улаанбаатарт хөл тавьсан Кремлийн эзний 24 цагийн хугацаатай айлчлал монголчуудын төдийгүй дэлхийн анхаарлын төвд байлаа. Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойн зочноор уригдаж ирсэн ч Путины айлчлалын гол зорилго нь өөр агуулгатай байсан ч биз. Тэглээ гээд тэр нь Монголын ашиг сонирхол байх ёсгүй юм. Монголын ашиг сонирхол бол монголчуудын амар амгалан орших, ардчилад хүний эрх, эрх чөлөөгөө хадгалах, тусгаар улсын бүрэн бүтэн, аюулгүй байдлаа хамгаалахад чиглэгдэх учиртай. Хойд хөршийн Царь Монголд айлчлах товоо зарлахтай зэрэгцээд монголчууд ирсэн зочноо баривчлан саатуулах эсэхийг гадаадын улс орнууд анхааралтай харж байсан ч байх. Монголчууд эрт дээрээсээ урьсан зочин, ирсэн гийчнээ хүндэтгэн угтдаг. Энэ ёс ёмбогор, төр төмбөгөр болсон. Эрт дээрээсээ “итгэлийн хөсөрдүүлж, элчийг алахыг хамгийн бузар явдал” гэж үздэг, Эзэн Богд Чингис хаан эв найрамдал, энх тайвнаар зэрэгцэн оршихыг эрхэмлэдэг байсан. Хорезмийн хаант улс Монголын элчийг алсны дараа ихэд хилэгнэж тус улсыг дайлаар мордсон нь улс гүрний албан ёсны элч, төлөөлөгчийн халдашгүй дархан байдлыг дэлхий нийтэд түгээж, ойлгуулсан тухай түүхийн ном сударт бичигдсэн байдаг.

Мэдээж, жижиг улсын зовлон их. Жийргэвч орны хувьд Монгол гурван нүүдлийн цаадахыг харж тоглох ёстой. Гэхдээ энэ нь ирсэн зочноо хүндэтгэх угтах тухайд болохоос нохой шиг зассан хүндээ янаг ханд гэсэн “их засаг” биш юм. Монгол ОХУ-ын де-юре улс байхаа болиод 30 гаруй жил өнгөрч байна. Ардчилсан хувьсгал ялснаар Монгол жинхэнээсээ тусгаар тогтносон, улс төр, эдийн засгийн хувьд бие даасан, парламентын засаглалтай ардчилсан улс болсон. Ардчилалд алдаа, оноо бий ч Монголд ганц ухаалаг, том дарга хэрэггүй болохыг Путины айлчлалаас монголчууд олж харсан, ойлгосон ч биз. Хамгийн ойлгомжтой нь ганц цэцнээс илүү 126 тэнэг байсан нь дээр, энэ нь Монголын аюулгүй байдлын баталгаа юм байна. Ардчилсан Үндсэн хуулиар парламентын засаглалыг сонгосон нь, ҮХНӨ-өөр парламентын гишүүдийн тоог 126 болгосон нь амьд үлдэх хар хайрцагны бодлого болж чадсан байна.

В.Путины айлчлалын гол зорилго нь Монголын эрчим хүчний салбарт хийх реформ болох нь төвөггүйхэн уншигдсан. Халх голын ялалтын ойг зорьж ирсэн атал Халх гол очилгүйгээр буцсаны нь учир Засгаас зарласан мега төслүүд байв.

Шинэ Засгийн газраас ирэх дөрвөн жилд 14 мега төсөл хэрэгжүүлэхээ зарласан агаад үүнд эрчим хүчний либералчлал багтсан. Монгол Улс эрчим хүчний эрх чөлөаг олоод зогсохгүй, экспортлогч орон болох нь улс төр, эдийн засгийн хувьд Орост ашиггүй. Иймээс Путин айлчлалын товоо гэнэт зарлаж, монголчууп ганзага хоосон буцаахгүйн тулд ДЦС-3-ын өргөтгөлийг УИХ-ын байнгын хороод яаралтай горимоор хэлэлцсэн нь тохиолдлын зүйл биш. Кремлийн эзний айлчлалаар “Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл, төсөв боловсруулах тухай” хоёр улсын хэлэлцээрт гарын үсэг зурж, Эгийн голын УЦС-ыг онцгойлон анхаарч, “Байгал нуур, Сэлэнгэ мөрнийг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай” санамж бичиг байгуулсан. Шулуухан хэлэхэд энэ хоёр төсөл хэрэгжихгүй гэсэн үг. Тэгээд ДЦС3-ын өргөтгөлийг 1.5 тэрбум еврогоор хэрэгжүүлснээр шинээр цахилгаан станц барих төсөл хэрэгжүүлбэл бүтэх магадалтай байж мэднэ. Монголын мал махыг шүлхийтэй гэж сэжиглэдэг, дэлхийд эсрэг явуулга байнга хийж ирсэн ОХУ-ын төрийн тэргүүн “Монгол Улсаас Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудад гаргах мал аж ахуйн гаралтай 375 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн импортын татвараас бүрэн чөлөөлөх” тухай ярьсан нь монголчуудад өгөх аяганы хариу биш. Дайны цэргүүдээ л хооллох зорилго агуулж буй нь нэн ойлгомжтой. Путины айлчлалаар яригдсан асуудал Монголд эдийн засаг талаасаа ямар ч ашиггүй болсон. Орос-Монголын гадаад худалдааны 95 хувийг хойд хөрш эзэлдэг. Энэ нь, Орос Монголоос юу ч авдаггүй гэсэн гэсэн үг. Тэрчлэн айлчлалаар яригдсан нэг сэдэв нь боловсролын салбарын хамтын ажиллагаа байв. Дашрамд хэлэхэд, ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт үндсэн гадаад хэлээр англи хэлийг сонгох өөрчлөлтийг хийсэн Засгийн газрын бодлого цагаа олсон хамгийн зөв шийдэл байжээ.

“Манай мөнхийн хөрш ОХУ нь даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжил, хүн төрөлхтний сайн сайхны төлөөх их үйлсэд манлайлал үзүүлэн, дэлхийн улс орнуудын итгэлцэл, харилцан хүндэтгэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна”. Энэ бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Путинд хандсан үг. Өнгөцхөн харвал Оросын удирдагчид тал зассан мэт боловч цаанаа гүн гүнзгий утга агуулсан нь уншигдсан, сонсогдсон. Орос даян дэлхийн энх тайвны төлөө дайнаа зогсоох ёстойг диплоамат аргаар сануулсан нь гадаад талдаа Монголыг зөв харагдуулах гэсэн тактик нь болов уу. Үгэн дотор үг дайдаг монгол ухаан билээ.

Ардчилсан тусгаар улсын хувьд Монголын иргэд Путиныг эсэргүүцэж, жагсах нь Үндсэн хуулиар олгосон эрх нь юм. Авчиг эцэг хуулиар олгосон эрхээ эдэлсэн иргэдээ баривчилж саатуулсан нь Монголыг гадаадад илүү муухай харагдуулсан байх. Ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлнэ гэж амлалт өгч, парламентын сонгуульд 42 суудал авсан АН хууль хүчний ихэрхэл, иргэдийн эрх чөлөөний эсрэг баривчилгааг нүдээ аниад, амаа хамхиад өнгөрсөн нь бүр эмгэнэл байв. АН цагтаа ардчиллын баталгаа болдог байсан. Атал одоо АН өөрөө ардчиллын дайсан болсон байна.

Уг нь жижиг улс орны аюулгүй байдлын баталгаа цэрэг арми биш. Хүний эрх болоод эдийн засгийн, эрчим хүчний эрх чөлөө юм.

Жич: Монгол Улсад ардчилал, эрх чөлөөг авчирсан, зах зээлийн эдийн засгийг суурийг тавьсан, Их өрийн тэглэж, оросуудын дарамтаас салгасан, Оюутолгойн гэрээг байгуулж, Монголын тусгаар тогтнолыг эдийн засгийн аргаар баталгаажуулсан, “Эрдэнэт”-ийг зуун хувь Монголын өмч болгоход хүчин чармайлт гаргасан хүмүүст хүрлээр хөшөө босгосон ч багадана.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

М.Золбоо: Таван шарын нүхэн гарцын зам дээр түгжрэл үүсээд буй нь бүрэлдэхүүн хэсгийн ажил дуусаагүйтэй холбоотой9 сар 20. 15:00Мүн Жэ Ин Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг буруутгав9 сар 20. 15:00Яармагийн бүсэд автобусны шинэ чиглэл нэмэгджээ9 сар 20. 14:58Зеленскийн шинэ төлөвлөгөөтэй Байден танилцана9 сар 20. 14:57Илиа Мазанэк: Чех Улсад жил бүр 1,000 монгол иргэн ажиллуулдаг байсан. Энэ оноос квотыг нэмэгдүүлж 3,000-д хүргэсэн9 сар 20. 14:56Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд оролцоно9 сар 20. 14:55"Зээлжих зэрэглэл өссөнөөр 14 мега төсөл хэрэгжих боломжтой"9 сар 20. 14:54“Найрамдлын 75 жил” гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ9 сар 20. 14:53Европын парламент Э.Гонсалесийг Венесуэлийн ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрчээ9 сар 20. 14:52И.Маскийн ажилтнууд К.Харрисыг илүүтэй дэмжиж байна9 сар 19. 15:53Энэ амралтын өдрүүдэд хоол зүйч, сэтгэл зүйч нар бүх насныханд зориулан үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө9 сар 19. 15:05Авлигатай тэмцэх зөв ч хэлмэгдүүлж болохгүй9 сар 19. 15:04
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.